Ерөнхийлөгч төсвийн хуульд хориг тавих нь гарцаагүй гэнэ

Авахгүй гэх хэрнээ хаячихаж бас чадахгүй хэд хоног тийчилсэн эрхэм гишүүд алдарт 250 сая төгрөгөө сайд нарын багцад хийж байж санаа нь амран төсвийн төслөө ярсхийтэл баталж орхилоо. Парла¬ментын гадна ч, дотор ч багагүй эсэргүүцэлтэй тулсан 250 сая төгрөгийн шуугиан ирэх оны төсөв батлагдсантай зэрэгцээд чимээгүй болчихгүй нь бололтой.

Ерөнхийлөгчийн Тамгын газар хавиас авсан мэдээллээр бол энэ хууль Төрийн тэргүүний хоригт нухлуулж мэдэх нь. Албаны эх сурвалж Ерөнхийлөгч хориг тавих нь гарцаагүй хэмээн өгүүлж байна.
Өнгөрсөн жил 2006 оны улсын төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд өмнө нь нууж хааж авсан 10 сая төгрөгөө даруй 10 дахин нэмэгдүүлэн ичих эрээлэх юмгүй өөрсдөдөө хуваарилуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч мөнөөх хуульд бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Гэвч цагаандаа гарсан УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан дүр эсгэж, гишүүн тус бүрийн 100 сая төгрөгөө Шадар сайдын багцад хийснээр зүсийг нь хувиргаж орхисныг эрхэм уншигчид санаж буй биз ээ. Өөр тогоонд хийсэн ч өөрсдөө л халбагадсан нь тодорхой болсон.

Өнөө жил ч энэ аргандаа гаршсан, бас амташсан эрхэм гишүүд маань өмнө авсныгаа 2.5 дахин нэмэгдүүлж, аанай л зүсийг нь хувирган өөр тогоо руу хайнгадуухан мэт чулуудаж орхилоо. Тэр их мөнгөний хувь заяаг Ерөнхийлөгчийн хориг чиглүүлээд өгөх биз ээ. Гэвч сонгуулийн өмнөх жил шуударсан, цагаандаа гарсан эрхмүүд хоригийг хүлээж авахгүй болов уу. Ерөнхийлөгч Н.Энхбаяр өдгөө ОХУ-д айлчилж яваа. Түүнийг ирэхэд 2007 оны улсын төсвийн тухай хууль өргөн баригдана. Хуульд зааснаар Ерөнхийлөгч ажлын тав хоногт багтаан хориг тавих учиртай. Тэгэхээр энэ сарын дундуур Ерөнхийлөгчийн хоригийн эргэн тойронд парламентад болон улс төрийн бусад төвшинд яриа хөөрөө өрненө гэж албаны хүн хэлж байна. Авлигатай тэмцэнэ гэж сүүлийн үед дориухан дуугарах болсон Ерөнхийлөгч Н.Энхбаяр гишүүн бүрт шууд бусаар хуваарилсан 250 сая төгрөг мэтийн улс төрийн авлигыг таслан зогсоох ёстой гэж үзэх биз ээ.

Ардын эрх сонин 236 /514/
Т.Тунамал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button