Бензин оруулж ирдэг компанийн захирлууд ингэж хэлж байна

ОХУ-ын Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг арваннэгдүгээр сард 38 ам.доллараар бууруулсантай холбоотойгоор тус улсын нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниуд шатахууныхаа үнийг 24-64 ам.доллараар хямдруулсан. ОХУ-ын Роснефть компаниас шууд хамааралтай байдаг манай шатахуун импортлогчид нефтийнхээ үнийг мен адил бууруулаад байгаа.
Шатахууны үнэ өслөө гэх мэдээг олонтаа сонссон бол энэ удаад хэрэглэгчид буурсан тухай мэдээг тун баяртайгаар хүлээж авав. Шатахууны үнэ өнгөрсөн баасан гаригт 40-80 төгрөгөөр хямдарсан тухай манай сонин мэдээлсэн. Гэвч зарим шатахуун түгээх газрууд бензин, түлшнийхээ үнийг бууруулаагүй байна гэсэн гомдол хэрэглэгчдээс гарах болов.
Тиймээс нефть импортлогч компаниудын удирдлагуудаас энэ талаар тодрууллаа.

НИК ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сүхбаатар
-Манай компани хөдөө орон нутагт шатахууныхаа үнийг 5-30 төгрөгөөр бууруулсан. Хэрэглэгч-дийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулж, Хөвсгөл, Говьсүмбэр, Дорнод, Увс, Өмнөговь, Дархан-Уул, Орхон гээд арав орчим аймагт шатахууныхаа үнийг буурууллаа. Ямар ч байсан он дуустал шатахууны үнийг нэмэхгүй. Шинэ он гартал шатахууны үнэ тогтвортой байх нь гэж ойлгож болно.

Петровис компанийн дэд захирал Б.Алтанцэцэг
-Манай компани өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шатахууныхаа үнийг 30-80 төгрөгөөр бууруулсан. Аи-80 бензиний үнийг 760-820 төгрөг болгосон. Дизель түлш 1010-1020 төгрөг байсныг 955-990 төгрөг болголоо. Шатахуун түгээх станцуудынхаа байршлаас хамаарч үнийг харилцан адилгүй буулгасан байгаа.

Алтжин компанийн орлогч захирал н.Буянжаргал
-Манайх шатахууныхаа үнийг 10-50 төгрөгөөр бууруулсан байгаа. Тухайлбал Аи-80 өмнө нь 840 төгрөг байсан бол өнөөдөр 750-800 төгрөгөөр зарагдаж байна. Аи-92 шатахууныг 910-940 төгрөгөөр зарж борлуулж байгаа. Дизель түлш өмнө нь 1020 төгрөг байсан. Одоо 950-980 төгрөг болж хямдарсан. Зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу үнийг бууруулсан. Он дуустал хямдарсан тарифаараа үйлчлэх байх. Шатахууны үнийг бууруулсаар байтал хэрэглэгчдээс яагаад ийм гомдол ирж буйг мэдэхгүй байна гэв.
Магнайтрейд компани ч шатахууныхаа үнийг бусдынхаа адил 10-40 төгрөгөөр бууруулсан байв.
Нефть импортлогчид ийн өгүүлж байна. Шатахууны үнэ 10-40 төгрөгөөр буурна гэдэг хэрэглэгчийн халаасан дахь мөнгө хөөрхөн хэмнэгдэж байгаа гэсэн үг. Юутай ч шатахууны үнэ өслөө гэх сургаар үнийн хөөрөгдөл үүсгэдэг ченжүүд энэ удаа бараа таваарынхаа үнэд хэр өөрчлөлт оруулах вэ гэдэг л хэрэглэгчдэд сонин байгаа юм.

Ардын эрх сонин 236 /514/
Ж.Ням

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button