Чингис хаан ба түүний өв залгамжлагчид үзэсгэлэнгийн нээлт Туркт болов

Айлчлалын явцад сайд Л.Одончимэд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Турк улсын Сабанжигийн музейд зохион байгуулж буй Чингис хаан ба түүний өв залгамжлагчид үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож үг хэлэв.

Түүнчлэн манай төлөөлөгчид Истанбул хотын Хөдөлмөр зуучлалын албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав. Уг байгууллага хөдөлмөр зуучлал, мэргэжлийн сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоо болон хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж, эрэлтэд нийцүүлэн ажиллах хүчин бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Л.Одончимэд сайд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хувьд Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээр зочилж тус байгууллагын Ерөнхийлөгч ноён Тэкин Кучукалитай уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уг уулзалтын үр дүнд Туркийн УХС нийгэмлэгийн зүгээс Монгол Улсын гамшгийн бүсийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж туслалцаа үзүүлэхээр болов. Хоёр тал ажлын хэсгүүд байгуулж хамтын ажиллагааны чиглэлээ тогтохоор тохиролцов. Улаан хавирган сар Нийгэмлэгийн Ерөнхийлөгч 2007 онд Монгол Улсад айлчлахаар болов гэж Анкара дахь манай ЭСЯ-наас мэдээлэв.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button