Зуучлах товчоо-ны Д.Сүхбаатар агсны залуу эхнэр эцгийнхээ өвийг залгамжлахаар Америкаас ирсэн хоёр хүүхдэд нь нүүр өгөлгүй буцаажээ

Түмэн амьтанд буян болж замыг нь тэгшилж өгснийхөө хэрээр хурааж хуримтлуулсан хөрөнгөн дээрээ хүссэнээрээ туйлж амжилгүй цагаасаа эрт явчихсан тэрээр зарим нэгэн шиг цагаан гарлаж биш үзэх юмаа үзэж байж амжилтанд хүрсэн хүн. Өвөрхангайн Арвайхээрийн банкинд насаараа цэвэрлэгч хийсэн Долгор гэж хөгшнийд хажуу айлын эмэгтэй нь хүүгээ үлдээгээд явсан нь талийгаач. Тухайн үед харьцангуй цаг сайхан байсан болохоор Долгор хөгшин ах дүүс, айл хөршийнхөнтэйгээ хүч хавсарч нялх жаахан хүүгээр хүн хийж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн юм билээ. Төрсөн тэлсэн дээрээ биш ч хүний хүмүүс дээр төрснөөс нь дуталгүй өссөн түүнтэй Их сургуулийн оюутан том эр болсон хойно төрсөн эх нь уулзах гэж Сэлэнгээс ирэхэд нь уулзахгүй гээд явуулж байсан аж. Хэдийгээр төрсөн эх нь өөр хүнтэй ханилж дүү нарыг нь төрүүлсэн ч Д.Сүхбаатар агсан харьцдаггүй байсан байна. Харин Арвайхээрийн төвд тоос татуулан өсөж том болсон тэр он жилүүдэд өөрт нь хүү шигээ дүү шигээ ханддаг байсан хөршийнхнийхөө тусыг үргэлж санаж Зуучлах товчоо-ны захирал болсон хойноо гадаад явъя гэснийг нь явуулж, мөнгө төгрөгний тусламж хүссэнд нь өгөөд явуулдаг байж. Тэр дундаа өргөж авсан ээжийнхээ ах Чулуун гэж хөгшинд аав шигээ байдаг болохоор байнга л бэлэг сэлт өгдөг байсан тухай мэдэх нэг нь ярьдаг. Ер нь тэгээд амьтан хүний арга эвийг олохдоо гаргууд байсан түүнийг Хөдөлмөр сонинд сурвалжлагч хийж байсныг олон хүн мэднэ. Нэрт эрдэмтэн Чой.Лувсанжавын гарын шавь солонгос, англи, хятад хэлийг эх хэл шигээ эзэмшиж цөөнгүй ном зохиол орчуулсан Д.Сүхбаатар агсан экс ерөнхийлөгч Н.Багабандийн орчуулагчаар ажиллаж байсан. Бас Туул жин пан-гийн орчуулагч хийж байхдаа болох болохгүй юм дуулгасан гэх асуудалд орооцолдоод авч байсан. Түүнээс гадна бид л нарийн юмыг нь мэддэггүй болохоос биш Павел Корчаген гэх нууц нэртэй тэрээр улсын нууцтай холбоотой ихээхэн зүйлийг мэдэх манай чадалтай тагнуулчдын нэг байсан нь яах аргагүй үнэн. Ямартаа л Л.Одончимэд сайдын довтолгооноос тагнуулчийнхаа ур чадварыг ашиглаж бултаж байсан нь саяхных. Хувь хүнийхээ хувьд түүнийг таарамж муутай байсан Ши.Батбаяр нь тэрнээс өөр хүн байсан бол Солонгос рүү ийм олон хүн гаргах зөвшөөрөл авч чадахгүй байсан гэж үнэлдэгээс нь үзэхэд хэн байсан нь ойлгомжтой. Түс тас, за гэвэл ёсгүй зантай. Гэр бүлийн хувьд анхны амьдрал нь болж бүтэлгүй салж сарнисан ч хүү охин хоёрынхоо ирээдүйн төлөө экс эхнэртэйгээ хамтдаа хар багаас нь зүтгэжээ. Тиймдээ ч тэднийгээ багад нь Америкт сургаж, охин нь америк залуутай гэр бүл болон тэндээ суурьшсан байна. Харин хүүхдүүдийнх нь ээж хуучин эхнэр нь Дорнодын гурилын үйлдвэрт нягтлан хийдэг ажээ. Сая талийгаачийн ажил явдалд экс эхнэр нь Америкт амьдардаг хүүхдүүд нь, эх нэгтэй эцэг ондоотой дүү нар нь гээд бүхий л холбоо хамааралтай хүмүүс нь ирсэн. Хамгийн гол нь үр хүүхэд хамаатан садангууд нь цугларсан тэр өдрүүдэд талийгаачийн хөрөнгөнөөс хэн нь юу авч болох тухай ярилцсан байна. Тийм ч болохоор Д.Сүхбаатар агсны хоёр дахь эхнэр бага хүүхдийнх нь ээж Л.Энх хамаатнуудынх нь тиймэрхүү яриаг сонссондоо ч юм уу эсвэл ааш зан угийн муутай хүн болохоороо ч тэр үү талийгаачийн хүүхдүүд дүү нарт нь царай өгөлгүй дуугарч ядсаар байгаад явуулсан ажээ. Ямартаа ч энэ их хөрөнгийн асуудал хуулийн дагуу шийдэгдэх боловч, талийгаач бүгдийг нь эхнэр, хүүхэддээ гээд гэрээслэл бичиж үлдээгээгүй учраас хэл ам болох нь ойлгомжтой.

Д.Богема
Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button