Надад ДОХ халдаасан эмэгтэйгээс илүү өөрийгөө зүхэж үзэн ядаж байна

Хүн төрөлхтөний энх тунх амьдралд аюул нүүрлүүлж, харанга дэлдсэн ДОХ өвчний вирус тээгч Монголд 25 байдаг ч үүний цаана хэд байгааг хэн ч таашгүй. Бидний дунд ажиллаж амьдарч яваа тэдгээр 25 вирус тээгчийн нэгтэй бид уулзаж ярилцлаа. Энэ өвчнийг өөрөөсөө хаа холын юм шиг санаж явсан цэл залуухан энэ эрийг харсан хэн ч аюулт өвчний нян тээгч гэж харахааргүй. Гадаад хэлтэй, өндөр боловсролтой, хаанаас нь ч харсан боловсон байрын энэ эр өөдрөг амьдрал гэж ярих боловч гуниг харамсал нүд сэтгэлээс нь илт мэдрэгдэж байлаа. Энэ өвчнөөр өвдөөд жил гаруй болж байгаа гэх тэрээр өнөөдрийг хүртэл халдвар авсан хүнээ мэдэхгүй байгаа нь сэтгэл сэртхийлгэж байв. Бусдын адил амьдралд тэмүүлж, хайрлаж дурлаж яваа тэрээр хайртай бүсгүйтэйгээ амьдрал зохиож үр хүүхдийн асуудлаа хүртэл ярьж байгаа гэсэн.

-Ид залуу нас, амь амьдралыг чинь залгиж ирсэн ДОХ-ын вирус таныг хэрхэн өөрчилсөн бэ?
-Эхлээд нэг хүсэлт байна. Та бүхэн дахиж битгий ДОХ гэж яриач гэж гуйя. Энэ бол хүний дархлал хомсдолын вирус буюу ХДХВ. Би ХДХВ-ын халдвар аваад жил гаруй болж байна. Мэдээж найз, нөхөд гэр бүлийн зүгээс өөрчлөлт гарч байгаа ч тийм их айхтар өөрчлөгдсөн, нийгмээс гадуурхагдаад байгаа юм алга. Миний хувьд хуучнаараа ажлаа хийгээд, амьдралаа болгоод, гэр бүлийнхээ хүрээнд амьдарч явна.

-Мэдээж вирус тээгч гэдгээ сонсох амар байгаагүй байх. Гэхдээ анхны эмэгтэй Монголд шинжилгээ өгөөд итгээгүй, гадаадад очиж өгч итгэсэн гэдэг?
-Би өөрөө сайн дураараа шинжилгээ өгч хариугаа сонссон. Өгөхдөө сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан учраас цочирдож хүлээж аваагүй. Айж, балмагдсан юм байхгүй. Тэгээд хувь заяатайгаа эвлэрсэн гэх үү дээ.

-Тэгвэл сэтгэлийн зовлон шаналлаа онгойтол уудлахаар хүн тийм ч олон байгаагүй байх?
-Надад позитив(халдвартай) найзууд ч байгаа, энгийн сайхан найз нөхөд ч бий. Одоохондоо манай гэрийнхэн энэ талаар мэдээгүй байгаа. Хэлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Би нас биед хүрчихсэн, өөрийн гэсэн амьдралтай хүн. Хэлсэн тохиолдолд мэдээж маш их айж цочирдох байх. Өнөөдөр манай нийгмийн сэтгэл зүй, энэ өвчнийг хүлээж авах түвшин ямар байгаа билээ. Үнэхээр аймшигтай, зурагтаар тураалд ороод үхэж байгаа Африкийн өлсгөлөн хүмүүс шиг л үхчихдэг юм шиг ойлгодог. Тиймээс би гэр бүлийнхэндээ энэ талаар яримааргүй байна. Харин сэтгэл зүйн бэлтгэлтэй болж, нөхцөл нь бүрдсэн тохиолдолд хэлж болох юм.

-Залуу хүн болохоор танд хамтран амьдрагч юм уу сэтгэлтэй бусгүй байдаг байх. Тэр хүнд вирус тээгчтэй бэлгийн хавьтагч гэдгээ сонсох гун гүнзгий сэтгэлийн хямрал байсан нь ойлгомжтой. Эсвэл таныг бүр орхисон уу?
-Байлгүй яахав. Халдвар авчихлаа гэхээр нийгмээс ангид гаж хүн болчихгүй шүү дээ. Адгуусан чанартай ч болчихож байгаа юм биш. Хүн л болсон хойно хайрлаж дурлаж, илж таалалгүй л яахав дээ. Надад найз хүүхэн бий. Түүндээ хэлсэн. Үнэн зөвөөр хүлээж авсан. Ойлгодог. Үр хүүхэдтэй болно гэдэг асуудлыг хоёр тал тавьж байна. Бид хоёр эхлээд юун дээр түшиглэх ёстой, юуг анхаарах ёстой гэдгээ ярилцах ёстой. Тэгж байж амьдрал зохиох тухайгаа ярилцах байх. Найз бүсгүй маань 3 сард нэг шинжилгээ өгдөг. Халдваргүй хүн л дээ.

-Энэ хорвоод сайхан сэтгэлтэй хүмүүс олон. Гэхдээ таны найз бүсгүйг үнэхээр ховор сайхан сэтгэлтэй, сэтгэлийн хаттай эмэгтэй гэж ойлгож байна. Тэр эмэгтэйд биднээр дамжуулан хэлэх сэтгэлийн үг танд бий байх?
-Тийм ээ, тийм. Иймэрхүү асуудлыг ойлгоод, дэмжээд, хамт сэтгэл санаагаа хуваалцаад явна гэдэг тэр хүнд ч мэдээж хэцүү, дарамттай байдаг байх л даа. Гэхдээ одоохондоо надад тийм зүйл мэдрэгдээгүй байна. Танай сониноор дамжуулан Чамдаа хайртай шүү, чинийхээ сэтгэлийн дэмээр би өдий зэрэгтэй, ажил амьдралтай өөдрөг яваа шүү. Чамдаа маш их баярладаг шүү гэж хэлмээр байна. Түүнд хэлэхгүйгээр тэр хүнтэй найзлаад явбал юунд хүрэх вэ гэж би бодож үзсэн л дээ. Тэгээд нэг өдөр сууж байгаад ярьсан. Эхлээд мэдээж цочирдсоон. Гэхдээ ойлгож хүлээж авсан.

-Энэ халдварыг авсан хүн даарч хөрч, ханиад хүрч болдоггүй, эм, эмчилгээнд их мөнгө шаардагддаг гэдэг. Таны хувьд эмчилгээний зардлаа өөрөө гаргадаг уу?
-Миний бие одоохондоо маш сайн байгаа. Өөдрөг амьдрал ТББ надад тусладаг. Хүн л юм хойно их ажиллавал ядардаг. Би өөрөө хэлний чиглэлийн мэргэжилтэй. Эрүүл мэнд, эмийн үйлчилгээ авах тал дээр жирийн хүмүүстэй нэгэн адил нийгмийн даатгалаараа эмчилгээгээ хийлгэдэг. ДОХ-ын өвчлөлийн шатандаа орсон хүмүүс вирусын эсрэг эмчилгээ авдаг. Энэ эмчилгээний зардлыг ЭМЯ-аар дамжиж олон улсын Глобаль сангаас гаргадаг. Миний хувьд энэ шатандаа ороогүй байна.

-Вирус халдаасан хүнээ, тэр хар өдрийг та үзэн яддаг уу?
-Тэр хүнийг үзэн ядахаасаа илүү би өөрийгөө зүхэж үзэн нддаг. Би өмно нь тэр өвчин надаас хол юм шиг санаж, надад л тусчив гэж бодож явдаг байснаа нуугаад яахав. Авсныхаа дараа би яагаад авчихав аа гэж бодож байсан. Тэрнээс тэр хүнийг зүхээд яахав. Алдаа хийсэндээ харамсдаг, өөрийгөө зэмлэдэг, буруушаадаг. Нэгэнтл алдаа хийсэн юм чинь одоо өөрийнхөө хэмжээнд түүнийгээ засч залруулах гээд явж байна.

-Тэр Монгол хүн үү, гадаад хүн үү?
-Тийм, Монголын иргэн.

-Одоо Монголд байдаг уу?
-Би хэнээс авснаа одоо хүртэл мэдэхгүй байгаа ш дээ. Хэн ч байж болно шүү дээ. Санаатай, санамсаргүй олон тохиолдлууд байдаг. Тухайн үед бэлгэвч хэрэглээгүй, бүрэн бүтэн байдал нь алдагдсан эсэхийг би сайн мэдэхгүй байна.

-Сайн дураараа шинжлүүлсэн, сэтгэл зүйн бэлтгэлтэй байсныг бодоход өөрийгөө мэдэж байжээ?
-Тийм, би мэдэж байсан л даа. Би өмнө нь ДОХ-ын талаар маш их уншиж байсан. Иймэрхүү нөхцөлд хүмүүс юуг анхаардаг байх ёстой, яах ёстой талаар интернэтээс мэдээлэл их авдаг байсан. Тэгээд ер нь нэг өгөөд үзье гэж бодсон. Тэрнээс албан шахалтаар өгөөгүй.

-Уучлаарай, таны ярианаас бэлгийн замбараагүй амьдралтай байж гэж ойлгогдлоо. Хавьтал бүрийнхээ хэдэн хувьд нь бэлгэвч хэрэглэдэг байсан юм бэ?
-Үгүй үгүй. Тийм юм байхгүй. Хэнд ч тохиолдлын бэлгийн хавьтал байдаг. Тухайн үед нөхцөл байдал ямар байснаас бүх зүйл шалтгаалдаг. Тэр өдөр архи хэтрүүлж уусан байж болно, бэлгэвч хэрэглээгүй байж болно. Бэлгэвчний ямар нэг механик гэмтэл гарсан байж болно. Тэрнээс биш би бэлгийн замбараагүй амьдралтай, мансууруулах бодист донтогч биш. Эрсдэлтэй зан үйл гэдэг шүү дээ. Тийм юм байгаагүй ээ. Хавьтал бүрт бэлгэвчтэй байсан үгүйгээ өмнө нь тооцож үзээгүй юм байна. 10 тохиолдол байлаа гэхэд 3, 4-д нь л бэлгэвч хэрэглэж байсан байх. Ер нь манай залуучууд бэлгэвч хэрэглэх талд их доогуур түвшинд шүү дээ.

-Та сая хэнээс халдвар авснаа мэдэхгүй байгаа гэлээ. Энэ нь хавьтагчдыг олж илрүүлэх тандалт судалгаа амжилтгүй байдаг гэсэн үг үү?
-ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба гэж байдаг. Тохиолдол гарч ирлээ гэхэд шат шатандаа асууж лавладаг л даа. Хэнээс авчихав хэнтэй хавьтав гэх мэтээр. Үүнийг хувь хүн үндсэн хууль болон бусад хууль эрхийн актуудад заасны дагуу хэлэх албагүй. 2-рт, энэ чинь хүний эрхтэй холбоотой. 3-рт энэ байгууллагын үйл ажиллагаа нь хувь хүний хэрэгт хэтэрхий их ороод байгаа. Хатуухан хэлэхэд тандалт судалгаа гэдэг асуудал ХДХВ-ын халдвар гарч ирсэн тохиолдолд учир дутагдалтай. Өөр тохиолдолд жишээлбэл биеэ үнэлэгчид болон мансууруулах бодист донтогчдын дунд шинжилгээ судалгаа хийсэн бол илүү үр дүнтэй байх байсан болов уу. Тэгж явдаг ч биз.

-Та биеэ үнэлэгчидтэй хавьтаж байсан уу?
-Үгүй.

-Хавьтагчдаа хэлэх албагүй гэдэг чинь дэндүү аймшигтай, амиа хоохойлсон сонсогдож байна. Энэ өвчний эсрэг тэмцэх үүднээс хэлэх ёстой юм биш үү?
-Тэгж болно л доо. Гэхдээ би вирус авсан хавьтлаа хэн бэ гэдгийг мэдэхгүй байгаа учраас тэр, энэ гэж тааж хэлэх утгагүй биз дээ.

-Та хавьтсан хүмүүсээсээ хичнээнийг нь шинжилгээнд оруулсан бэ?
-Өөрийнхөө мэдэж байгаа бүх хүмүүсийг оруулсан. Тэдэн дундаас илрээгүй.

-ДОХ авсан зарим хүмүүс хувь заяандаа гутрах, нийгэмдээ өширхөх, хорсох тал байдаг гэсэн. Таны хувьд?
-Надад нийгэмдээ, бусдад өширхөх эрх байхгүй. Тийм хүмүүс байдаг байж болох юм. Гэхдээ надтай тийм хүн дайралдаж байгаагүй. Тэгвэл тэр хүн өмнө нь энэ өвчний талаар бодолцож, урьдчилан сэргийлэх нь яасан юм гэж асуумаар байна л даа.

-Энэ өвчинд мэдээж төгсгөл ирнэ. Та юу хийе, яаж амьдаръя гэж бодож байна?
-Өөдрөг амьдрахын төлөө тэмцэж байна. Хэдийгээр халдвартай амьдарч байгаа ч гэсэн хүнээс гажаад, өөр болчихсон юм байхгүй. Адилхан л хүний ёоор амьдарч, ажиллаж баина. Цаашид ийм хүмүүсийнхээ төлөө ажиллана гэж бодож байна. Өнөөдөр манай залуусын дунд бэлгийн замбараагүй амьдрал маш их байна. Бэлгэвчний ач холбогдолыг ухаарахаасаа өмнө энэ өвчний халдварыг авчих вий гэж бодохгүй байна. Хэрэв үүд хаалгаа нээгээд өгвөл халдвар авахад бэлэн байгаагаа ойлгох хэрэгтэй. Тохиолдлын бэлгийн хавьтлын үед заавал бэлгэвч хэрэглэ. Найдвартай ганц хавьтагчтай бай гэж хэлмээр байна. Яах гэж амьдарч байгаа амьдралын утга учраа ойлгож амьдраач ээ гэж хэлмээр байна. Энэ халдварыг авахаасаа өмнө би залуу хүний дэврүүн сэтгэлээр амьдралыг хардаг байсан бол халдвар авснаасаа хойш амьдрал улам утга учиртай санагддаг болсон. Мод ургамал цэцэг навчаа дэлгэх хүртэл утга учиртай ургадаг, амьдардаг юм байна гэж бодох болсон. Та өөрөө л сэргийлэх хамгаалах ёстой. Өөр хэн сэргийлэх юм бэ?

-Анхны тохиолдлын эмэгтэй шүдний сойзоо нуудаг, цус гаргахаасаа маш их болгоомжилдог гэж ярьж байсан. Таны хувьд амьдралдаа өдөр тутам баримталдаг хэвшсэн зуршил юу вэ?
-Надад бусад хүмүүсээс ялгарахаар гоц гойд эрүүл ахуйн дэглэм гэж байхгүй. Би хэрэглэдэг юмаа хэрэглээд, татдаг тамхиа татаад, тодорхой хэмжээнд уудаг архиа уугаад явж байна. Их ууна ч гэж юу байхав, баяр ёслолын үеэр тохирох хэмжээгээрээ уудаг. Тэрнээс айхтар аминдэм уугаад байгаа юм алга. Эрүүл ахуйн дэглэмийг сайн баримталдаг. Ямар нэг байдлаар дам бус замаар контакт авна гэж байдаг. Тийм тохиолдлуудаас өөрийгөө маш сайн хамгаалдаг. Тодорхой хэмжээгээр витаминжуулалт, томууны вакцин, дархлаа сайжруулах бэлдмэлүүдийг уудаг. Хувь хүн өөртөө арчаатай байвал өөрийн эрхгүй өвдөөд, яс арьс болтлоо турж эцээд байдаг өвчин биш. Тодорхой үе шат гэж байдаг. Хамгийн сайн анхаарал тавих юм бол 17-20 жил ч амьдрах боломжтой. Анхны тохиолдлын эмэгтэйг би сайн мэдэхгүй. Манай байгууллага дээр ганц хоёр удаа ирж уулзаж байсан.

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button