Чөтгөрийн анчин Уго Чавес ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Сонгуульд түүнтэй Венесуэлийн нэгэн мужийн захирагч байсан, нэг насаар ах Мануэль Росалес өрсөлдсөн бөгөөд тэрээр ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Чавес өрсөлдөгчөө янкуудын зарц гэж нэрлэж байв. Росалес Чавесыг куба маягийн дахин шүтлэгт дэглэм тогтоож байгаа гэж шүүмжилж байлаа. Олныг татах увидастай Чавес цуглаан дээр бүжиглэж, дуулж, шүлэг уншиж олон түмэн түүнийг рок од мэт хүлээн авдаг. Росалесын цуглаан дээр бас олон мянган хүн ирдэг байсан ч тэрээр ядуусын дуртай Чавесыг ялна гэдэгт итгэж өгөхгүй байсан юм. Тэдний хоорондын саналын зөрөө нь санал асуулгуудаар багасч байсан ч 20 хувиас доош буугаагүй билээ.

СИСТЕМИЙН ГАЖИГ

Мануэль Росалесийн талынхан ялагдал хүлээснийхээ дараа өрсөлдөгч нь тэмдэгтэй хөзрөөр тоглож байсан гэхэд хилсдэхгүй. Венесуэлийн Үндэсний чуулган гэхэд л дан ганц Чавесийн талынхнаар дүүрсэн. Учир нь өнгөрсөн жил сөрөг намынхан Ерөнхийлөгчийн талд ашигтай сонгуулийн системийг эсэргүүцэн парламентын сонгуульд оролцоогүй юм. Канадын улс төр судлаач В.Торресын бичснээр сонгуулийн системийн энэ гажиг одоо ч байгаа ажээ. Сонгуулийн төв комиссийн гишүүд нь Чавесынхан. Тэд санал хураалтын жагсаалтад нас барсан олон зуун хүн, нэр хаяггүй XIX зуунд төрсөн хүмүүс ч ороод байх жишээтэй. Зарим мужид сонгогчдын тоо нь оршин суугчдаасаа олон байна гэж улс төр судлаач ярьж байна.

Сонгуулийн явцыг Европын холбоо, Америкийн орнуудын лигийн ажиглагчид хяналаа. Харин шүүмжлэгч нар ажиглагчдаар Чавес өөрийн талыг дэмждэг хүмүүсийг авчран тэдний хөлс мөнгийг Венесуэлийн нефтийн доллараасаа төлж худалдан авсан гэж байгаа. Ажиглагчид албан ёсоор эсэргүүцэл гаргавал эсрэг ажиллуулах зорилгоор үүнийг хийсэн гэнэ.

ЯЛАЛТ…

Сонгууль шударга болсон ч Уго Чавес ялах магадлал өндөр. Дунд ба дээд анги түүний дэглэмийн шахалтад байгаа бол Венесуэлийн ядуус эргэлт буцалгүйгээр түүнийг дэмждэг. Ядуус тус орны хүн амын тал хувь бөгөөд Чавес тэдэнд зориулан үнэ төлбөргүй эмнэлэг, сургууль байгуулж, хямд үнэтэй хүнс, бараагаар тусалж байдаг. Түүний дэглэм худалдааны мухлагийг хүртэл ухуулах байр болгосон гэж шүүмжлэгчид нь хэлдэг. Энд бас тайлбар бий. Барааны сав суулга нь гэхэд л Үндсэн хуулийн ишлэлээр гоёсон байх жишээтэй. Одоогоор шүүмжлэгч нар ярьж хэлэх боломж нь хувийн телевиз, сөрөг сонин байгаагийнх. Чавес явцын дунд тэнд ч хяналтаа тогтооно гэсэн сөрөг хүчнийхний айдас байсаар байгаа. Өөрөө ч тийм боломжийг үгүйсгэхгүй байгаа билээ.

Уго Чавесын талынхан нийслэлд сонгуулийн ялалтаа тэмдэглэж байна. Олон мянган хүн оролцсон цуглаан дээр Уго Чавес хэлэхдээ, бид Венесуэлд социализм байгуулах шинэ үе ирлээ гэв. Венесуэл дэлхийд нефтийн экспортоор эхний тавд ордог. Нефтийн үнэ Чавесыг эрх барьж байх цагаар арав дахин нэмэгдсэн. АНУ гэхэд л энэ жил Венесуэлийн нефтийн үнэд барагцаалбал 37 тэрбум ам. доллар зарцуулах ёстой. Зах зээлийн үнэ өндөр байгаа цагт Чавес асар их мөнгийг нийгмийн хэрэглээнд зарцуулах боломжтой. Үүнээс гадна олон улс дахь нэр хүндээ ихэсгэхэд бас л нефть, долларыг цацаж байна. Тэрээр Урагвайд 400 сая ам.доллар амласан бөгөөд Ямайкийн замын сүлжээг засварлахад нэг тэрбумыг гаргаад байна. Мөн Антигуа, Доминиканы нисэх буудлын шинэчлэлд 17 саяыг өгсөн юм. Куба, Боливид оруулсан мөнгийг хэмжих аргагүй. Хэчнээн их зарлага гаргасан ч өнгөрсөн аравдугаар сард Венесуэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох дэмжлэгийг авч чадаагүй билээ.

Ардын эрх сонин 236 /514/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button