Марко Поло-гийн эзнийг нутаг руугаа оргоход прокурорууд тусалжээ

Монголын хууль мөнгөтэй хүнд үйлчилдэггүй гэж сэтгүүлчдийн өмнө хэлж байсан удаатай. Өөрийнх нь хэлснээр түүнд Монголын хууль үнэхээр үйлчилсэнгүй-
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн II хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Марко поло нэртэй шөнийн цэнгээний газрын эзэн, Италийн иргэн Б.Франческо мөрдөн байцаалтаас оргон зайлжээ. Түүнийг оргоход Улсын ерөнхий прокурорынхны нөлөөллөөр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ажилтнууд сулласан гэж энэ хэргийг шалгаж байгаа албаны хүмүүс үзэж байна. Учир нь өнгөрөгч гуравдугаар сард Улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд Марко поло-д мэдээллийн дагуу гэнэтийн шалгалт хийн буу, сэлэм, хайрцагтай сум, боодолтой эм бэлдмэл, монгол охидын тоглосон садар самууныг сурталчилсан дүрс бичлэг зэргийг хурааж авсан юм. Хууль бусаар ийм зүйл эрхэлж байсан түүнийг тухайн үед Ганцхудагт саатуулан, шалгаж эхэлсэн ч Улсын ерөнхий прокурорын газрын нэр бүхий ажилтнуудын оролцоотойгоор хяналт тавьж байсан прокурор нь сулласан гэдэг.

Ингээд зогсохгүй энэ үеэс Б.Франческогийн хэргийн харьяаллыг үндэслэлгүй өөрчилж хэргийг замхруулах операцийг эхэлжээ. Улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд Б.Франческод галт зэвсэг хууль бусаар олж авсан, хадгалсан, садар самууныг сурталчилсан, бусдыг зодож танхайрсан гэсэн Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар эрүү үүсгэн шалгаад бараг дуусч байхад Улсын ерөнхий прокурорын газраас энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн шийдвэр гаргажээ. Энэ нь эл хэргийг зориудаар замхруулах эхлэл болсон гэдэг. Үүнээс хойш энэ хэргийн шалгалт сунжирсаар Өршөөлийн тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг Сүхбаатар дүүргийн прокурор Баян-Очир өнгөрөгч намар гаргасан. Харин үүнийг цагдаагийн байгууллага хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэргийг сэргээн шалгаж байсан юм. Гэвч Б.Франческо сарын емне прокурорын байгууллагын ажилтнуудын оролцоотойгоор мөрдөн байцаалтаас оргон зайлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр бол Франческо нутаг руугаа гарсан байж болзошгүй юм байна.

Нэгэнт холбогдогч нь оргон зайлсан болохоор хэргийг түдгэлзүүлэх прокурорын шийдвэр удахгүй гарах юм байх. Ийм байдлаар прокурорын байгууллагын ажилтнууд удаа дараа Б.Франческог хамгаалан хэргийг нь замхруулж байгаа болохоор энэ хэргийг ингэсхийгээд хаахаас өөр зам байхгүй гэж албаны зарим хүн хэлж байлаа. Дашрамд дурдахад үүнээс өмнө прокурорын байгууллагаас Б.Франческод холбогдох найман удаагийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Тухайлбал монгол залуугийн духанд бууны бөгсөөр цохьсон, нохойгоор туулгасан зэрэг хэрэгтээ ямар ч ял зэм хүлээлгүй өнгөрсөн байна. Тэгсэн хэрнээ Б.Франческо өөрийгөө болон миний эхнэр Энх-Оюуныг нь цагдаагийнхан ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр барьж хорилоо гэж гомдоллон хэвлэлийн бага хурал хийлгэхдээ Монголын хууль мөнгөтэй хүнд үйлчилдэггүй гэж сэтгүүлчдийн өмнө хэлж байсан удаатай. Өөрийнх нь хэлснээр түүнд Монголын хууль үнэхээр үйлчилсэнгүй.

Ардын эрх сонин 236 /514/
Ц.Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button