УИХ-ын гишүүн З.Энхболд Ши.Батбаяр, Д.Сүхбаатар агсныг байнга дарамталдаг байсан

Хамгийн гол нь өчнөөн олон залуусыг Солонгос руу явуулж буян болсон нь хөдлөшгүй үнэн гэж УИХ-ын гишүүн З.Энхболд ярьж байна. Цагтаа ТӨХ-ны дарга явсан энэ эрхмийг ч Зуучлагч товчоо-ы хөрөнгө мөнгөнд санаархан талийгаачийг дарамталсан гэж ч ярих болсон. Энэ талаар З.Энхболд гишүүн ийн тайлбар өгч байна

-Зуучлагч товчоо-ны асуудалд таны нэр байнга холбогдож байх юм. Та талийгаач Д.Сүхбаатартай ямар холбоотой байсан бэ?
-Талийгаач Д.Сүхбаатар Арвайхээрийн хүн л дээ. Би УИХ-ын гишүүн болсныхоо дараа хаврын чуулганы дундуур талийгаач Д.Сүхбаатарт Манай аймгаас Солонгос явах хүсэлтэй залуус олон байх юм. Танайх очоод бүртгэл хийж болохгүй юу гэсэн хүсэлт тавиад цугтаа Өвөрхангайд очсон юм. Бид хоёр аймгийн театрт Солонгос явах хүсэлтэй хүмүүст яриа хийсэн. Зуучлах товчоо бүртгэлийн хураамж 10 доллараа хөнгөлөөд, нэлээд олон хүн бүртгэсэн. Тэр үед хэлний шалгалтгүй явдаг байсан. Бүртгүүлсэн хүмүүсээс нэлээд олон хүн Солонгос явсан. Бид ийм л ажил хэргийн харьцаатай улс. Өөр юу ч байхгүй.

-Та ТӨХ-ын дарга байхдаа талийгаачийг дарамталж Зуучлагч товчоо-ноос хувь эзэмшсэн юм биш үү?
-Ши. Батбаяр шал худлаа юм ярьсан байна лээ. Тэр бичиг нь намайг УИХ-ын гишүүн болсны дараа ТӨХ-нд ирсэн юм билээ. Намайг ТӨХ-ны дарга байхад ямар ч хувьцааны асуудал байгаагүй. Ши.Батбаяр ер нь гадаадад ажиллах хүч гаргах ажлыг дампууруулсан хүн шүү дээ. Зөөлөн эх-ийг яаж дампууруулсныг хүмүүс мэдэж байгаа. Болж байсан юмыг хахууль шаардаад өгөхгүй болохоор нь Ши.Батбаяр мөлхөө нэртэй сайд байхдаа будаа болгоод л хаясан. Тэрнээс болоод МАХН сонгуульд ялагдах нэг үндэслэл болсон шүү дээ. Гэтэл үүнээсээ сургамж ерөөсөө авахгүи юм. Талийгаач Д.Сүхбаатарыг ч тэр байнга дарамталдаг байсан. Тэр нь одоо ил болж байна шүү дээ. Тэр үед нь үүнийг нь мэдэх бололцоо байгаагүй. Дарамталж байгаад 75 хувийн эзэмших гэрээнд гарын үсэг зурсан нь одоо ойлгомжтой болж байна шүү дээ.

-Харин та л дарамталж байгаад 7S хувийг нь хуваалцсан юм биш үү?
-Тийм юм байхгүй. Цагдаа дээр шалгуулж байгаа хүн чинь би биш Ши.Батбаяр. Тэр 75 хувьд нь оролцоно. Би тийм эрхтэй гээд сонин сонин тайлбар хийсэн байна лээ. Сайд нь байсан хүн тэр салбарынхаа компанид хувь эзэмшинэ гэж юу байдаг юм. Наадах чинь зүгээр л авилгалын хэрэг. Манай хуулийн байгууллага учрыг нь олж чадах юмуу л гэхээс. Бас Зөөлөн эх шиг нь толгойг нь илээд явуулчих юм уу харж л байя.

-Өөрөө бол өөр л юм ярьж байгаа л даа?
-Юу гэж би өөрөө буруутай. Би нэхэж байгаад авчихсан юм гэж ярих юм. Ойлгомжтой шүү дээ. Хэрвээ тийм гэрээ олдоогүй бол цагдаа нар хэрэг үүсгэхгүй шүү дээ.

-Танд талийгаач хувь хөрөнгөнийхөө талаар юу ярьж байсан бэ?
-Тийм нарийн ширийн юм ярихаар танил байгаагүй. Манай нутгийн хүн. Миний тойргоос 250 гаруй хүн явуулж өгсөн. Би баярлаж байгаа. Яг тэрэнтэй адилхан Монгол улсын өнцөг булан бүрээс хүмүүс явж байгаа. Манай тэр хүмүүс Солонгосоос утсаар ярьдаг юм. Баярлалаа их тус болсон шүү гэж. Талийгаач надад Зуучлагч товчоо бол бизнес биш. Харин Монгол ньюс чинь л бизнесийн шугамаар явуулж байгаа. Манайх бол төрийн чиглэлээр явуулж байгаа ашгийн бус байгууллага гэж хэлж байсан.

-Зуучлагч товчоо-ны хувь хөрөнгийн асуудал ойлгомжгүй болчихлоо?
-Зуучлах товчоо төрийн өмчтэй байна уу, үгүй юу гэдэг нь ерөөсөө сонин биш. Хамгийн гол нь олон хүмүүсийг Солонгос явуулж буян болсон. Муур хар байна уу цагаан байна уу гэдэг чухал биш. Харин хулгана барьдаг байх нь чухал гэдэг шиг Солонгос руу 8000 хүн явж, ажилтай, цалинтай байгаа нь чухал. Энэ Засгийн газар ч гэж Засгийн газар Зуучлагч товчоо-г ашигтай бизнес гэж хараад байгаа. Зуучлагч товчоо бол ашиг олдог байгууллага биш. Үйлчилгээний байгууллага. Тэрийг нь мэдэхгүй бөөн мөнгөтэй газар байна гэж булааж авахаар дайраад байна шүүдээ. Л.Одончимэд ч дайрлаа. Ши.Батбаяр ч дайрлаа. Д.Сугар нь ч дайрлаа. 25 хувь болгоод, дараа нь 51 хувь болгоод дарамтлаад байхаар чинь хүний сэтгэл санаа яаж аятайхан байхав. Тийм биз дээ.

-Одоо энэ асуудлыг яаж шийдвэл зохих бол? Солонгост байгаа гэрээт ажилчдын асуудал байна?
-Тэрийгээ үймүүлснээр нь Л.Одончимэдээс л асуухгүй юу. Ямар ч байсан 75 хувь нь Ши.Батбаярын өөрийнх нь гаргасан тушаалын дагуу хувийн өмч. Тэр хувийн өмч рүү нь энэ шинэ Засгийн газар хутгалдан орж, булааж авах гэж оролдож байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа ажил. Ард иргэд төр засгаас юм гуйлгүйгээр өөрөө өөрийгөө болгоод, болоод амьдраад байна шүү дээ. Үүнд нь энэ Засгийн газар битгий саад болооч ээ. Зүгээр л ажилд нь саад болохгүй байхад ард иргэддээ буян болно. Болж бүтэж байгаа юмыг болж бүтэхгүй болгодогоо болиоч дээ. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Ц.Баярсайхан сайд байхдаа Д.Сүхбаатарыг дарамталж байсан юм ерөөсөө байхгүй. Ажил нь номоороо л явж байсан. Гэтэл эдний Засгийн газар гараад ирэхээр л хууль зөрчсөн үйл ажиллагаанууд гарч ирээд байна шүү дээ. Манай намаас мэдэгдэл хүртэл гаргаж байсан. Та нар энэ Зуучлагч товчоо-г зүгээр байлгаач. Наана чинь олон хүний ажил амьдралыг залгуулж байгаа газар шүү дээ гэж. Солонгос явсан 8000 хүн Монголын Засгийн газрыг ажил өг гэж шаналгасангүй, төрийн ордны гадаа ирж жагсаал цуглаан хийсэнгүй. Өөрийнхөө авъяас, чадвараар амьдраад байна. Энэ болгоныг хийж өгсөн байгууллагыг нураах тал руу нь яваад дууслаа л даа. Тэр 8000 хүний буцах билет нь бүгдээрээ эдний дээр байгаа. Тэр хүмүүс бүрмөсөн Монголд ирж байж Зуучлагч товчоо-ны үүрэг дуусна шүү дээ. Тэрийг нь ерөөсөө тооцохгүй юм. Нэг их ашигтай газар байна булаагаад авчихъя гээд дайраад байх юм. Юмныхаа учрыг олохгүй юм. Манай сайд нар хэзээ нэг хүн болдог юм байгаа юм.

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button