1690 төгрөг хулгайлаад 11 жилийн ял эдэлж байна

Тэрбээр хулгай хийснээс болж наймхан сартай бяцхан үрээ тэврээд хорих ангид ял эдэлж байна. 1650 төгрөг хулгайлсан идэр залуу охины амьдралыг гяндангийн бараан өдрүүдэд өнгөрүүлэх нь дэндүү харамсалтай бус гэж үү. Хоёр мянга хүрэхгүй төгрөгийн хэргийг ингэж шийдэж байхад хорь гучин саяын асуудлыг бол харин ч нэг хөнгөхөн шийдчихнэ биз. Аргагүй ч үгүй биз мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтэй нэгэнд монголын хууль үйлчлэх биш дээ. Хүн алчихсан, хулгай хийсэн, мөнгө төгрөг луйвардсан гэмт баячууд та бидний дунд байдаг. Хуулийн байгууллага тэдэнд үйлчлээгүй жишээ үй олноороо л байгаа. Бид мэдсээр, харсаар байж таг дуугүй, юм дуугарвал алуулчихна хэмээн айдас хүйдсийн дунд амьдарч буй нь ч цөөнгүй.
Ариунцэцэгийн тухайд гэвэл, тэрбээр наймдугаар ангиа төгсөөд хүний цүнхнээс косметик хулгайлаад жил нэг сарын ял явч эдлээд гарсан аж. Дараа нь иргэний бүртгэл мэдээллийн төвд хүний иргэний үнэмлэх авахаар очихдоо мөн л бусдын цүнхнээс хэтэвч хулгайлжээ. Тус хэтэвчинд 7900 төгрөг байснаас 1690 төгрөгөөр нь барааны саван, угаалгын нунтаг авсан гэнэ. Харин үлдсэн мөнгийг хэтэвчтэй нь эзэнд нь буцааж өгсөн юм байна. Ийм хэрэг үйлдээд л Ариунцэцэг 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Ариунцэцэг өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшин хорихоос өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэд хандан захидал бичсэн гэнэ. Өмгөөлөгч нь Ариунцэцэгийн талаар Улсын дээд шүүхийн даргад гомдол гаргасан ч гомдлыг хэрэгсэхгүй болгож буцаасан байна. Мөрдөн байцаалтын үед Ариунцэцэг насанд хүрээгүй, бие давхар байсан байна. Гэвч түүнийг насанд хүрсэн хүний эдэлбэл зохих ял оногдуулжээ. Ариунцэцэгийн хэргийг шүүгчид хуулийн дагуу шийдсэн ч хүнийг өрөвдөх сэтгэлгүй хүн гэж өмгөөлөгч нь ярьсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 145.4 зүйл ангиар яллажээ. Эрүүгийн хуулийн 145.4 зүйлд хоёр буюу түүнээс дээш удаа, эсхүл булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг. Гэтэл Ариунцэцэг нийгэмд ердөө 1690 төгрөгийн л хохирол учруулсан. Удаа дараагийн үйлдэлтэй хүнийг юунд нь өмөөрөөд байгаа юм бол гэж уншигч та бодож байж магад. Ариунцэцэг өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж дахин хулгай хийхгүй гэдгээ мэдэгдээд байхад түүний гуйлт, гэмшлийг дахин нэг авч үзэж болохгүй гэж үү. Анх хорих ангид ирэхдээ төрөөд дөнгөж 27 хоногтой нялх биетэй ирж байжээ. Уг нь нийгэмд яльгүй хохирол учруулсан, гэмт хэргийн яльгүй шинж чанартай хэргийг хэрэгт тооцохгүй байж болно гэсэн заалт байдаг аж. Тогоо шиг том гэдэстэй Ариунцэцэгийг уг заалтад хамруулж болохгүй байсан юм Полов уу. Эсвэл мөнгө төгрөг өгч хахуульдаж чадахгүй дорой нэгэн Оолохоор ямар ял оногдуулах нь хэнд хамаатай юм хэмээн хайхрамжгүй хандсан юм уу хэн мэдэхэв. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хорих ангид хүүхэдтэйгээ ял эдэлж буй гурван бүсгүй байдаг аж. Ядаж хүүхдийг нь хөхнөөс гартал нь гадуур байлгадаг болговол ямар бол. Өсч торних балчирхан насаа хорих ангийн харанхуй сүүдэрт өнгөрөөсөн бяцхан үрс том болоод ямар хүн болох нь ойлгомжтой санагдана. Хүн болох багаасаа гэдэг үг байдаг. Эх нь ялтай байсан ч хүүхдээ өсгөх хоёр, гурван жилийн хугацааг ээжүүдэд олгомоор байна. Ариунцэцэгт холбогдох хэргийн талаар дээд шүүхийн дарга дахин нэг харж үзээч. Үеийн багачуултай тоглож инээж хөхөрч явах ёстой хүүхдүүдээ хорих ангийн дөрвөн хананы дунд бүү хориоч ээ.

Д.Цацралт
2006.12.5 Өнөөдрийн монгол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button