Антибиотик буруу хэрэглэвэл өвчин хүндэрдэг

Ялангуяа бага насны хүүхдүүд. Тэд сургууль, цэдэрлэгтээ явах гэж гэрээсээ эрт гарна. Хичээл орох цаг нь болоогүй байвал гудамжинд тоглоно. Энэ үед даарч, бүр чичирч байсан ч түүнийгээ юман чинээ бодохгүй. Гэхдээ бүх хүүхдүүд биш шүү. Зарим хүүхдүүд эцэг, эхийгээ ажилдаа явсан хойгуур хичээлдээ явах гэж цагаасаа эрт гардаг шүү дээ. Үүний үр дагавар нь юу вэ. Тэд даарч, хөрснөөс болж ханиад, томуу тусч байна. Улмаар ханиад нь хүндэрч, хатгалгаа болж байгаа аж.
Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээний тасгийн их эмч И.Жаргалмаатай ярилцлаа.

-Гадуур ханиад, томуу их байгаагаас зарим цэцэрлэг хаалгаа барихад хүрээд байгаа гэх юм?
-Хүйтний улирал эхлэхээр ханиад, томуу эрс нэмэгддэг. Энэ нь агаарын бохирдолт ихсэх. Өрөө, тасалгааны агаарын нягтрал багасч, хүмүүсийн бөөгнөрөл ихэсч, вирусын орчин үүсч байгаатай холбоотой. Үүнээс болж ханиад, томуу, хатгалгаа, амьсгалын цочмог халдварт өвчиц эрс нэдмгддэг юм. Энэ байдал намрын сүүл сараас эхэлж, хавар хүртэл үргэлжилдэг. Харин дүн өвлийн улиралд өвчлөл арай гайгүй болчихдог. Вирус нь хүйтнийг тэсвэрлэхгүй үхээд. Одоо бол гадуур ханиад, томуу их байгаа нь анзаарагдаж байна. Бидний ажлын ачаалал нэмэгдээд. Ялангуяа, ханиад нь хүндэрч хатгалгаа болсон хүүхдүүд их ирж байна. Тэгэхдээ дан хатгалгаа биш. Давхар суулгалт өвчин хавсарч байгаа.
-Ачаалал нэмэгдсэн гэлээ. Ер нь, өрөө тасалгаа, орны хүрэлцээ хэр байна?
-Манай тасаг 95 ортой. Таван ор нь сэхээнд үлдсэн нь тасагт байдаг. Нэг хэсэг ор хүрэлцэхгүй хэцүү байлаа. Өвчтөний тоо 110 гараад. Тэр үед тасагт багтахгүй коридортоо ор засч хүндэрсэн хүүхдүүдээ авдаг байсан. Тэднийг чинь харсаар байж буцаалтай нь биш. Харин одоо бол өвчтөн орныхоо тоонд л байна.
-Гадуур байгаа ханиад хүндрэхээрээ хатгалгаа болдог гэлээ.
Танайд хандаж байгаа хүүхдүүд дандаа хүндэрсэн ирэх юм уу?
-Тэгэлгүй яахав. Тэгэхдээ хүндэрч байгаа шалтгаан нь өөр л дөө. Үүсгэж байгаа нянгаасаа болно. Мөн зарим хүүхэд суурь өвчтэй байхад нөгөө хэсэг нь ханиадаа буруу эмчилснээс болсон байх жишээтэй.
-Юу гэсэн үг вэ. Ханиадаа буруу эмчилсэн гэдэг?
-Манай эцэг, эхчүүд тариаг буруу хэрэглэдэг. Тухайлбал, хүүхдийнх нь хамраас нус гоожоод өндөр хэмтэй халуураад байвал эмчийн зааваргүй дур мэдэн антибиотик өгчихдөг. Тэгээд тэр нь эм биш хор болох тохиолдол цөөнгүй.
-Ихэвчлэн хэд орчим насны өвчтөн ирж байна?
-Нас харгалзахгүй. Нэг сартай нярайгаас эхлээд гурав, дөрвөн настай хүүхдүүд их ирж байгаа. Энэ насныхан нийт өвчтөний 70-80 хувийг эзэлж байгаа. Мөн насанд хүрэгчдийн тасгууд ч оргүй болчихоод байгаа юм билээ.
-Энэ ханиадны анхны шинж тэмдэг яаж илэрдэг юм бэ?
-Шингэн нус гоожих, өндөр хэмтэй халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, уйлах, амьсгаадах гэх мэт. Мөн ханиад нь хүндрээд ирэхээрээ хатгалгаа тусаж байгаа гэж дээр хэлсэн. Уушигны хатгалгаа хүндрэхээрээ бусад эрхтнүүддээ ч нөлөөлдөг.
-Хэрэв ханиад хүндрээгүй тохиолдолд ямар эм, тариа хэрэглэх нь зүйтэй вэ?
-Ханиад үүсгэдэг 400 гаруй төрлийн вирус байдаг. Тиймээс ямар вирусээр ханиад хүрсэн гэдгийг нь оношлох хэрэгтэй. Тухайн хүүхэд дархлаа султай, суурь өвчтэй, тураалтай байж болно. Тэгвэл ханиад нь нянгаар хүндэрч хатгалгаа болдог юм. Би дээр хэлсэн. Эмчийн зааваргүй антибиотик хэрэглэснээрээ өвчнөө намдаах биш улам хордуулна. Тиймээс эцэг, эхчүүд ханиадтай байгаа хүүхдээ хэвтрийн дэглэм сахиулаад шингэн сайн уулгах хэрэгтэй. Мөн зөгийн балтай сүү, аньсны ханд, тэжээллэг хоол, зэргээр эмчилж болно. Асаргаагаар ямар ч эм, тариагүйгээр ханиадыг эмчилж болдог. Тэгтэл манайхан жаахан л ханиалгахад эртхэн дарж авах гээд антибиотик уулгадаг нь маш буруу. Хэрэв тухайн хүүхдийн биед ямар нэгэн устгах нян байхгүй бол хэчнээн удаа антибиотик уусан ч хэрэг болохгүй. Харин ч биеийн дархлааг нь сулруулаад бусад өвчинд өртөмтгий болгодог.
-Ер нь сүүлийн үед ямар өвчтэй хүүхдүүд их ирж байна?
-Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд. Ер нь суурь өвчтэй хүүхдүүдийн өвчин эдгэрэхдээ их удаан. Харин сүүлийн хоёр, гурван жил улаан бурхан, кор, улаанууд өвчин гарсангүй. Харин халдварт шар, гахай хавдар их гарч байгаа.

Ц.Хулан
2006.12.5 Өнөөдрийн монгол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button