Баагий хийгээд хөөрхий сэтгүүлчид минь

Тэр богд бээр бас Нүгэл үйлдэх аргагүйгээр бүтээгдсэн хүнийг бурхан авралдаа багтаадаг гэсэн байдаг юм. Уншиж байсан зүйлээс эдгээр гэгээн мөрүүд миний санаанд сэргэсэн нь Ш.Батмөнхийн минь буянт, гэгээн цагаан зам мөрийх юм. Дээрх хоёр өгүүлбэр яг л Баагийд зориулж хэлсэн мэт санагдана. Түүний таалал барьсантай холбогдуулж өдөр тутмын бүх сонин зул бичсэн байна. Тэдгээрийг түүний шавь болох залуучууд нүдээ чийгтүүлэн, санаа алдан байж чин үнэнээсээ бичицгээжээ. Энэ бол ёстой өв тэгш, эв нийцэл юм. Шинран богдын энэ үг сүнстэй холбогдуулж хэлсэн боловч, буянт сайн хүн өнгөрөхөд ойр тойрондоо ч эв зохицол бий болгодгийг Баагийгийн зул батлан харуулав. Ер нь сайн хүн өнгөрөхөд хойноос нь баахан гэгээн сайхан дурсамж хөвөрдөг юм билээ. Б.Дашбалбарыг өнгөрөхөд, Жагдалын Лхавгааг өнгөрөхөд, бас алмас Батбаяр, С.Батмөнх, Ш.Уянга гээд өдий төдий сайн нөхдийг явж одоход хойноос нь ариун дурсамжийн гэгээн зул өргөж байсан. Энэ бол буян үйлдэж байгаа хэрэг юм. Энэ бол ёстой Цаасан дээр нэртэй, цасан дээр мөртэй явсны гавъяа юм. Энд сэтгүүлч би хэн, юу гэж бичсэн тухайд ганц нэгхэн жишээ авъяа. Ардын эрх-ийн Д.Оюунцэцэг Түүний гараар ороод гайгүй сэтгүүлч болж гарахгүй бол ёстой заяандаа гомдохоос яах вэ. Олон ч хүнийг Баагий дарга хоолны захад хүргэсэн дээ. Баагийгийн сэтгэлд атаа жөтөө, атгаг санаа тогтдоггүй хүүхэд шиг зантайсан гэсэн бол Үнэн сонинд Миний анд хэтэрхий уян хүн байсан даа. Хааяа уярахаараа өтгөн хар хөмсөгний доорхи ботгон хар нуднээс нь бөөн бөөн нулимс унана гэж Б.Нацагдорж бичсэн бол Өдрийн сонин-д Намсрайн Саранчимэг Эмэгтэй хүн, эх хүнээс ч зөөлөн сэтгэлтэйсэн. Амьдралын учрал тохиол, зовлон ярихаар нүдэнд нь нулимс дүүрээд ирнэ. Яг л нутгийн нь Ганга нуур шиг мэлтэрч харагдана гэжээ. Хүний насыг ажил мэргэжилтэй нь холбож олон жил судалсан барууныхан уурхайчин, сэтгүүлч хоёр бусдаас богино насладгийг тогтоожээ. Баагий минь хариуцлагатай нарийн бичгийн дарга болохоор өдөр болгон шахам шөнө дунд өнгөртөл ажил дээрээ суудагсан. Түүний гайхалтай нягт нямбай редактор байсныг залуучууд зулдаа бичжээ. Түүний гэрийн хүмүүжил, удам гарвал сайтай нь аливаад голч, тохьтой ханддаг, ажлаа үнэнч хийдэг, хараал зүхлээс хэл яриагаа цэвэрлэсэн зэргээс нь илт харагддаг байлаа. Батмөнх маань Өдрийн сонин- ы одоо байгаа агуулга, өнгө төрхийг тогтоолцсон хүн. Тэр шооч хүн байсан. Нэг удаа надад хандаж Буурал өвгөн ч та хоцрогдож байна даа. Эхлээд Ганчимэгээс таны үнэр үнэртдэг байсан, сүүлдээ Ганчимэг таны салхи дээр гарсан болохоор танаас түүний үнэр үнэртэх болсон, одоо үнэр танар ч үгүй болж амарч дээ гэж хэлж билээ. Бичлэгийн хэв маяг, загварын тухай хэлсэн түүний энэ үг үнэнд дэндүү ойрхон юм. Баагий үгээр хөөрхөн түншдэг нөхөр байсан. Эндээс түүний сэтгэлгээний соёл илэрч байсан хэрэг. Баагий маань тун оройхон гэрлэж билээ. Ариунаа гэдэг сайхан нэртэй аятайхан бүсгүй дагуулаад ирэхээр нь би Энэ чинь чамаас олон дүү юм байна. Удахгүй хар яр хийсэн эм болчихоод толгой дээр чинь гараад зайдалчихна даа гэж хэлж байсан даа одоо харамсч сууна. Ариунаа нөхрөө гайхалтай сайхан асарч байж өнгөрөөлөө. Тэр биеэ жаахан зовиурлах бүрт зөвхөн Ариунааг л сулхан дуугаар дуудаж байсан. Аавыгаа, охин дүүгээ, бусад ойр дотныхныгоо байхад тэр Ариунаагаа гэж байлаа. Энэ уярч уйлж хайлмаар дүр зургийг хараад би Ариунаа угаасаа сайн хүн байсныг, бас Батмөнх хань ижлээ улам сайн хүн болгосныг мэдэрч байлаа. Амьдын хорвоогийн хамгийн чухал юмны нэг болох гэр бүлийн аз жаргалыг тэд эдэлж явжээ. Сайн сайхан дүү явсан Шархүүгийн Батмөнхийнхөө хойноос өргөж буй зулаа хэдхэн ишлэлээр өндөрлөө. Үхлийн тухай ухаалаг мэргэн номлол нь буян үйлдэж буй нэгэн хэлбэр гэдэг. Түвдийн мэргэн гэвш Жамба Тинлэй Бие сэтгэл хоёр салахыг үхэл гэнэ. Үхэл гарцаагүйн тухай бясалгаж байх нь сэтгэлийн боловсрол юм. Явдал үйл зөвтэй хүн үхэх агшиндаа ч, үхсэн хойноо ч аз жаргалыг эдэлдэг. Үхэл гарцаагүйг сайтар ухаарч, түүнд бэлтгэх нь хамгийн сайн ухаан юм. Үхэл гарцаагүй болохоор хүн буян, бүтээл хийж байдаг. Буян хийх нь дараа төрөл, ирээдүйдээ бэлтгэж байгаа хэрэг гэжээ. Фолософийн доктор, профессор Б.Батчулуун нэгэн номондоо Хүн амьдралаар үхэж, үхлээр амьдарч байдаг. Үхэл гэдэг үзэгдэл амьдралын утга учрыг шаардаж, түүнийг агуулгатай болгож байдаг. Үхлийг судалж, түүний зайлбаргүй шинжийг гүн ойлгосноор хүн үхлээс айхаа больдог. Үхлээс айх нь хүнийг муу муухай юм хийлгэдэг. Үхэл өвчнөөс төдийгүй алив зовлон гачаалаас чөлөөлдөг. Хойлгын будаалганд хүн зовлонт амьдралаас хагацаж, амгалан хутгийг олсонд баярлаж хөхсөний элемент бий гэжээ. Ницше Амьдрал бол зовлон. Харин энэ зовлонг хүн жаргал хэмээн эндүүрсээр байдаг. Буддын шашин бол хүн өөрөө өөрийгөө хуурдаг үе шатыг өнгөрөөсөн позитив шашин гэжээ. Гашуун боловч гарцаагүй үнэнийг заасан эдгээр үгс Батмөнхийн минь хойтын буяныг улам аривжуулахад тус болоосой.

2006-12-04.
Ш.Цэрэнпил ӨМ-ын тоймч
2006.12.5 Өнөөдрийн монгол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button