Монголын төр ичиг, ичиг

Малайзад манай нэг иргэн зэрлэгээр алуулаад нэлээд хэд хоногийн нүүр үзэх гэж байна. Гэмтэн нь юутай ч баригдсан бололтой юм. Бас шүүх цагдаагийнхан нь тун шуурхай ажиллажээ. Энэ хэргийн талаар дэлхий шуугиж байна гэж худлаа залаад яахав. Гэхдээ бас ч ор тас таг чиг байсангүй л дээ. Малайзынхан болоод манай Монголын хэдэн сонин энэ талаар тун сайн шуугилаа. Бас малайз нөхдүүд маань энэ талаар шуугиагүй бол манайхан ийм хэрэг гарсныг мэдээ ч үү, үгүй ч үү. Харин үүнийг мэдсэн хэвлэлийнхэн хэдэн өдөр энэ сэдвээр хоолоо олон голоо зогоожээ. Хамгийн хачирхалтай нь нөгөө өглөө бүхэн цай сүүнийхээ дээжийг өргөдөг төр маань энэ талаар огтхон ч дуугарсангүй. Жинхэнэ загас шиг харагдах ажээ. Харин үхтэл үр харам болохоор хөөрхий муу аав нь энүүгээр тэрүүгээр харайгаад л, аргаа барахдаа хэвлэлийн бага хурал хүртэл хийлгэж байх юм. Гэтэл энэ төр эзэнгүй, бас иргэдгүй юм шиг таг чиг байх нь одоо цагийн араншин, ирээдүйн мөхлийг өөрийн эрхгүй зөгнөн ёрлох мэт.

Ингэхэд энэ аллага онцлогтой. Монгол иргэн Малайзад алагдсан гэдэг утгаараа бус харин тус улсын улстөрийн хүрээний нөлөө бүхий нөхөр захиалга өгөөд, энэ гүрний хүчний байгууллагын нь төлөөлөгчид гардан гүйцэтгэсэн гэдгээрээ яах аргагүй онцлогтой юм. Түүнээс биш малайз, монгол хоёр хулигаан архин дээрээс салам зодолдоод нэг нэгийгээ бүлээд алчихсан хэрэг огтхон ч биш шүү дээ. Юуны өмнө энэ төр ичмээр харагдав. Бас талийгаачийн төрөл төрөгсдөөс уучлал гуйн байж хэлэхэд нэг талаас энэ хэрэг хэн нь хэн бэ гэдгийг харуулж, арчаагүй төрийн үнэн дүрийг дэлгэлээ. Бидний монголчуудын мөс жудгийг ч бас нэг ёсондоо хэмжив. Хэвлэлийнхний зэс гуулийг бүүр ч цухуйлгажээ. Бас ний нуугүй хэлэхэд бидний авир араншин араатан амьтдаас долоон дор болсны нэг гэрч энэ юм. Жишээ хэлье. Саяхан зурагтаар сармагчингуудын амьдралын талаар баримтат кино гарав. Сүрэг сармагчингийн амьдралыг харуулсан кино л доо. Тэдэнд ингэхэд бидэнтэй төстэй зүйл их байна аа.

Заримдаа ч хүн сармагчингаас үүссэн гэдэгт өөрийн эрхгүй итгэмээр юм ч харагдах. Наад зах нь гэхэд жаахан ахимаг сармагчин нуруугаа маажуулаад л. Ханиараа бөөсөө түүлгээд л. Бас зарим нэг арай эртэй чадалтай нь бусдынхаа самар жимсийг булааж идээд л. Гэтэл нэг нартай өдөр араатны хаан арслан гуай нөгөөх сармагчингуудаас нэг саваагүй нөхрийг бусдаасаа тасран внэж явахаар нь бариад идэж орхив. Сармагчингууд яасан гэж бодно. Орилж хашгираад л бөөн юм болов. Үс ноосоо зулгаан зулгаан гашуудацгаав. Тэгээд арслан уруу дайрцгаалаа. Хөгшин залуугүй уг тэмцэлд оролцов. Араатны хаан айв. Зугтаалаа. Сармагчингууд амьгүй болсон нэгнийхээ цогцсыг тойрон эмгэнэцгээх ажээ. Гэтэл монгол хүн үүнээс огт өөр байна, найзууд аа. Нэгэн аагаа багтаасан баяны хурдан морь машинд дайруулаад үхчихжээ гэсэн мэдээ дуулаад бөөн гашуудал. Унаж явсан хүүхдэд нь бус уг моринд гашуудаад л.

Аймаар хүчтэй салхи шуурга дэгдлээ гэхэд мал мэнд үү л гэж асууна. Хүний нь тухай огтхон ч дурсахгүй. Цаг агаарын мэдээ зарлахдаа хүртэл тэнгэр хангай эвгүйдэж магадгүй, адуу тэмээгээ сайн хараарай л гэхээс биш, та нар өөрсдөө болгоомжтой байгаарай гэж ганц өгүүлбэр унагахгүй. Гудамжиндхэн нэгэн машинтай явж байгаад хүн шүргэчихжээ гэхийг дуулаад машин нь зүгээр үү л гэнэ. Нөгөө дайрсан нөхөр ч газар тэрийн хэвтэх хүнийг бус хамгийн түрүүнд машиныхаа мөргөсөн хэсэг хэр хонхойв гэдгийг шалгана. Тэгээд үүнийг нь харсан хүн амьтан цөөхөн, дээр нь харанхуй шөнө бол шууд л машиндаа суугаад арилж өгнө. Нийтийн тээврийн унаа л гэхэд хүнд үйлчлэх бус харин хүнээс мөнгө салгаж авахыгаа нэн тэргүүний зорилт болгоно. Гудамжиндаа л гэхэд машин явдаг замаа л засахаас бус явган хүнийхээ замыг хэзээ ч засч янзлахгүй. Цас дарлаа гэхэд явган замаа хэзээ ч цэвэрлэхгүй. Энэ талаар ярьсан хүнээ шоолоод элэг нь хөшөөд уначихна. Их, дээд сургуулийн ихэнх нь эрдэмтэн мэргэд бэлтгэхийн төлөө бус ихээхэн мөнгө олохын төлөө байгуулагдсан байдаг. Багш нар нь номонцор бичиж, түүнийгээ шахсан шигээ суухыг харахаар худалдаачин наймаачныг санагдуулах. Наймаачин худалдаачид нь болохоор харийнхны хаясан хортой хоргүй хогийг түүж ирээд зарчихна. Ер нь хачирхалтай хачирхалтай юм их гарна аа.

Тухайлбал, хаа ч юм шувууны ханиад гарсны төлөө бөөн юм болох хэрнээ хүүхэд багачуудад нь аюултай халдварт өвчин тархаад байхад огтхон ч тоохгүй. Бусад улс гүрэн хүн зон, ан амьтнаа хамгаалахын тулд байгалиа унаган төрхөөр нь хадгалах хэрэгтэй юм байна гэдэгт хамаганхаарлаа тавиад байхад манайхан шал эсрэг зүтгэнэ. Ерөнхийдөө хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах тухай зарлал төдий юм Үндсэн хууль дээрээ наачихаад огт өөр замаар манаргаж яваагаа өнөөдөр анзаарах сөгөөтэй хүн тун цөөхөн болжээ. Тиймээс дахиад л Малайзад гарсан хэрэг явдлын тухай өгүүлье. Яагаад гэхээр, зуданд нэг муу хамуутай төлөг үрэгдсэн бус харин төрдөө данстай, түмэн олондоо зүстэй, төрөл төрөгсдөдөө нэртэй иргэн нь харийнхны гарт алагдчихаад байхад ганц ч үг ган хийхгүй байгаа энэ төр засгийг хамгийн арчаагүй хэмээн нэрлэе. Ичиг, ичиг. Манай өнөөгийн төр, засгийн эрхтэн ямбатангуудын эгнээнэээс хэн нэгнийх нь гэрийг манадаг сайн үүлдрийн нохой үхэхэд бараг эмгэнэл илэрхийлэх нь халаг болдог зуйрганч бялдууч түшмэд бүхий зохих яамд үг дуугарахгүй байгаа нь ичиг.

Хүний эрх гэхээр шорон яриад унадаг хүний эрхийн байгууллагууд ичиг. Газар шороо гэхээр боож үхчих гээд байдаг иргэний хөдөлгөөнүүд ичиг. О.Магнай ичиг. Ж.Батзандан ичиг. С.Ганбаатар ичиг. Баасан авгай ичиг ичиг. Хүнийх нь эгнээ жилээс жилд ширгээд байхад анзаардаггүй тэмцэгчид ичиг. Ингэхэд гадаадынхан өөр байна. Энд л гэхэд тэнэж яваад барилга дээрээс унаад үхчихсэн хужаагийнхаа төлөө хятадууд хэрүүл хийж байна. Тэнд тэрбум хүрэх гээд хүн ам нь багтах шингэх газаргүй шахам байгаа энэтхэгчүүд Индонезид зугаалж яваад амь алдсан хүнийхээ төлөө ясаа цайтал заргалдаж явах юм. Жорж Рислей гэж америк нөхөр яалаа даа. Хөвсгөлд манай нэг согтуу нөхөр түүний өөдөөс хуц гээд салаавч үзүүлснийхээ төлөө газар дээрээ нам буудуулаад үхсэнийг манайхны зарим нэг нь санаж байж магадгүй. Гэтэл тэр нөхрийн төлөө Америк гүрэн тэр чигээрээ босов. Тэд боссоны хүчинд бид нөгөө нөхрийг зүв зүгээр суллаад эх оронд нь гуулин хөгжимтэйгөөр үдэж өгсөн шүү дээ. Тэгвэл манай иргэн, Монголын нэгэн сайхан бүсгүй, аав ээжийн алаг үр, хоёр хонгорхон хүүхдийн ээж, үе тэнгийнхнийхээ найз нь харгис зэрлэгээр алагдаад байхад манай төр, засаг өнчин ишиг гарзадсан чинээ тоохгүй таг чиг. Бас нам гүм. Ичмээр нам гүм байх ажээ.

Монголын мэдээ 238 /2014/
Д.Баасанжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button