Д.Лүндээжанцан ОХУ-ын эрх баригч намынхантай уулзжээ

Оросын төрийн эрхийг барьж буй, байгуулагдаад таван жилийн нүүр үзсэн уг намын их хуралд УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, Т.Очирхүү гишүүн нар оролцсон байна. Тэд өчигдөр энэ талаараа мэдээлэл хийв. Уг хуралд 19 орны намын төлөөлөгч урилгаар оролцжээ. Нэгдсэн Орос намын дарга Б.В.Грызлов болон намын дээд зөвлөлийн гурван дарга энэ үеэр илтгэл тавьсан байна. Мөн Улстөрийн намуудын дэлхийн бодлогод нөлөөлөх үүрэг гэсэн сэдэвтэй дугуй ширээний ярилцлага болж үүнд манай төлөөлөгчид МАХН болон УИХ-ыг төлөөлж үг хэлжээ.
Улсын хөгжилд эрх баригч намуудын үүрэг хариуцлагын тухай ч ярилцсан байна. Хурлын үеэр тавьсан илтгэлүүдэд дурдсанаар ОХУ-ын эдийн засаг сүүлийн жилүүдэд долоон хувийн өсөлттэй байгаа аж. Нэгдсэн Орос намынхан улсынхаа 10 жилийн зорилтыг тодорхойлсон мөрийн хөтөлбөр боловсруулаад байгаа бөгөөд үүндээ иргэдийнхээ цалинг гурав дахин өсгөх тухай ч багтаасан байна. Ер нь сүүлийн үед ОХУ нэгдмэл байдлаа хадгалан, зохион байгуулалттай цул хүч байж дэлхийн зонхилох гүрэн болно гэсэн концецийг гаргаад буй аж. Энэ концепц ч тус намын нэг гол үзэл баримтлал болж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button