Ерөнхий сайд Хэнтийчүүдэд засгийн газрынхаа бодлогыг тайлбарлалаа

Тэрбээр, энэ долоо хоногт зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байгаа юм. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нутгийн иргэдэд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын бодлогыг тайлбарлаж, 2006 оны улс орны байдал, 2007 оны улсын төсөв, нийгэм эдийн засгийн зорилтын талаар мэдээлэл хийлээ.
2006 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт найман хувьд, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 950 ам долларт хүрч өссөн нь Монгол Улсын түүхэнд урьд байгаагүй үзүүлэлт юм гэж Ерөнхий сайд хэлэв. Эдийн засгийн энэ өсөлтийг хадгалж ирэх жил эдийн засгийг 8.7 хувиар өсгөх зорилт тавьж байгаагаа мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ манай иргэдийн 30 хувь нь ядуу зүдүү амьдарч байгааг тэмдэглээд ядуу байдалтай тэмцэх гол арга бол нийтээрээ хөдөлмөрлөх, Засгийн газрын зүгээс ажлын байр олноор бий болгох, хөдөлмөрт зуучлах төвүүдийг байгуулах явдал гэж онцлон хэллээ.

Засгийн газар ирэх жил 37 мянган ажлын байр бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллана гэж Ерөнхий сайд М.Энхболд өгүүлэв. Үүний тулд Засгийн газрын төвшинд бие даасан бүтэц ч бий болгож магадгүй. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, дадлагашуулахын тулд ТМС-ийг бэхжүүлж, шинээр байгуулахад анхаарч ажиллаж байна гэлээ.
Ийм ч учраас Засгийн газар 2007 оны төсөвт ажлын байр бий болгох асуудалд онцгой анхаарч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл, усалгаатай газар тариалан хөгжүүлэх болон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангуудад 20-иод тэрбум төгрөг тусгуулсан. Энэ нь 2006 оныхоос гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Хэнтий аймаг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Дэлгэрхаан суманд Зүүн бүсийн наадам зохион байгуулж, Их хааны музейн шав тавьж, Дадал суманд Тэмүүжиний бага насыг харуулсан музей байгуулах зэрэг олон ажил амжилттай хийж оролцсонд хэнтийчүүдэд талархал илэрхийллээ.

Энэ жил Цэнхэрийн голын 60 метр урттай гүүр, Дуутын даваа-Мөрөн сумын чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон нь аймгийн хөгжил, ард иргэдийн амьдралд таатай нөхцөл бүрдүүлсэн бүтээлч ажил болсон гэж Хэнтийн иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлэв.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засгийг 2007 онд хөгжүүлэх төсөвт Хэнтий аймгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон чухал арга хэмжээ тусгасныг тэмдэглээд Баян-Адарга-Дадал, Баян-Адарга-Норовлин, Биндэр-Батширээт сумдын 15 квт-ын хүчин чадалтай, нийтдээ 300 шахам км урттай цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилгуудыг 2007 онд эхлэн барьж, нийлбэр дүнгээрээ нэг тэрбум 760.0 сая төгрөгиин ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байгааг мэдээллээ.

Хэнтий аймагт 2007 онд 29 барилга байгууламж барих, өргөтгөх, засварлахад нийтдээ 3.7 тэрбум төгрөгиин хөрөнгө оруулалт хийхээр манай Үндэсний эв нэгдлийн Засгийн газар төлөвлөөд байна гэв.
Мөн Ерөнхий сайд М.Энхболд Хэрлэн сумын дөрөвдүгээр сургуулиар орж, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав. Өсвөр залуу хойч үеэ онцгойлон халамжлах, эрүүл саруул өсгөж торниулах, эрдэм ном сурах таатай орчин нөхцөлийг нь бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийг Үдийн цай хөтөлбөрт хамруулж байгаад сурагчид, тэдний эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид талархаж, ам сайтай байлаа.
Дараа нь талх, нарийн боовны Хөвчийн жонон ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав гэж Засгийн Газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

Монголын мэдээ сонин 238 /2014/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button