Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн дүгнэлт ч 250 саяыг зогсоож чадахгүй бололтой

2004 онд 10 сая, 2005 онд 100 сая байсныг энэ хэмжээнд хүргэснээр дээд амжилтын тоог дахин нэгээр нэмэхээр болсон билээ. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч Шадар сайдын багцаас гарган салбарын сайд нарын багцад тараан шилжүүлснээр гишүүдийн 250 сая төсөвт үлдэж, Төсвийн тухай хууль хугацаандаа батлагдаж амжив. Төсвийн тухай хууль зохицуулах харилцааныхаа онцлогоос хамааран бусад хуулиас ялгарах өвөрмөц ялгаатай. Тухайн жилийн нэгдүгээр сарын 1-ээс эхлэн улс орны бүх амьдрал, цалин, тэтгэвэр, эмнэлэг, сургууль, цагдаа, шүүх энэ хуулиар батлагдсан мөнгөөр амьсгалдаг. Тиймээс дараа оны төсвийг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэн баталсан байх хуулийн хатуу хугацаатай. Гишүүдийн тойрогт хуваарилсан 250 сая төгрөг Yндсэн хууль болон УИХ, Засгийн газар, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай гэх мэт олон хуулийг зөрчин батлагдав. Энэ тохиолдолд УИХ-аас батлан гаргасан аливаа хууль, шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих, Yндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Yндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргах эрхтэй. Харин Төсвийн тухай хуульд ийм боломж бий эсэхийг судлаач, Ч.Нямсүрэнгээс тодруулахад Цэцийн дүгнэлт, Ерөнхийлөгчийн хоригийн аль алиныг нь УИХ хүлээн авах боломжгүй. Учир нь, төсөв арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлагдсан байхаар хуульчлагдсан. Цэц дүгнэлт гаргах Ерөнхийлөгч хориг тавих Yндсэн хуулиар заагдсан эрхтэй ч УИХ арванхоёрдугаар сарын 1 гэдэг хугацааг урдаа барина. Төсөв гэдгээрээ энэ чигээрээ явж таарна гэсэн хариуг өглөө. Тэрээр өнөөдөр манайд УИХ-ын хэмжээгүй эрх мэдэл бий болсон. Парламентын засаглалд хууль тогтоох байгууллагыг хязгаарлаж байх цорын ганц хамгаалалт нь түүнийг мөнгөнөөс хол байлгах явдал гэдгийг онцолсон юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button