УИХ-ын гишүүн Р.Гончигдорж УИХ-ын гишүүнд намын дарга шийдвэр хэлдэггүй

-Иргэний хөдөлгөөнүүд 250сая төгрөгөөс болж нэлээд эсэргүүцэл илэрхийлсэн. Мөн танай намын дарга гишүүдийгээ энэ мөнгөнөөс татгалзах үүрэг өгсөн. Үүнийг юу гэж бодож байна?
-Энэ асуудалд намаас ямар нэг зөвлөмж өгч болно. Түүнээс УИХ-ын тухай хууль болон гишүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан харилцаанд нам УИХ дахь намын бүлэг, зөвлөл хоорондоо харилцаатай байна гэж заасан. Нөгөө талаас иргэний хөдөлгөөнүүд янз янзын шаардлага тавьж байгааг харахад агуулгыг нь ойлгох ойлголт бүрэлдээгүй учраас л асуудлыг тавьж байгаа юм болов уу. Хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг ойлголтгүй иргэд томоохон хэмжээний зээл тусламжаас бидэнд хүртэгдэж байгаа зүйл хаана байгаа юм бэ. Ийм тийм барилга байгууламж баригдлаа л гэдэг. Энэ нь манай суманд ямар хүртээлтэй юм бэ гэдэг асуудлыг байнга тавьдаг. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгөөр хуримтлагдаж монгол улсын баялаг өөрсдийнх нь хөдөлмөрөөр бүтээгдсэн тэр хишгийг тодорхой хэмжээнд төсвөөр дамжуулан явуулахад дахин хуваарилах төсвийн бодлого өнөөдөртөө зайлшгүй шаардлагатай.

-Тэгэхээр та намын даргынхаа шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн үг үү?
-УИХ-ын гишүүнд намын дарга шийдвэр хэлдэггүй юм. Биднийг сонгосон сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг чухал. Тэр үүргийг хэрэгжүүлэхэд улс төрийн нам өөрийн бодлогоор дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах ёстой.

-Тэгвэл намыг хоёрдугаарт тавьж байна гэж ойлгож болох уу?
-Эрх ашгийн зохицуулалт нь тэр шүү дээ. Эхлээд улс орны эрх ашиг, улс орны эрх ашигт үйлчилж байгаа намын бодлого гээд доошоогоо шатлаад явна. Энэ асуудлаар бид бүрэн ойлголцоно. Түүнээс ямар нэгэн байдлаар маргалдаж сөргөлдөөд өөрийн чинь асуугаад байгаа тэр чиглэл шиг зөрж муруйгаад байгаа юм байхгүй.

-Тэгэхээр таныг 250 сая төгрөгийг дэмжиж байгаа гэж ойлгож болох нээ?
-Өнөөдөр орон нутгийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ маш бага. Үүнийг жигд хуваарилах хөдөөг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн тэгш байдлыг хангах гэдэг зарчим сонгуулийн тойргоор зохион байгуулагдсан систем. Сонгуулийн тойрог гэдэг маань дунджаар нэг тойргийн хүн амын тоо байдаг. Энэ агуулгаараа Архангайд 750 сая, Хөвсгөлд нэг миллиард төгрөг болно гэдэг маягаар хуваарилж байгаа. Хоёрдугаарт гишүүдэд захиран зарцуулах эрх байхгүй. Гишүүдийн оролцоо нь тухайн сум орон нутаг тойргийнхоо эрэлт хэрэгцээг мэддэг учраас ард түмнийг төлөөлж төрийн эрх барьж байгаа хүний хувьд оролцогч нь байх тухай асуудал юм. Анх 10 саяыг гишүүдэд олгоход бид ч гэсэн шүүмжилж байсан. Өнгөрсөн жилийн 100.000 саяд гишүүдийн зарцуулалт байгаагүй. Тухайлбал, сум болгонд дөрвөн телевизийн нэвтрүүлгийн үзэх боломжийг Холбоо харилцааны асуудал эрхэлсэн байгууллага тендэр зарлаад хийж байгаа. Тэгэхээр энэ мөнгийг гишүүдэд хуваарилагдсан гэдэг ойлголт хэзээ ч байж болохгүй. Би аймгийн засаг дарга, ИТХ дарга нартайгаа зөвлөлдөөд хаана ямар хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай 250 сая төгрөгтөө яаж багтаах гишүүнийхээ дагуу хөрөнгө оруулалтаа хийнэ.

-250 сая төгрөг монголын ардчилсан сонголтыг устгасан зүйл боллоо гэж УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн хэлсэн үгийг юу гэж бодож байна?
-Гишүүдээс өөрсдөөс нь асуу. Би хүний бодож байгаа бүхний тайлбарлагч нь биш. Харин төрийн бодлогын үүднээс тайлбарлаж хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах болно.

-Хүүхдийн мөнгөн дээр?
-Мөнгө бол хөгжлийн хэрэгцээ гэдэг үг бий. Тэр агуулгаараа хүүхдээр дамжуулан гэр бүлийг, хүүхдийг дэмжих, нөгөөтэйгүүр төсвөөс ийм хэмжээний тэтгэмж авснаараа монгол улсын иргэнийхээ хувьд багаасаа үүрэгт өөртөө бий болгох зэрэг хүчин зүйлд чухал ач холбогдолтой. Би итгэж байна. Бид ер нь юмны саруул гэгээтэйд бодлогоо явуулахгүй бол сүүдэр талаас нь дандаа хардаж сэрдэж ард түмнийгээ голох юм бол хэзээ ч улс орон хөгжихгүй. Гэр бүл хөгжлийнхөө төлөө байдаг гэдэг философиор АН явж ирсэн. Хувь хүний хөгжилд тулгуурласан улс орны хөгжил гэдэг бол энэ. Тиймээс үүнийг хөгжил рүү нь хөтөлсөн мөнгөний дэмжлэг гэж ойлгож байгаа. Ийм ч агуулгаар нь АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулсан. Энэ бол том амжилт.

-АН олон фракц бүлэглэлүүдийн нэгдэл гэдэгтэй та санал нийлэх үү?
-Үзэл бодол бүлэглэл фракцууд байна гэдэг ардчилсан нийгмийн дэглэм. Эдгээр үзэл бодлууд тодорхой нэгдмэл нэг бодлогын дор сайн удирдаж өөрөө шийдвэр болж гарч ирнэ. Энэ нь алдаагүй тунгаагдсан шийдвэр. Шийдвэр гарахаасаа өмнө шүүмжлэгдэж чадсан шийдвэр сайн байдаг. Харин тийм биш нэг хүний шийдвэр буруу зөрүү нь мэдэгддэггүй ч дараа нь буруутдаг. АН анхнаасаа тийм л байсан.

-Таныг хүнд үед намынхаа нэр хүндийг авч гарсан гэж намынхан чинь үнэлдэг юм билээ?
-Намын нэр хүн гэдэг нь явуулж байгаа бодлого, намыг бий болгож байгаа гишүүдийн хамтын оролцооны асуудал. Тийм учраас нэг хүн нэр хүндийг нь аваад явчихдаг, нэг хүнийг дагаад нэр хүнд нь уначихдаг асуудал байдаггүй учраас өөрийгөө намын нэр хүндийг авч явсан гэж бодохгүй л байна.

-Миний санаж байгаагаар 1994 онд УИХ-ын гишүүн байхдаа Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байсан. Магадгүй өнөөдөр ард түмний эрх ашгийн төлөө та өлсгөлөн зарлах уу?
-Өнөөдрийн улс төрийн намууд, парламент, сонгогчдын төлөвшил ийм нөхцөл байдлыг бий болгохгүй байх. Тэр үед МАХН 76 суудлын 70-д нь байсан. Тэр үед П.Жасрай гуайн Засгийн газар Молам, Айбекс гэсэн компанитай монгол улсын эрчим хүчний салбар болон байгалийн ашигт малтмалын салбарыг 90 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх гэсэн Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэрээ хэлэлцээрийг байгуулсан. Тэрийг зогсоож болиулах гэсэн шаардлагыг тэр үед парламент ойшоож үзээгүй. Тийм учраас УИХ-ын гишүүний хувьд энэ өлсгөлөнд нэгдэж асуудлыг парламентийн тогоонд авчирч чадсан. Хамгийн гол нь улс төрөөсөө илүү хоёр нөхдийнхөө амийг хамгаалж тэр хоёрыгоо өлсгөлөнгөөс гаргаж өөрөө оролцсон нь хувь хүнийхээ хувьд бахархдаг. Эцсийн эцэст Айбекс Моламын гэрээ хэлэлцээр хүчингүй болгох түвшинд шийдвэр гаргах болсондоо улс төрчийнхөө хувьд баярлаж явдаг. Одоо бол тийм хэмжээний шаардлага үүсэхгүй байгаасай гэж хүсдэг. Үүсгэхгүйн төлөө улс төрчийнхөө хувьд бид зүтгэх ёстой.

-Сүүлийн үед зарим нэгэн улс торчид Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих болжээ. Таны хувьд дэд ерөнхийлөгч байсан. Юу бодогдож байна?
-Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг хүмүүсийн үзэл бодлыг нь хүндэтгэж байна. Ер нь монгол улс парламентийн БН улс гэж шинэ ардчилсан үндсэн хуулиндаа тодорхойлсон. Энэ шийдэл зөв зүйтэй хэвээрээ байх болно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Ялангуяа хоёр том хөршийн дунд жижиг орны хувьд нөгөө талаасаа өнөөдөр глобальчлагдаж байгаа ертөнц дэх монгол орны хувьд парламентийн БН улсын хамгийн зохистой хэлбэр. Ер нь ч дэлхийн нийтийн хандлагыг аваад үзвэл парламентийн БН улсын хэлбэр лүүгээ шилжих шилжилт нь Ерөнхийлөгчийн хэлбэрээс илүү хандлага өнөөдөр улам олон байна. Тийм учраас өнөөдөр дэлхий нийтийн хандлагыг сөрөх хэрэггүй. Монгол улсын шинэ ардчилсан хөгжлийн түлгуур энэ зарчмаас ухрах шаардлага байхгүй гэж үзэж байна. Дэд ерөнхийлөгч бол тоталитор нийгмээс ардчилсан нийгэм рүү шилжих шилжилтийн үеийг зохион байгуулах тэр хугацаанд бий болсон албан тушаал. Тэр үед хуучин үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч Улсын бага хурал гэсэн ардчилсан сонгуулиас сонгогдсон олон намын төлөөлөл анхны байнгын парламентийг бий болгож байсан. АИХ-ын депутатуудын бүрэлдэхүүнд байсны хувьд бахархах ёстой зүйл.

-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад тань хятадын хүргэн гэдгээр сөрөг сурталчилгааг олон нийтэд тараасан гол хүнийг н.Дугар гэдэг юм билээ. Та түүнийг таних уу?
-Өнгөрсөн харилцаа үйл явдлуудыг ийм агуулгын үүднээс сөхөх ерөөсөө дургүй. Н.Дугарыг танина. Тухайн үед юу болсон ямар харилцаа үүссэн, юу гэж бодсон, яаж хандсан асуудал нь нэг талаас хоөр хүний хоорондын харилцааны түүх юм. Нөгөө талаас тэр бүхэн нийгэмд тодорхой харилцааны түүх болсоноороо дуусаг.

Хүмүүс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button