Г.Алтан захирал Алтжин компаниа Жаст группэд, САПУ үйлдвэрээ АПУ-д заржээ

Монголын толгой баячуудын нэг Алтжин груупийн захирал Г.Алтанг тойрсон хэл ам өнгөрсөн, өнөө жилд хүн бүхний анхаарлын төвд байсаар байна. Нөхөр Жамьянсүрэнгээсээ салж, 70 тэрбумын хөрөнгөө ганцаараа эзэмших болж Мон-Уран-ийн Наранхүү гэх залуухан эртэй амрагийн холбоо тогтоожээ гэсэн мэдээллийн сенсааци нь намжиж амжаагүй байхад САПУ худалдааны төв нь шатан дөрвөн тэрбум төгрөгийн хохирол үүсэн, 700 гаруй хүмүүсийн ар гэрийн асуудал хөндөгдсөн. Энэ асуудал өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй, хохирогчид нь үйлдвэрчний эвлэл байгуулан хохирлоо барагдуулахаар зүтгээд ч нэмэргүй байсаар өнөөдрийг хүрсэн. Харин Г.Алтан захирал энэ талаар нэг их санаа зовохгүй байна. Тэрээр байгаа хөрөнгөө сэмхэн зараад, гадагшаа гарах төлөвлөгөө боловсруулж байгаа гэнэ. Нефтийн салбараа Жаст группийн Батхүү захиралд зарсан бол САПУ архины үйлдвэрээ АПУ-гийн Батсайханд 20 тэрбум төгрөгөөр заржээ. Мөн Улаанбаатар хотод Алтан захирлын нэр дээр байдаг САПУ худалдааны төв нэртэй 20 гаруй газрын эзэмшлээ 12 тэрбумаар зарахаар төлөвлөжээ. Сөүл констракшинд байрлах байраа ч өөр хүний нэр дээр шилжүүлсэн гэнэ. Г.Алтан захирал Сингапурт дөрвөн сая долларын хадгаламжтай бөгөөд одоо ч данс руугаа мөнгө шилжүүлсээр байгаа тухай яригдаж байна. Ойр дотных нь хүмүүсийн яриагаар бол Алтан Сингапураар дамжин гадаад руу дүрвэх бодолтой байгаа ажээ. Бас үүний зэрэгцээ Г.Алтан С.Жамьянсүрэн нарын эд хөрөнгөө булаацалдсан гэр бүлээ цуцлуулах шүүх хурал удахгүй болох юм байна. Энэ шүүх хурлаас өмнө Алтан өөрийн нэр дээр байсан хөрөнгөө шинэ эздэд нь даатган өгч эхэлжээ. САПУ-гийн 700 гаруй хохирогчдоос үлдсэн 300 гаруй хүмүүс нэг ч төгрөгийн бараа харалгүй Алтан захирлыг гадаад руу алдахгүй гэсэн баталгаа алга. Ерөнхий сайдын тамгийн газраас САПУ-гийн хохирогчдын үйлдвэрчний эвлэлийн гишүүн Чүлтэм нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байснаа гэнэт больсон шалтгаан нь ч үүнтэй холбоотой гэнэ. Г.Алтан ийнхүү дураараа авирлан хүмүүсээс бултах оролдлогод төрийн цөөнгүй томчууд холбогдсон тухай эх сурвалж мэдээлж байна. Мөн төрийн түшээдэд 5.2 тэрбум төгрөгийг хахуульд өгсөн тухай ч яригдаж байна. Г.Алтан захирал Анод банктай нэлээд гүнзгий хамтран ажилладаг бөгөөд 2002 оны долдугаар сарын 03-ны өдөр 1-104 гэрээнд Цөмийн заг ХХК охин компанийнхаа нэр дээр нэг тэрбум төгрөгийг хадгалуулж байсан бол харин одоо эргүүлээд Анод банкнаас тэрбум тэрбумаар нь зээл авч байна. Чингис зочид буудлын ард байрлах Мон-Уран-ийн Наранхүү Г.Алтан хоёрын хамтын хөрөнгө болох баганатай саарал барилгаа 2,3 тэрбумын барьцаанд тавьжээ. Нарантуул ОУ-ын худалдааны төвийн урд байрлах Дүнжингарав захын барилгаа ч Анод-д даатгасан байна. Геодиз зурагзүйн газраас 2006 оны нэг сарын 09-ны өдрийн 3-75 тоот магадлалыг БЗД-ийн шүүхэд гаргажээ. Үүнд Г.Алтан захиралтай Алтжин ХХК-ийн өмчлөлт эрх улсын бүртгэлийн Ү-2204009801 дугаарт бүртгэлтэй, БЗД-ийн нэгдүгээр хорооны нутагт байршилтай олон улсын сургууль, зочид буудлын зориулалттай барилга 2001-02-19-нд бүртгэгдсэн байх бөгөөд уг барилгын 2400 мкв талбайн хэсэг нь Алтжин ХХК-ийн өмчлөлд үлдэж, өмчлөх эрхийн 44041 тоот гэрчилгээ олгосон болно. Өнөөдрийн байдлаар уг барилга нь Анод банкинд 500 сая төгрөгийн барьцаат зээлийн гэрээний барьцаанд байрлуулсныг манай байгууллага бүртгэсэн гэсэн бичгийг өгүүлжээ. Ийнхүү далд хөрөнгөө бүгдийг нь зарж барьцаалж бэлэн мөнгө болгон Сингапурын банкинд хийсээр Г.Алтан захирал алс холыг зорин одож магадгүй нь ээ.

Хүмүүс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button