Ханиад томуунаас болж жилдээ дөрвөн сая хүүхэд энддэг

Энэ өвчнөөр дэлхий дээр жилдээ тэрбум хүүхэд өвчилж, дөрвөн сая нь эндэж
байна гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Ханиад томууны улирал эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх төвийн эмч нартай хамтран доорхи мэдээллийг бэлтгэлээ.

ХАНИАД ХҮРСНИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ
Хэрэв танд болон таны хүүхэд ханиах, найтаах нус гоожих, хамар нь битүүрэх, хоолонд дургүй болох, тайван бус уйламтгай болох, хоолой нь хөндүүрлэн өвдөх, халуурах, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрвэл томуу, томуу төст өвчин туссан гэсэн үг.
Энэ тохиолдолд юуны өмнө өвчний хүнд, хөнгөнийг нь тодорхойлохын тулд эмчид үзүүлж, заавар зөвлөгөө авахыг зөвлөе. Хэрэв таны хүүхэд халуурч байгаа бол 2-3 хоног хэвтрийн дэглэм сахиулж, дааруулахгүй, мөн хэт бэгнэхгүй байхыг хичээ. Учир нь хүүхдийн амьдэрч буй орчин байрны дулаан, агааржилтын байдал нь өвчний явц, эдгэрэлтэд их нөлөөлдөг. Иймд тасалгааны агаарыг 22-24 хэмд чийглэг байлгаж, цэвэр агаар тогтмол оруулах хэрэгтэй.
Мөн ханиадтай хүүхэд халуунтай үедээ амьсгал болон арьсаар шингэн их алдсанаас бие нь суларч, өвчин хүндэрдэг учраас шингэн их уулгах буюу хөхөө байнга хөхүүлж, шингэн алдалтаас сэргийлэх нь чухал. Энэ үед та хөхний сүү, цэвэр ус, малын сүү, жимс жимсгэний шүүс, цай, аарц, саримстай шөл өгөөрэй.
Хөхөө аль болох олон удаа хөхүүлж, хоолонд орсон хүүхдэд дуртай хоолыг нь хийж өгч, бага багаар ойрхон хоолло. Харин ханиад эдгэрсний дараа долоо хоногийн турш өдөрт нэг удаа нэмэлт хоол өгөөрэй. Зарим үед хүүхэд бөгшүүлж ханиаснаас болж бөөлждөг. Тэгвэл бөөлжсөний дараа дахин хооллохыг зөвлөе. Өгч буй хоол чинь эрдэс аминдэмээр баялаг, олон төрлийн ногоо оролцсон байвал бие махбодь нь амархан тэнхэрнэ.

ХАНИАДЫГ НАМДААХЫН ТУЛД ХОРГҮЙ ЗӨӨЛӨН ЭМ ХЭРЭГЛЭ
Ханиалга намдаах хоргүй зөөлөн эмэнд аньсны ханд, зөгийн балтай сүү, пектуссин, чигатусин, читамон зэрэг ордог. Харин ханиад туссан үед пенциллин, ампициллин, септрин зэрэг антибиотек өгөхөөс зайлсхийхийг зөвлөе. Учир нь антибиотек ханиадны үед хүндрэл болон уушигны хатгаанаас сэргийлэхгүй, бас ханиадны үргэлжлэх хугацааг богиносгодоггүй аж.
Ханиад томууны үед найтааж, нус нь гоожвол нярай хүүхдийн хамрыг цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа хөхүүлж, хооллохын өмнө тогтмол цэвэрлээрэй. Хамрыг цэвэрлэхдээ хөвөнг зулын гол шиг имэрч ороогоод түүнийгээ буцалсан ус буюу борын хүчлийн уусмалд норгож, болгоомжтой цэвэрлэхийг эмч нар сануулсан. Шүдэнз, хөвөнд ороосон модоор цэвэрлэхгүй байхыг хичээгээрэй. Харин хоолойны өвдөлтийг намдаахын тулд амидопирин, царвангийн уусмалаар зайлна.

ГИЧ НААЖ, ХАЛУУН УСАНД СУУЛГАХ НЬ ҮР ДҮНТЭЙ
Ханиадтай хүүхдэд гич наах, халуун усанд суулгах, ороолт хийх, хөлийг нь халуун усанд дүрэх зэрэг эмчилгээг хийх нь тустай.
Гичтэй ороолт хийх
Хүүхдийн цээжийг ороож гүйцэхуйц даавуу, аяга бүлээн ус, 1-2 цайны халбага гич орно. Гичээ усандаа хийж сайн хутгасны дараа саваа таглаж бүтээгээд дулаан газар 20 минуттавина. Дараа нь түүндээ литр халуун ус нэмж, даавуугаа дүрэн, нуруу цээжийг нь орооно.
Даавуу хэт халуун, арьс түлэхээр байгаа эсэхийг урьдчилан шалгаарай. Ороосон даавууны гадна талаар дахин давхар зузаан ороолт хийнэ. Гичтэй ороолтыг 10-15 минутын дараа авч арьсыг хуурай болтол арчаад хүүхдэдээ дулаан хувцас өмсгөж унтуулаарай.
Халуун усанд суулгах 40-45 хэмийн усанд хүүхдийн мөрийг далд ортол суулгана. Хүүхдийн арьс ягаарч, духны хөлс дааварлалтал 10-20 минут байлгана. Дараа нь хуурай алчуураар арчиж, дулаан хучин унтуулахад хүүхдийн ханиалга эрс багасна.
Цаасан гич тавих
40-45 хэмтэй усанд гичтэй хэсгийг нь дээш харуулан хийж, 5-10 секунд болгоход гич дороосоо дэвтэж норно.
Цаасаа авч хүүхдийн далны доод хэсэгт, нурууны хоёр талд наагаад гадуур нь зөөлөн даавуугаар ороон 10-15 минут болгоно.
Гичийг авсны дараа арьсыг арчиж хатаагаад дулаан хувцаслаарай. Түүнчлэн хүүхдийн хөлийг 39-45 хэмийн халуунтай устай хувинд 10-15 минут өвдөг давтал нь дүрж болно. Усыг хөргөхгүйн тулд үе үе халуун ус нэмж, дараа нь дулаан оймс өмсгөн хучиж унтуулна.

ХАНИАД ШУУХИНАА ХҮНДЭРВЭЛ ЯАХ ВЭ
Хүүхдийн нас бага байх тусам өвчин амархан хүндэрч, амь насанд нь аюултай шинж илэрч болно. Хэрэв хүүхэд уусан зүйлээ буцааж гаргах, биеийн аль хэсэгт татах, амьсгал авахад саадтай хяхтнасан чимээ гарах, хүүхэд сэрж чадахгүй унтах, турах шинж тэмдэг мэдэгдвэл яаралтай эмчид хандаарай.
Харин нярай хүүхэд хөхөндөө муудаж, суганы халуун нь 36.5 хэмээс багасах буюу 37.5 хэмээс ихсэхиин аль аль нь нянгийн хүнд халдвар авсны шинж юм.

ӨВЧИН ХҮНДРЭХ ТУСАМ УУШГИ ХАТУУРЧ ТЭЛЖ ЧАДАХАА БОЛЬДОГ
Хоёр cap хүрээгүй нярай хүүхдийн амьсгалын тоо 50 буюу түүнээс олон, 1-5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын тоо 40 буюу түүнээс олон байвал амьсгаа олширсон гэж үздэг байна. Амьсгаа олширсон тохиолдолд хоёр cap хүрээгүй нярайд уушгины хатгалгаа, хоёр сараас тав хүртэлх насны хүүхдэд уушгины хатгалгаа гэж үздэг байна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУДЫГ ХЭРЭГЛЭ
Гэрт нь ханиад томуу туссан хүн байгаа бол аль болохоор цэвэр байдлыг эрхэмлэ. Орон гэртээ өдөрт 3-4 удаа салхи оруулж, гэртээ тамхи татахыг цээрлэх хэрэгтэй. Гэрийн агаар хуурай байвал агаар чийгшүүлэгч хэрэглэж мөн буцалсан усаар хоолойгоо зайлахыг зөвлөе.

ЧИХНИЙ ӨВЧЛӨЛ ИХЭСДЭГ
Хүйтэн сэрүүний улиралд, ханиад томуу элбэгшсэнтэй холбоотойгоор хүүхдийн чихний өвчлөл ихэсдэг. Чихний өвчлөл тархах гол зам нь хамар аж.
Хамрын үрэвсэл нь гуурсаар чихэнд дамждаг байна. Тиймээс хүүхдийн хамрыг битүүрүүлэхгүй байх талаас нь арга хэмжээ авах хэрэгтэй.
Хүүхдийн хамрыг битүүрсэн эсэхийг шалгах энгийн арга байдаг. Хөвөн сэмэлж аваад хам¬рын ойр тавихад нааш цааш хөдөлж байвал битүүрээгүй гэсэн үг.
Ингэж хамрын баруун, зүүн нүхэн дээр тавьж шалгана. Мөн хамар битүү үед хүүхэд амаа ангайж, уруул нь омголтдог. Ийм шинж тэмдэг илэрвэл хамрыг нь ээлжээр дарж байгаад нусыг нь нийлгэж цэвэрлэх хэрэгтэй. Нусыг нь нийлгэсэн ч хамар битүү байвал дусаалга хэрэглээрэй.

АНТИБИОТИК БУРУУ СОНГОЖ, ДУТУУ ЭМЧИЛБЭЛ ЧИХНИЙ ХЭНГЭРЭГ ЦООРНО
Ханиад томуугаа эмчлүүлэхгүй хамрын үрэвсэлтэй удаан явах эсвэл антибиотик буруу сонгож , дутуу эмчилбэл чихний хэнгэрэг цоорох аюултай аж . Хэрэв хүүхдийн хэнгэрэг цоорсон бол хэнгэрэг нөхөх хагалгаа хийлгүүлэх хэрэгтэй болно.
Хэнгэрэг нөхүүлэх хагалгаа хийлгэсэн ч сонсголын яс нь цаанаа өөрчлөлттэй байвал сонсголын ясыг шилжүүлж суулгах хагалгааг хийлгэдэг байна.
Хүүхдийн чих өвдөхад эцэг эхчүүд янз бүрийн зүйл дусаадаг. Ээжийнх нь шээс, шар тос, тарваганы тос, элдэв дусаагуур гэх мэт. Элдвийн дусаагуурыг хэрэглээд хүүхдийн зовиур нь багасахад эцэг, эхчүүдийн анхаарал сулардаг. Гэтэл цаагуураа энэ өвчин даамжирч, хэнгэрэг цоорох нь ч бий. Учир нь чихний сувагт байгаа хулхи гаднын янз бүрийн зүйлийг бүгдийг нь хэнгэрэг дээр аваачиж нягтруулаад улам бохирдуулж, үрэвслийг даамжруулдаг байна.

Монголын мэдээ 238 /2014/
Р. Сарангэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button