Ажил хэрэгт ажил хэрэгч хандах хэрэгтэй

Интернэт дэх бичгийн харилцаа гэдгээр имэйл, чат, мессенжер гэх зэрэг онлайн харилцааг хэлсэн агаад эдгээр нь өнөөдөр ажил хэргийн ертөнцөд харилцааны хамгийн чухал хэрэглүүр болсон билээ.
Эдийн засгийн асар хурдацтай хөдөлгөөний энэ эрин үед имэйл болон бусад онлайн харилцаа нь бизнесийн харилцааны орон зай, цаг хугацаанаас үл хамаарах, үр ашигтай, найдвартай, хялбар хэрэглүүр болж чадаж байна. Имэйлийг бизнесийн харилцаанд төдийгүй хувийн харилцаанд ч өргөнөөр хэрэглэж байгаа билээ. Яагаад энэ имэйл гэгч зүйл ийм их хэрэгцээтэй болчихвоо? Яагаад утас, факс байж байхад заавал имэйлээр харилцах хэрэгтэй гэж? Гэтэл утсаар ярилцсан яриаг имэйл шиг эмх цэгцтэй байлгах, үр дүнг хянаж, хэмжихэд хамаагүй төвөгтэй байдаг ажээ. Бодоод үзэхэд, имэйлд бичиж болох текстийн хэмжээ, санаагаа зөв илэрхийлэх боломж, Subject буюу гарчиг, мөн харилцаж байгаа хоёр хүнээс гадна бусад талуудыг оролцуулж болох боломж гэхчлэн бусад харилцааны хэрэгслүүдэд байдаггүй олон давуу тал имэйлд байна. Мэдээжийн хэрэг утсаар ярьсан яриаг бичиж авч болдог. Гэхдээ олон хүмүүст зэрэг, хурдан хугацаанд мэдээлэл хүргэх боломжгүйн дээр имэйл бичиж илгээхэд зарцуулах цаг, хөдөлмөрөөс хавьгүй их цаг, хөдөлмөр шаардагддаг билээ. Имайл бичихэд хэлэх гэж буй зүйлээ сайтар бодож, дахин хянаж үзээд, зөв илэрхийлэн илгээх боломж хангалттай байдаг. Хэдийгээр факсаар ч бас сайн боловсруулсан албан бичгийг илгээж болох боловч имэйлтэй харьцуулахад маш хязгаарлагдмал боломжтой юм.

Ажил хэргийн хүрээнд имэйлээр харилцахдаа бид өөрсдөө ч анзааралгүйгээр маш олон алдааг гаргадаг юм байна.
Юуны өмнө бизнесийн харилцаанд үнэгүй, олон нийтэд зориулсан имэйлийг хэрэглэдэггүй гэнэ. Жишээлбэл бид yahoo.com, hotmail.com, gmail.com гэх мэт хувийн хэрэглээний үнэгүй имэйлээ хувийн харилцаандаа ч, бизнесийн харилцаандаа ч холиод хэрэглээд явдаг. Гэтэл ийм хаягаар харилцаад байгаа тохиолдолд таны харилцаж буй бизнесийн түншид үл итгэх сэтгэл төрдөг ажээ. Энэ хүн ер нь ажил хэрэг яриад байгаа хүн мөн үү, миний хамтран ажиллах гээд байгаа компанид ажилладаг нь үнэн үү гэх зэргээр эргэлздэг байна. Цаашлаад үл хүндэтгэсэн, ажил хэрэгч бус байдлаар хандаж байгаагийн илрэл гэж үзэхэд хүрдэг.
Интернэтийн ертөнцөд ажил хэрэгч хүмүүс болоод компаниуд өөрийнхөө бизнесийн брэнд нэрээр домайн нэрээ бүртгүүлж, түүн дээрээ имэйл хаяг авч ажил хэргээ явуулдаг. Тухайгбал Microsoft корпорац www.microsoft.com домайн нэртэй, бүх ажилтнууд нь [email protected] имэил хаягаар харилцдаг.
Энийг ч гэсэн манай ажил хэрэгч хүмүүс анзаарч ажил хэрэг болгоход илүүдэхгүй боловуу.
Ажил хэрэгт ажил хэрэгч хандах хэрэгтэй!

/Б.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button