Уго Чавес дахин сонгогдлоо

Уго Чавесийн өрсөлдөгч Росалесу нь түүнийг нийгмийн эмзэг давхаргынхныг өөртөө татахын тулд дэндүү популист амлалт өгч, газрын тосыг Куба мэтийн улсуудад хямд үнээр өгч, улсын баялагийг үрэн таран хийж байна гэх мэтчилэн хүчтэй шүүмжлэхийн сацуу АНУ-ын зүгээс дэмжлэг авч байсан ч ялж чадсангүй.
Сонгуульд ялсан Уго Чавес нь Би бол Чавес биш харин өнөөдөр ялж гарч ирсэн ард түмэн байна гээд ялалтаа өөрийн шүтээн Кубын удирдагч Фидель Кастрод зориулж байгаагаа мэдэгдэсний дараа Венесуэль маягийн социализмыг бүтээн байгуулах шинэ эрин эхэлж байгааг тунхаглалаа.
Сөрөг хүчнийхэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, үймээн самуун дэгдээж, Украйн, Гүржид гарсан шиг өнгийн хувьсгал хийн төрийн эрхийг гартаа авч болзошгүй гэсэн болгоомжлол байсан. Гэвч сөрөг хүчний удирдагч Мануэль Росалес нь Намайг сонгуулийг үр дүнг үгүйсгэн, ард түмэнд худал хэлээсэй гэж олон хүч хүсч байгаа. Гэвч би ийм алхам хийж чадахгүй. Бид энэ сонгуульд ялагдал хүлээсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх нь ганц үнэн зүйл юм гэсэн байна. Дээр нь сонгуулийн явцыг хянаж байсан олон улсын ажиглагч нар сонгуулийг элдэв ноцтой зөрчилгүй, хэвийн бөгөөд зохион байгуулалт сайтай явагдсан гэж үнэлсэн болохоор эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх нөхцөл бүрдэхэд саад болсон нь мэдээж. 2002 оны 4-р сард сөрөг хүчнийхэн NED, NDI зэрэг америкийн сангуудын тусламжтайгаар төрийн эргэлт хийхийг завдаад бүтэлгүйтэж байсан. Тэр явдлаас хойш эгэл жирийн сонгогчид нь хилийн чанадаас санхүүждэг улс төрчдийг илэрхий эсэргүүцэх болсон нь магадгүй сонгуулийн үр дүнд нэлээд нөлөөлсөн байх.
Уго Чавесийн хувьд засгийн эрхэнд гарангуутаа улсынхаа орлогын гол эх үүсвэр болох Petroleos de Үenezuela нэртэй, төрийн мэдлийн нефть олборлох компанид маш хатуу хяналт тогтоож, авилгалд идэгдэд ялзарсан хуучин удирдлагыг нь хөөсөн нь маш чухал үүрэг гүйцэтгэжээ. Ийм арга хэмжээ авсны үр дүнд Чавесийн төрийн эрх барьсан сүүлийн найман жилийн дотор гэхэд л Венесуэлийн улсын төсөв нь нэмэлт 180 тэрбум доллар санхүүжилт авсан байна. Энэ их мөнгөнөөс нийгмийн халамжийн салбарт ихээхэн хэмжээний мөнгө шидэж ядуус зориулсан үнэгүй эмнэлэг, хүнсний бүтээгдэхүүн үнэгүй тараах цэг зэргийг олноор байгуулсан байна.
Сүүлийн үед Латин Америкт АНУ-ын эсрэг үзэлтэй нэр дэвшигчид төрийн тэргүүний сонгуульд ялах нэгэн төрлийн моод дэлгэрээд байгаа билээ. Ингээд Боливид Эва Моралес, Эквадорт Рафаэль Корреа, Никарагуад Даниэль Ортега, Венесуэлад Уго Чавес гээд бүгд л манай элдэв хөдөлгөөнийхөнтэй адил зүйл уриалсан зүүний үзэл баримтлалтай хүмүүс засгийн эрхэнд гарч байгаа нь АНУ болон өрнөдийн томоохон компаниудын хувьд тун ч таагүй зүйл юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button