Сүржин эхлээд даржин төгсдөг татварын хэргүүд

Дэлхийд нэртэй улстөрчид, тамирчид, дуучид татвараа төлөөгүйгээс болж их хэмжээний торгууль төлөх болсон тухай мэдээллийг бид олонтаа сонсдог. Харин Монголд бол огт өөр. Татвараа төлдөггүй хүмүүс нь хожиж, шударгаар төлдөг нь хохирдог гэвэл үнэнд илүү нийцнэ. Олон жил их хэмжээний татвараас зайлсхийж, орлогоо нуун дарагдуулсан хэргээр Монголын хамгийн том зах Нарантуул-ын эзнийг саяхан цагдаагийнхан 72 цаг саатуулаад суллалаа. Захын эзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд байгуулагдсанаасаа хойш орлогоо нуун дарагдуулж арав гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт нь Ш.Сайхансамбууг буруутгаж байгаа аж.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 1, 2, 3-т татвар орлогоо нуун дарагдуулсантай холбоотой заалт бий. Энд Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил уйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар хаягаа өөрчлөх зэргээр албан татвараас зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, гурван жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэсэн заалт байна. Нарантуул-ын эзэнд холбогдох хэрэг хуулийн энэ заалтаас давж гарсан бололтой. Харин дараагийнх нь заалт давтан үйлдсэн болон онц их хэмжээний орлогоо нуун дарагдуулсан бол эд хөрөнгийг хурааж, 5-8 жил хүртэл хорих ял шийтгэнэ гэсэнд хамаарч буй гэнэ. Хэдийгээр хуульд ингээд заачихсан байгаа ч томоохон компанийн эзэд захирлуудтай холбоотой их хэмжээний орлогоо татвараас нуусан хэргүүд төдийлөн шийдэгдэж байсангүй.
Нарантрейд-ийн С.Болдхэтийн татвараас зайлсхийсэн хэрэг эхлээд арваад тэрбумын гэж байснаа сүүлдээ хоёр тэрбум болсон бол одоо хэрэг биш болох тал руугаа явж байгаа гэсэн. С.Болдхэттэй холбоотой асуудлыг цагдаагийнхан шалгаж эхлэхэд гаалийн Баатарын хариуд АН-аас нэг хүнийг гэмт хэрэгтэн болгох гэсэн МАХН-ын оролдлого захиалгаар хийж буй шалгалт хэмээх улстөржүүлсэн. Ингэж дуулиан болгож улстөржүүлсний дүнд өнөөдөр хэрэг биш шахам болж, бас Яахав хөөрхий Болдхэт хэдэн шил виски татваргүй оруулаа л биз, юун сүртэй юм гэж өмөөрөх хүний тоо нэмэгдэж байх жишээтэй.
Эрэл компани 287 тэрбумын татвараас зайлсхийсэн хэрэг дээр 2000-2004 онд УИХ-ын ажлын хэсэг хүртэл шалгаж байлаа. Эрэл-ийн 28 тэрбум төгрөгийн татварын асуудал улстөрөөс ангид байгаагүй.
Ш.Сайхансамбуутай холбоотой хэрэг ийм замаар явах магадлал өндөр гэж зарим эх сурвалж хэлж байна. Тэдний үзэж буйгаар бол уг хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэнтэй зэрэгцээд хэргийг улстөржүүлж шалгалтын зорилгыг бүдгэрүүлэх, өөр учир шалтгаантай байсан мэтээр тайлбарлах сөрөг пиар эхэлсэн гэнэ. Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн захиалгаар гэмгүй хүнийг буруутан болгох гэж зорьж шалгаж байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлэх гэсэн улстөржүүлэлтийн цаана хэргийг тэгсхийгээд замхруулах гэсэн оролдлого явж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй. Ер нь Ш.Сайхансамбууг 72 цаг саатуулах хугацааг сунган үргэлжлүүлэн хорьж шалгасан бол авилга, хээл хахуулийн гээд олон хэрэг ар араасаа хөврөх магадлал өндэр байсан гэнэ. Учир нь орлогоосоо ганц хоёр биш арван тэрбумаар нь татвараас зугтаалгаж байхад наад зах нь татварын шат шатны байгууллагууд юу хийж байсан юм бэ гээд л асуудал гарч ирнэ биз дээ. Өөрөөр хэлбэл, Ш.Сайхансамбуу гав ганцаараа суучихаад татвараа нуугаад байгаагүй гэсэн үг. Гэвч прокурорын байгууллага түүнийг үр гэлжлүүлэн хорьж шалгахыг эсэргүүцжээ.
Прокурорууд Ш.Сайхансамбууг хорьж шалгахын эсрэг саналтай байгааг улс төрийн хүрээний нэгэн эх сурвалж Ерөнхий прокурор М.Алтанхуягийг хэн томилсон билээ гэдгээр тайлбарлаж байх юм.
Төр оршихуй дор татвар оршино. Татвар оршихуй дор төр оршино гэж татварынхан ишлэх дуртай. Нэгэнт л төр татваргүйгээр оршихгүйгээс хойш тэрбум тэрбумаар нь татвараас бултуулж байдаг олигархиудын толгойг ингэж илээд суугаад байгааг төр мөнгөний өмнө сөхөрч байна гэхээс өөрөөр юу гэж хэлэх билээ.
Татвараас зайлсхийдэг том олигархиудын өмнө төр хүчгүйдэж байна гэж үү.
