МАХН-ынхан бужигнаад эхэлчихжээ

Нам руугаа боргож, нэр хүндээрээ АН-ын хойно гишгэх хүртэл доош оруулсныг нь бодохоор жигүүрийг хяргах нь ч багадна гэсэн бодолтой хүн МАХН-ын Бага хуралд цөөнгүй байгаа нь нууц биш. Жигүүрийнхэн болохоор жил гаруй наслахад нь хойт эцгээс ч дор хандсан намынхаа дарга болон зарим удирдлагад гомдсоор буй. Өнгөрсөн хоёр өдөрт МАХН-ын Бага хурлын хөдөөгийн гишүүд олноор иржээ. Уг нь Бага хурал ирэх амралтын өдрүүдэд хуралдах товтой. Ерөнхийлөгч эзгүй, Ерөнхий сайд хөдөө явсан хойгуур хөдөөгийнхөн хот руу яаран мордсон нь цаанаа нарийн учиртай гэлцэж байна. Жигүүрийнхний насаа уртасгах хүсэл, жижиг хөдөлгөөнүүдийн нөлөөгөө тэлэх гэсэн сонирхол Бага хурлын гишүүдийг эртлэн мордоход хүргэсэн бололтой юм. Жигүүрийг татан буулгах чимээтэй зэрэгцэн М.Энхболдыг МАХН-ын даргаас огцруулах тухай яриа чих дэлсэв.

Тус нам доторхи жигүүр, хөдөлгөөнүүд нийлж байгаад энэ санааг олсон юм байх. Өөр намын цадиггүй сайд нарт толгойгоо мэдүүлсэн, шинэчлэлийг ойшоодоггүй, намаас нь санаачилсан алтанд 68 хувийн татвар ногдуулахын эерэг зогссон гээд М.Энхболдод хаягласан шүүмжлэлүүдар араасаа хөвөрч байна. Дээрээс нь намаасаа төрсөн Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай гар нийлж ажиллахгүй байгаа нь унах нүхийг нь улам гүнзгий болгож байгаа гэлцэх. Ерөнхий сайд болоод жил шахам болж байхад М.Энхболдын нэр топ улстөрчдийн жагсаалтад айрагдах нь бүү хэл арай гэж аравт багтаж байгаа нь түүнийг сул гэж дүгнэгчдийн тоог нэмж байгаа нь гарцаагүй. Энэ бол жигүүр болон МАХН доторхи хөдөөгийн фракцаас боловсруулж буй төлөвлөгөө. М.Энхболдыг намын даргаас авч хаясныхаа дараа Ерөнхий сайдаас нь огцруулах ажиллагаанд оролцох хүсэлтийг МАХН-ын зарим лидер АН-аас албан бусаар хүссэн мэдээ ч байна.

М.Энхболдын талынхан ч зүгээр суулгүй өнгөрсөн нэг жилийн хугацаанд жигүүрээс хэн, ямар албан тушаалд очиж тараа таниулсан талаархи жагсаалтыг Бага хурлын гишүүдийн дэвтэр завсар хавчуулахаар зэхэж байгаа гэнэ.

Орост айлчилж яваа Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ удаад экс намынхаа асуудалд нэг их оролцохгүй ч хэрвээ М.Энхболд Тунгалаг Тамир-ын Хоовон хөх шиг Ах аа, намайг авраарай гэх юм бол тэр үгийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөнө гэдгээ хэлчихээд явсан сурагтай.

Юутай ч МАХН бужигнаад эхэлчихжээ. Тус намын энэ удаагийн Бага хурал ээлжит бус Их хурлыг товлосноор өндөрлөж магадгүй байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button