Сонирхолтой Молекул-ууд

Авлигатай тэмцэх газар хэмээх цоо шинэ бүтэц ирэх оноос ажиллаж эхлэх юм. Олон cap, жил дуншсан хуулийн дагуу бий болж, тагнах, чагнах, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, соён гэгээрүүлэх гээд онцгой эрх эдлэх шинэ байгууллагыг чухам хэн толгойлох талаар яриа хөөрөө тодорхой төвшинд маш эрчтэйгээр гарах болжээ. Хойд хөрш рүү айлчлалаар явсан Ерөнхийлөгчийг ирээд хөзөр-өө дэлгэхээс өмнө хөшигний наана, цаана хор найруулга эхэлчихсэн бололтой. Ерөнхийдөө хууль нь хэрэгжиж эхэлсэн арваннэгдүгээр сарын нэгний өдөртэй уралдаад л сонирхолтой молекул-уудын нэр сонор дэлдэх болсон билээ. Тэд хэний зүтгүүр, эс бөгөөс чиргүүл болон улалзаж байгааг, бас Авлигатай тэмцэх газрын даргыг тавих томилгоонд хамгийн чухал оролцоотой субъектүүд өөрсдийг нь хэрхэн дүгнэж буйг чимээлэхэд тийм ч хэцүү биш юм. Тиймээс яг одоогийн байдлаар нийгмийг бүхэлд нь хамраагүй ч гэсэн улс төр-хуулийнхны хүрээнд өрнөж буй, асуудалд ойр эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн тэдгээр сонирхолтой молекул-уудын албан бус анкетийг сөхөөд үзье.

Д.Сандаг-Очир Насаараа цагдаагийн байгууллагад ажилласан ч мөрдөн байцаах, гүйцэтгэх ажиллагаа хийж байгаагүй. Жижүүрийн цагдаагаас номын мөр хөөж, тэндээсээ удирдах албанд очсоноор Цагдаагийн ерөнхий газрын дарга болтлоо дэвшсэн. Түүнийг Ц.Нямдоржийн хүн гэлцдэг. Цагдаагийн дарга байхдаа ямар нэг асуудал гарахад түүн рүү бариад гүйчихдэг байсан гэнэ. УИХ-ын дарга зөвлөхөөрөө томилсон нь цаанаа их учиртай юм байна. Авлигатай тэмцэх газрын даргад дэргэдээсээ дэвшүүлэх гэж хажуудаа хашсан бололтой. Д.Сандаг-Очир хувь хүний натураараа бол шийдэмгий бус, насны онцлогоо дагаад халирамхай болсон, улс төрийн нөлөөнөөс ангид байж чадахгүй гэж дүгнэгддэг юм билээ. Энэ үүднээс томилгоонд оролцох субъектүүдээс дэмжлэг авахгүй гэж байна. Өнөөгийн цагдаа ямархуу янзтай байгаагаар хашир генералын ажлын үр дүнг дүгнэчихэж болох ажээ. Түүний үед Монголын цагдаа, ялангуяа том том хурандаа нар цалин багатай гэх атлаа энд тэнд гоёмсог байшин сууц сүндэрлүүлсэн, илэрсэн нь л Х.Баатарын хэрэг болохоос авлигатай шууд холбогдох үйлдлүүд олон биш ч гэсэн гарч байсныг чимээгүй өнгөрүүлж байсан, төнхөөд байвал тодорхой албан тушаалтанд тулж очих хээл хахуулийн хэргүүд дарагдаж үлдсэн гээд ярих зүйл цөөнгүй байдаг бололтой. Улс төрийнхөөс гадна бизнестэй бас нэр холбогдсон гэдгээрээ ч Д.Сандаг-Очир генерал ад шоо үзэгдэж мэдэх гэнэ. Ill хороололд орших Нарлаг их дэлгүүр хэдиигээр хүүгийнх нь нэр дээр байдаг ч нэдэр дээрээ өөрийнх нь мэдлийн объект, тэнд хурандаа нартай холбогдсон томилгооны асуудлууд яригддаг гэж цагдаагийнхан шивнэлддэг юм.

Д.Сангарагчаа Дээд шүүхэд ажилладаг энэ хүн хуулийн салбарт насаараа зүтгэж яваа нэгэн. Улсын Дээд шүүхийн дарга асан Ч.Ганбатын хүн. Тэр хэрээрээ түүнийг экс Ерөнхийлөгч Н.Багабанди түлхүүрдэж байгаа гэж тооцоолж болох аж. Чухам энэ нь л одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэмжлэгийг авахгүй гэдгийг илтгэж буй юм. Түүний хувь хүний тухай мэдээлэл одоогоор хомс ч хамгийн чухал нь авлигад ихээхэн өртөмхий байгууллагад ажиллаж буй гэдэг утгаараа томилогдох боломжгүй болж байгаа юм байна.

Н.Чадраабал Төрийн албаны зөвлөлд ажилладаг, хуульч мэргэжилтэй. Харахад буурьтай мэт боловч бас тийм өөгүй нэгэн биш бололтой. Н.Чадраабалыг үндэсний Соёмбо хөдөлгөөн лоббидож байгаа гэх. Эрс шинэчлэл-ийн С.Ганбаатарын тэргүүлдэг боловч УИХ-ын гишүүн Х.Баттулгын санхүүжилтээр иргэний нийгмийн зүтгэлтэн Р.Бурмаа, Ж.Занаа на¬рын бодлогыг хэрэгжүүлдэг Соём¬бо хөдөлгөөн судалгаа хийж байж Н.Чадраабалын нэрийг гаргаж ирсэн гэдэг юм билээ. Гэвч судалгаа нь өөрөө сэвгүй байсан уу гэдэгт субъектүүд эргэлзэж байна. Нийгмийг хийрхэлд автуулдаг гэсэн муу нэртэй иргэний хөдөлгөөний дэмжлэгт тулгуурласан, үүнийгээ дагаад тодорхой хүчний захиалга үйлчилж болзошгүй гэсэн шалтгаанаар энэ хүн Авлигатай тэмцэх газрын даргад үл тохирно гэж үзэх хүн олон байгаа ажээ.

С.Нарангэрэл Олонд танигдсан, яахын аргагүй сайн хуульч, хуулийн салбартаа цорын ганц академич нь үнэн. Гэхдээ хэт улс-төржсөн хандлагаасаа болоод ихээхэн ад үзэгдэж яваа. Албан тушаал өгөөгүй, аваагүйн зөрчил дунд намаасаа гээгдсэн. Дүүг нь дүүргийн удирдах албанаас чөлөөлөхөд ч одоо хэр бухимдаж явдаг юм билээ. Шударга мэт боловч энэ мэтийн зуумхай зан өөрт нь гай тарьж байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр танхимд эвгүй аашилж, зарим гишүүдийн эгдүүг хүргэсэн. Үүнээс болоод одоогийн УИХ-ын дарга Ц.Нямдоржтой хонь, чоно болчихоод байгаа. Нарангэрэл бол шинжлэх ухааны л хүн. Хэрвээ тэрнийг Авлигатай тэмцэх газрын даргаар тавьчихвал зуумхай зангаараа ямар ч гай авчраа билээ гэж эрхэм гишүүд болгоомжилж буй сурагтай.

Д.Алтангэрэл Гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын арвин дадлага туршлагатай. Цагдаа дотроо ч нэр хүндтэй нэгэн. Ховдынх боловч нутгийнхан нь түүнд тал муутай ханддаг. Ямартаа л 2000 онд Д.Алтангэрэлийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар тавих гэхэд Ховдын Ж.Бямбадорж хам¬гийн их эсэргүүцсэн байхав. Ядаж байхад Ц.Элбэгдоржтой ходийрхоно. Энэ гэрэвшил томилгоонд сөрөг нөлөө үзүүлэх бололтой.
Д. Чойжанцан Энэ хүн дээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Ц.Нямдорж хоёр санал нийлэх байх. Архангайнх, Намбар гуайтай бараг нэг голынх гэдгээрээ Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авч болзошгүй гэнэ. Тэрээр бас Ц.Нямдоржийн хүн аж. Одоогийн УИХ-ын даргын тээр жил Дарханы замд осолдох үед унаж явсан машин нь Д.Чойжанцангийнх байсан гэж хуульчид ярилцдаг. Ослын хэргийг дарахад ч хурандаагийн оролцоо байсан гэх. Н.Энхбаяраасаа илүү Ц.Нямдорж түүнийг дэмжинэ, УИХ-ын даргын хоёр дахь хөзөр гэж түүний тухай ярилцаж байна. Д.Чойжанцан нь Сэргээн босголт банкийг дампуурсны дараа шоронд хоригдох ял авсан Д.Чимэддагвын төрсөн ах ажээ. Шоронд хоригдох ёстой дүүгээ албан тушаалаа ашиглан Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын гараашийн манаачаар ажиллуулж байсан гэж тус байгууллагынхан жиг жуг гэлцэж байв. Нутгийн гэх утгаараа Р.Гончигдоржтой бас дориун харилцаатай гэнэ. Хэдийгээр Ерөнхийлөгчийн дэмжлэгийг аваад гарч ирлээ ч УИХ дотор хуульч голдуу гишүүдэд нэр муутай тул шанс-гүй гэлцэж байна.

Л.Санжаасүрэн Ардчилсан намынхан нь дэмжиж байгаа. Гэвч түүнийг энэ хэрийн байгууллагыг удирдах мэргэжлийн ёс суртахууны эрхгүй гэж буруутгах хүн бас байна. Сөрөг тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад халагдахдаа нууц материалууд авч гаран нийтэд задалсан хэргийн дуулиан одоо хэр сөхөгддөг. Мэргэжлээ, бас улсын нууцыг хувийн зорилгодоо ашиглах гэсэн үйлдэл гэж үүнийг нь дүгнэдэг юм билээ. Тиймээс Ерөнхийлөгчийн босгыг ч давахгүй гэж үзэж буй ажээ.

Р.Болд Хамгийн сүүлд энэ нэр таамаглал дунд гэнэт харван орж ирлээ. Экс Ерөнхийлөгч Н.Багабандийн түлхээс гэж хардах хэсэг байна. Тийм биш байлаа ч Р.Болд АНУ-д Элчин сайдаар ажиллаж байгаа. Элчин сайд нь улс төрийн албан тушаалд хамаарах тул Авлигын эсрэг хуулийн 21.2.2-д заасан …сүүлийн таван жил улс төрийн алба эрхэлж байгаагүй хэмээх заалтад нийцэхгүй юм байна.

Ардын эрх сонин 237 /515/
Т.Мөнхтунгалаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button