Ц.НЯМДОРЖ Хууль Засгийн газарт таалагдахгүй гэвэл сайдууд нь өөрсдөө зайлах хэрэгтэй

Уг хуулиар нэг тонн зэсийн дэлхийн зах зээл дээрх үнэ 3000, нэг унци алтны үнэ 500 ам.доллараас давбал, давсан үнэд 68 хувийн татвар ногдуулахаар болсон. Хуулийг хэлэлцэж байх үед, дөнгөж батлагдсаны дараа алтны компаниуд эсэргүүцлээ илэрхийлж, алтанд тогтоосон 68 хувийн татварыг болиулахаар янз бүрийн арга хэрэглэсэн юм. Энэ үед Ц.Нямдорж дарга Монголын төр хэн нэгний дарамт, шахалтаар баталсан хуулиа өөрчлөхгүй. Бойкотлож байгаад хүссэндээ хүрнэ гэж бодсон хэсэг бүлэг хүн байгаа бол санасны гарз хэмээн хэлж байв. Тэгвэл Ц.Нямдорж дарга энэ үгээ Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр дахин санууллаа. Засгийн газраас уг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан нь түүнийг ийн хэлэхэд хүргэсэн юм. Засгийн газар нэг унци алтны дэлхийн зах зээл дэх үнэ 650 ам.доллараас давсан тохиолдолд, 68 хувийн татвар ногдуулахаар төсөл боловсруулжээ. Ингэснээр алт олборлогчдын татварын дарамт буурч иргэд, аж ахуйн нэгжүүд орлогоо үнэн зөв тодорхойлон, хууль бусаар алт борлуулах явдал үгүй болно гэж тэд үзсэн байна. Мөн цаашлаад Монгол Улсын валютын нөөц ч нэмэгдэнэ гэж тооцоолсон байв.
Гэвч хуралдаан эхлэх үед Ц.Нямдорж дарга уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргаж, тэр нь олонхийн дэмжлэг авсан юм. Ц.Нямдорж дарга хурлын үеэр нэлээд бухимдангуй байсан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх талаар огт ажил хийгээгүй мөртлөө хэн нэгний шаардлагад автлаа хэмээн Засгийн газрыг шүүмжлээд авсан. Засгийн газрыг чимхэх түүний үг үүгээр дууссангүй. Энэ хууль Засгийн газрын хэн нэгэнд таалагдахгүй бол сайдууд ажлаа өгөөд зайлах хэрэгтэй. Явцгаа. Монголын төрд сайд олдоно гэж спикер чангарав. Мөн тэрээр Монголын хуулийг биелүүлдэггүй компаниуд байгаа бол тэдний лицензтэй, эрхтэй нь ярих хэрэгтэй. Энэ асуудалд анхааралтай хандахгүй бол Монгол Улс түүхий эдийн хавсарга орон байх уу, баялгаа гадагш ачуулдаг орон байх уу гэдгийг шийдэх үед ирээд байна. Алтны үйлдвэрлэлийн цаана байгаль ямар их сүйддэг билээ. Тэд УИХ, Засгийн газрыг бойкотлоно гэвэл Монголын төр хүлээж авахгүй гэж нэмж хэлсэн юм. Засгийн газар энэ талаар ажлын хэсэг байгуул, хэрэв та нар хөдлөхгүй бол УИХ-аас ажлын хэсэг гарган алтны компаниудтай тулж ажиллая гэсэн саналыг ч гаргана билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button