Алтны компаниуд Засгийн газарт дарамт үзүүлж байна

Алт олборлогч компаниуд Засгийн газарт дарамт үзүүлж буйн илрэл нь өнгөрсөн хавар батлагдсан хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж буй явдал гэж УИХ-ын дарга Ц.Нямдорж хэллээ.
Парламент Зарим бүтээгдэхүүний үнийн есөлтийн албан татварын тухай хуулийг баталснаар алт, зэсийн үнийн өсөлтөөс гэнэтийн ашгийн татвар авах болсон билээ. Алтны үнэ унц нь 500 ам.доллараас дээш гарвал 68 хувийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэх хуультай. 2005 онд бүх алтны компаниудын нийт татвар 30 тэрбум төгрөг байсан бол энэ жил 190 тэрбум, ирэх онд 217 тэрбум төгрөг гэнэтийн ашгийн татвар хэлбэрээр төсөвт төвлөрөх ажээ. Өөрөөр хэлбэл үнийн өсөлттэй уялдсан татварын тогтолцоо компаниудын тооцоолоогүй ашгийг төсөвт татаж байна гэсэн үг.

Ийнхүү ашгаа алдах болсон компаниуд төрд дарамт үзүүлж буй бололтой. Засгийн газраас парламентад мэдүүлээд буй төслөөр нэг унц алтны үнэ 600 ам.доллараас дээш гарсан тохиолдолд татвар төлөх болно. Өөрөөр хэлбэл унц алт тутмаас 100 ам.доллар олборлогчдод үлдэх ашигтай төслийг гүйцэтгэх засаглал санал болгоод буй юм.
Гэнэтийн ашгийн татвараас шалтгаалан алт олборлогчид бүтээгдэхүүнээ нууж байна гэж ярих болсон нь суртал нэвтрүүлэг гээд босго үнийг 500 ам.доллар гэж тогтоосон нь хангалттай ашгийг тэдэнд үлдээж байгаа хэмээн УИХ-ын дарга хэллээ.
Монголд алт олборлогч 120 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд тэднийг шалган алт нууж буй эсэхийг тогтоох боломжтой гэнэ. Саяхан батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд олборлосон алтаа хэрхэн, хэзээ тушаахыг нэг бүрчлэн

зааж өгчээ. Харин үүнийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг бөгөөд алт олборлогч аж ахуйн нэгж бүрээр толгой дараалан үзэж, хууль зөрчсөн байвал зөвшөөрөл, лицензийг цуцлах хэрэгтэй гэж Ц.Нямдорж мэдэгдэв.
Түүний үгийг Төсвийн байнгын хорооны гишүүд анхааралтай сонссоны эцэст нэгэн шийдвэр гаргалаа. Тэд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаас татагалзаж, төслөө татан авахыг Засгийн газраас хүслээ.
Парламент энэ хуулийн төслийг хэлэлцэхэд хүрвэл Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого, Стратегийн орд газрын жагсаалттай хамтад нь авч үзнэ гэж эрхэм спикер мэдэгдсэн юм.

Ардын эрх сонин 238 /515/
С.Мөнхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button