Ц.ГАНТӨМӨР Би жүжигчин болсноор амьдралдаа зөв нүүдэл хийсэн хүн

-Танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсонд тань сониныхоо олон зуун мянган уншигчдын өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. Төрийн өндөр хайр шагналыг хүртэхэд үзэгч, уншигч олон түмний маань дэмжлэг туйлын их гэдэгт баярлаж явдаг шүү.

-Гантөмөр гэдэг хүнийг мэдэхийн тулд бага насны чинь амьдралаас эхлээд сонирхмоор байна даа. Ер нь яагаад жүжигчний мэргэжил сонгосон юм бэ?
-Би чинь Архангай аймгийн Хашаат сумын сургуульд байхдаа дуулдаг, шүлэг уншдаг, элдэвт сонирхдог нэг жаал л байлаа. Нисэгч болох юмсан гэж боддог байлаа. Жүжигчин болно гэж хэзээ ч боддоггүй байв. Гэтэл амьдрал эхнээсээ л өөр замаар яваад байсан шиг байгаа юм. Юм оролдоно, хийнэ. Ганцаараа яриад байх. Одоо бодвол монологи л юм даа. Зодуулаад уйлж байхдаа хүртэл үглэнэ шүү дээ.

-Сонин л хүүхэд байж дээ. Тэгвэл тэр авьяас чадварын талыг нь нээж өгсөн ямар нэг хүчин зүйл, хүн байж таарнаа даа?
-Тийм ээ. Намайг өнөөдөр ийм зэргийн жүжигчин болгосон эхний хүчин зүйл бол Оросын кино. Ерөөс кино байвал тэр хичээл ном, цаг зав, нойр, хоол хамаагүй хонуут өнжүүд ч хамаагүй л үзнэ. Бүр хорхойсч байсан санагдана. Тухайн киноны жүжигчид гэж л нэг эгэлгүй сайхан хүмүүс байх. Тэд миний эчнээ багш байсан даа. Yүний хажуугаар шүлэг унших дуртай. Сургуулийнхаа урлагийн тоглолтод байнга оролцоно. Бүр уран уншигч байсан. Намайг нэг удаа эмнэлэгт хэвтэж байхад манай багш Базаргүр сонинд гарсан нэг урт шүлэг хайчлаад аваачиж өглөө. Тэр нь Д.Сэнгээгийн зохиол Өвгөн партизаны яриа. Энэ нь намайг дэмжих багшийн маань ухаан байж.
Түүнээс хойш үдэшлэг, олон нийт хаа л бол түүнийгээ уншина. Бас болоогүй ээ, хөөгөөр сахал тавьж өвгөн болоод. Дунд сургуулиа төгсгөөд Улаанбаатарт ирж хүн эмнэлгийн сургуульд орсон.

-Тэгээд эмч болох замд оржээ дээ?
-Тийм. Харин эмч болоогүй л дээ.

-Яасан. Сургуулиа хаячихсан хэрэг үү?
-Хаясан ч биш юм аа. Багаасаа нөгөө нэг өөр замаар замнаад байсан хувь заяа маань хөтөлж театрт аваачсан юм. Би чинь өнчин өрөөсөн, харж хандах хүнгүйгээс тэр хүн эмнэлгийн сургуульд улсын хоол унд идэж, хувцас өмсч, бас цалин авч суралцаж байсан нь уул нь тэндээс салах аргагүй юм шиг л байв. Гэхдээ салаа замын эрхээр салсаан.

-Яаж…?
-Зохиолч Л.Ванган гэдэг хүн Эмч нар гэдэг жүжиг бичсэн тухайгаа манай сургууль дээр ирж ярьсан нь намайг эргүүлж чадсан. Тун удалгүй театрт дагалдан жүжигчин авна гэсэн зар гаргасныг сонсоод театр дээр тавьж хүрлээ. Нэг өрөөнд шагайсан чинь нөгөө сургууль дээр яриа хийсэн зохиолч байнаа. Орж очоод хүслээ хэлсэн чинь хаана сурдаг барьдаг тухай асууснаа За за яв гэдэг байгаа. Би явахгүй гэчихлээ.
Тэр хүн намайг ажиглаж байснаа За яахав. Чи ер нь юу чаддаг хүн юм гэж байна. Би нөгөө Өвгөн партизаны яриа-гаа уншиж гарлаа. Л.Ванган гуай бас нэг хүний (найруулагч Галсанжав байсан) хамт хичээнгүйлэн сонсч байснаа За чи хагас сайн өдөр ирээрэй. Таван хүн тэнцүүлж авна. Тэнцвэл аз чинь, тэнцэхгүй бол хохь чинь гэлээ. Энэ үед жүжигчин болчихсон юм шиг баярласан гээч. Хагас сайнд шалгалтад 15 хүн орлоо. Тэгээд Цэнд-Аюуш (ягаан Гажид), Сэдэд, Банди, Очир нарын хамт би шүүлтүүрт тэнцсэн юм. Ингээд театр гэдэг аугаа их ертөнцийн алтан тайзан дээр хөл тавих нь тэр дээ.

-Анх ямар жүжигт тоглов. Энэ бас дурсах ёстой зүйл байх л даа?
-Театрт ирүүт жүжигчид нь амарчээ. Тэнд бүх л ажилд нь оролцдог болов. Манаач өндөр хужаагийн оронд манаанд гарч ч үзлээ. Тэгсээр Ч.Лодойдамбын зохиол Өөрийн замаар жүжигт анх тоглолоо. Түүнээс хойш нөгөө муу Гантөмөрийн чинь ажил, амьдрал өөдөө болж эхэлсэн. Алдаж онож явсаар өдийг хүрлээ. Одоо бодоход миний амьдрал үлгэрт гардаг шиг л өөдөлж аз жаргалтай явсан нь дийлэнх юм байна.

-Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин болчих чинээ бодол төрдөг байв уу?
-Огт үгүй. Ер нь хөдөлмөрийн баатар гэдэг чинь хүрз барьсан ажилчин хүнд л олддог алдар гэж боддог байсан үе бий. Тэгвэл миний жүжигчин мэргэжил, бурхнаас өгсөн их заяа хоёр энэ зэрэгт хүргэлээ шүү дээ. Намайг бараг хүүхэд байхад нутгийн нэгэн мэргэн хүн заяа төөргийг маань үзээд Чи сайд, дарга болохгүй юм байна. Гэвч тийм зиндааны ажил амьдралтай явах юм байна гэсэн удаатай л даа. Тэр хүн үнэхээр мэдэж гэж одоо би боддог.
Надад дутсан юм алга. Тэр сайд, дарга нарын өмсдөгийг өмсч, идэж уудгийг ч идэж ууж, үзэж хардгийг ч үзэж харж явна. Харин ч одоогийн сайд, дарга нар шиг муу хэлүүлж, сэтгэлээ хатаалгаж яваагүй минь илүүтэй. Талархлын сайхан үгс, алга ташилтаар л мялаалгаж явна.

-Жүжигчин хүний хамгийн бахархалтай юм чухамдаа юу байдаг вэ?
-Жүжигчин хүн өөрийн сэтгэлээр, авьяас чадвараар тоглолтоо баяжуулж тэгснээр хүний сэтгэлийг засч баярлуулж чадвал тэр миний бахархал. Уран бүтээлч хүн ер нь ингэж л ажилладаг шүү дээ.

-Тэгвэл жүжигчин хүнд дүр бүтээнэ гэдэг юу юм бэ?
-Ер нь жүжиг, кинонд дүр бүтээнэ гэдэг тухайн дүрдээ өөрөө уусч, шингэнэ гэсэн үг. Тэгж чадах гэдэг өвөрмөц бөгөөд миний хувьд аугаа юм санагддаг. Би 300-400 орчим дүрд жүжиглэсэн байгаа юм. Гэхдээ дүрийг жинхэнэ бүтээнэ гэдэг өөр. Би дээр аугаа гэж хэлсэн дээ. Аугаа юмыг хэлснээрээ бүтээнэ гэдэг тун хэцүү. Чи хэдэн дүрийг бүтээсэн бэ гэвэл би гарын арван хуруунд багтах тоо л хэлнэ. Тэр 400-гаад дүрийн 90 гаруй хувийг бол зөвхөн суралцсан хэрэг. Тэгэхлээр би дүрийг төгс бүтээнэ гэж бараг байдаггүй юм гэж хэлнэ.
Жүжигчний амьдралыг их сургууль гэж үзвэл миний хувьд төгсгөж чадаагүй суралцаж л явна даа.

-Тайз дэлгэцэд гаргасан тэр олон дүрээсээ алинд нь илүү хайртай вэ?
-Ч.Ойдовын зохиол Далан худалч жүжгийн Салга-д л хайртай. Яагаад хайртай вэ гэвэл дүр нэлээд бүрэн гарсан. Yзэгчийн болоод өөрийн сэтгэлд хүрсэндээ байгаа юм. Тэр дүрийг үзсэн хүн Гантөмөр гэдэг нөхөр ямар жүжигчин бэ гэдэгт дүн тавьж болохоор байсан байх. Хүний мөр киноны Чинбат байна. Гайгүй дүр. Зохиол дээрээ бол Чинбат чинь эхлээд заставын дарга байв. Сүүлдээ нисэгч болсон. Уг кино хэлмэгдлийг хөндсөнөөс болж нэлээд олон даваа давж байж гарч байсан юмдаг.

-Дүртэйгээ ажиллах гэдэг бас их хүч хөдөлмөр зарцуулах ажил байх аа?
-Тийм байлгүй яахав. Гаргах дүрээ олж харах танихаас эхэлнэ. Тэгээд дүрээ өөрийн болгож авах гэдэг их хөдөлмөр шаардах ажил.
Дүрийнхээ дагуу их юм унших, судлах хэрэгтэй болно. Тэр галзуу Цэвэлийн дүрд тоглох гэж жүжигчин Т.Цэрэнпагма Шархадны эмнэлэгт тийм өвчтэй хүмүүсийн дунд хонож өнжиж хүртэл үзэж байгаа гэсэн байдаг шүү дээ. Ингэж ажиллах нь дүр сайн болохын эхлэл. Тэгээд үзэж харсан, судалснаа өөрийн биеэр үзүүлэх. Энэ л жүжигчний эрдэм юм. За тэгээд дүр гүйцэд болно гэж байдаггүй юм гэдгийг би дээр хэлсэн. Сайхан тоглолоо гэж гайхагдах яахав. Гэхдээ тэр чинь үг хэл, өнгө төрхөөрөө дүрдээ хувирч байгаагаас биш цаана нь Гантөмөр л байх шүү дээ. Ер нь урлагийн чинь оргилд нь хүрнэ гэж байхгүй.
Надад хөдөлмөрийн баатар цол өглөө гэдэг чинь хөдөлмөрлөж байгаагий маань үнэлснээс биш, чи урлагийн оргилд гарлаа гэж байгаа хэрэг биш юм.
Уран бүтээлч хүн тухайн үедээ олон түмэндээ үнэлэгддэг түүнийг төр, засаг баталгаажуулж алдар цол хүртээж байгаа хэрэг л дээ.

-Өмнөх нийгмийн үед Соёлын яамны уран сайхны зөвлөлийн давааг давна гэдэг тун хэцүү байсан гэдэг. Өөрийн чинь хувьд тийм шалгалт шүүлэгт орж байсан удаа олон уу?
-Зөндөөн. Ээдрээ жүжгийн Соном баатар миний авьяас сонирхолд тун ойрхон дүр байв. Жишихэд Чапаевтай төстэй гэж болно. Энэ жүжиг уран сайхны зөвлөлийн цензурт 7-8 удаа шүүгдэж байж тавигдаж байлаа. Аргагүй ч үгүй юм. Д.Намдаг гуайн эх зохиолоос үзэхэд энэ феодалууд чинь тэнэг улсууд биш. Тэр их бужигнаан самууны үед улс орноо аваад үлдэж. Ухаантайн шинж гэсэн байдаг юм. Энэ чинь тухайн үеийн намын үзэл сурталд яаж ч таарах вэ дээ. Харин миний Соном баатрын дүрийг өөрчлөх тухайд бол Пунцагноров гуайд хүрч байж болиулсан юм.
Гомбосүрэнг гуай. Эдип хааны дүрд тоглолоо. Тэр хаан чинь эцгийгээ алаад эхтэйгээ суусан, хүүхэдтэй болгосон хүн. Yүнийг Монгол заншилд таарахгүй гээд огт өөрөөр тавиулж байлаа. Э.Оюун багш уран сайхны зөвлөлийнхөнтэй муудалцаж, сайдалцаж их зовж байгаагаа л хэлдэгсэн.

-Та жүжигчний болоод хүний хувьд ямар онцлогтой хүн бэ. Таныг өөрийгөө тодорхойлж чадна гэж санаснаас ингэж асууж байгаа юм?
-Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Түүнийгээ алив дүр бүтээхдээ хэмжээ жорыг тааруулж чаддагаараа жаахан өвөрмөц юм болов уу даа. Харин би бусдаас ихийг хийсэн хүн ч биш. Хүний өөрийн уг шинж чанар, зан характерт тохирсон дүр амар юм шиг санагддаг. Жишээлбэл, Чинбатын дүр. Надад тун ойрхон байсан.

-Эерэг, эсрэг дүрийн аль нь бүтээхэд хялбар байдаг вэ?
-Жүжигчин хүн бүрт өөр өөр байдаг байх. Гэхдээ миний хувьд эсрэг юм уу, хошиндуу дүр ил тод учраас амар юм шиг санагддаг. Харин эерэг дүр хэцүү. Ер нь жүжигчин хүний ажил, амьдрал гэдэг эцэс төгсгөлгүй, амаргүйхэн хорвоо гэж хэлж болно. Нэг дүрийн төлөө аль их ядарч зовохыг тэр гэхэв. Өнөөдөр нэг дүрд тоглолоо, маргааш нь огт өөр дүртэй учирна. Урьдах дүрийн алхаа гишгээ, яриа хөөрөө сэтгэлд хэвээр байтал огт өөр дүр хүлээж авна. Бод л доо. Өнөөдөр нэг авах юмаар бага архичны дүрийг гаргаад тоглочихье. Гэтэл маргааш нь тухайн үеийн хэллэгээр дэлхийн их жолоодогч Лениний дүрд сургуулилах болно. Хоорондоо мөн хол зайтай хоёр цэг биз дээ. Ерөөс жүжигчин хүний нэг онцлог нь бусад мэргэжлээс өөр нь зохиолд байгаа дүрийг бүтээхэд өөрөө бие сэтгэлээрээ материал болдогт байгаа юм.

-Сэтгүүлчид бид өглөө бүхэн хийсэн сониноо харахад сайхан санагддаг. Yүнтэй адил та тоглосон жүжиг, киногоо үзээд мөн л таашаал авдаг биз?
-Хүн ер нь хийсэн бүтээснээрээ бахархаж явдаг шүү дээ. Миний хувьд өөрийн тоглосон жүжиг, киногоо дараа нь үзэхэд заавал нэг юм дутаж санагддаг. Тэгэхлээр ингэж ойлгоно гэдэг бол чадвар юм. Харин аа сайхан болж, ингэж тоглохоос өөр яахав гэж туйлын санаагаар хандвал тэр хүн цаашаа явахгүй нь харагдаж байгаа юм. Дутуугаа, дулимгаа олж харна гэдэг өөрийгөө урагшлуулж байгаа хэрэг.

-Дүр сайн болно гэдэгт эх зохиол хэр нөлөөтэй вэ?
-Нөлөөлнө өө. Зохиолд дүрийг сайн гаргасан байвал тоглоход хялбар нь мэдээж. Гэхдээ дүр хэтэрхий ил байх нь сайн биш. Харин уг дүрийн тодрол нь нууц байж байгаад үйл явдлын зөрчил дундаас гэнэт гарч ирэх нь тун зөв шийдэл. Энэ үедээ далд дүр гоё доо. Драм гэдэг тэр юм шүү.

-Өнөөгийн жүжгийн чанар чансааны тухай өөрийн бодлыг хэлнэ үү?
-Д.Намдаг, Д.Мягмар, Ч.Ойдов, Л.Ванган гээд жүжгийн зохиолын мастерууд байлаа. Тэдний жүжиг амилахдаа амар байж. Тэгвэл одоогийн жүжиг, бас кино, тэдгээрт тавьж байсан хэмжүүрээр үзвэл багахан жин дарж байгаа гэж хэлж болно. Гэхдээ нийгмийн амьдрал огт өөр шатанд очсон учир түүнд таарсан нүдээр харвал оролдож л байна. Хэрэндээ бүтээж хийж л байна.

-Хошин шогийнхны тоглолтыг та хэр үнэлдэг бол?
-Бас л өөрийн биш, өөрийн нь нүдээр харж хэлье. Хэдэн жилийн өмнө Б.Батзаяа, Ганаа ахаа би нэг ийм юм хийх гэж байна гээд явж байсан. Тэгээд ч хийсэн. Одоо хошин шогийнхон чинь үздэг хүрээлэлтэй болчихсон тийм л байгаа. Хамгийн гол нь тэд чинь зах зээлийн үед амьдарч чадаж байна. Чадаж байгаа юманд арга байдаггүй гэдэг шиг мөнгө төгрөг олж байна. Муу хэлээд яахав. Алс нь үзэгчдийн оюуны цар хүрээ тэлж жинхэнэ урлагийг ойлгодог болсон цагт аяндаа юм өөрчлөгдөнө. Өнөөдөр гялалзаад байгаа хошин урлагийн одууд маань аяндаа од биш болно.

-Та олон жүжиг, кинонд тогложээ. Тэр дотроос аль нэг дүр өөрийн чинь амьдралд нөлөөлсөн үү?
-Би улаан тамхичин байлаа. Тэгсэн чинь Погодины Буутай хүн жүжгийн Лениний дүрд тоглоод л тэр муу хар тамхийг хаясан. Түүнийгээ амьдралдаа хийсэн нэг ололт, мэргэжлийнхээ өгөөж гэж бодож явдаг.

-Таны хообий юу вэ?
-Айраг, тарвага хоёр л юм уу даа. Залуудаа айраг тун сайн уудаг байв. Бас тарвагачилнаа. Жүжигчин муухай хэмээх Пүрвээтэй тайзан дээр төдийгүй тарвагачны найз байлаа.

-Улс төрийг хэр сонирхдог вэ?
-Сонирхоно оо. Та улс төрийг сонирхохгүй ч улс төр танаар оролддог гэсэн үг байдаг шүү дээ. За тэгээд тухайн үеийн шалгарсан улстөрчид В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын дүрд тоглож байсан хүн чинь яаж улс төрөөс хөндий байх вэ. Харин улс төрд биечлэн оролцож явсангүй.

-Таны мөрөөдөл?
-Мөрөөдөх юм барагдах биш. Өөрөө биш ч хүнийг засч залж нэг мөнхийн гэхээр бүтээл хийх эрмэлзэлтэй. Бас дурсамжийн номоо гаргана. Яахав Гантөмөрийг хойч үе маань дурсч яваг. Бас нэг охиноо жүжигчин болгох гэсэн бодолтой байгаа.

-Гэр бүлийн хүнээ танилцуулна уу?
-Манай эхнэрийг Ц.Мөнхжаргал гэдэг. Сайхан хоол, сайхан сэтгэл хоёроор намайгаа өлгийдөж өдий хүргэсэн буянтан. Энэ хүнгүй бол би гэдэг амьтан өдий зэрэгтэй явахгүй байсан байх аа. Нийтийн хоолны мэргэжилтэн юм. Тэгээд Бакула Ренбүүчийн багшийн шавь, бас хоол ундыг нь зохицуулдаг байсан. Одоо тэр их буянтай хүний байгуулсан Бэтүб хийдэд л ажиллаж байгаа. Буянтай газар түшсэн буянтай хүн дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button