Гавьяат амлалтаа биелүүллээ

Арванхоёрдугаар сарын дөрвөнд Дохагийн татами дээр Монголын дөрвөн сүмоч зодоглолоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болов. 66 кг-ын жинд хүч үзсэн гавьяат тамирчин, олимпийн отгон медальтан Х.Цагаанбаатар амлалтаа биелүүлж урамтай сайхан барилдаж Дохад Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандууллаа. Х.Цагаанбаатар эхний барилдаандаа Тайландын Танжабутар Бодиныг цэвэр ялсан. Харин II тойрогтоо тэрээр Японы жүдоч Акимото Хироюүныг буулган авснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.
Хэсгийн аваргын төлөөх барилдаанд гавьяат Хятадын Бу Хечаолуныг ч мөн л цэвэр ялж алтан медалийн төлөө дэлхийн хоёр удаагийн аварга Ираны Миресмаэлитэй барилдах нь тодорхой болсон. Х.Цагаанбаатар өнгөрсөн жилийн Азийн аваргын алтан медалийн төлөөх тулаанд Ираны бөхтэй таарч ялж байсан юм. Ингээд аваргын төлөөх барилдааны үндсэн цагт хоёр тамирчин оноо авалцаагүй учир Golden score буюу алтан онооны дүрмээр аваргыг тодрууллаа. (Хэн түрүүлж оноо авсан нь хожино гэсэн үг) Нэмэлт цагт гавьяат Ираны бөхийг давуулж шидэн базари үнэлгээ авснаар Азийн XҮ наадмын Монголын багийн хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. Монголын багийн тугчаар сонгогдсон Х.Цагаанбаатар Дохаг зорихынхоо өмнө өгсөн ярилцлагадаа Би Дохад медалийн төлөө бус зөвхөн аваргын алтан медалийн төлөө барилдах болно. Заавал алтан медаль авчирна гэж ярьж байсан. Ийнхүү тэрээр амласнаа биелүүлж алтан медалиар энгэрээ мялаалаа. 73 кг-ийн жинд Азийн наадмын гурав дахь өдөр 81 кг-д барилдаж түрүүлсэн Д.Нямхүүгийн ойрын хамаатан С.Ням-Очир зодоглов. Тэрээр эхний тойрогтоо Туркменстаны Караевыг ялсан ч дараа нь Хятадын тамирчинд өвдөг шороодсноор үзэгчдийн суудалд шилжлээ. Манай бөхийг ялсан Хятад дараагийн тойрогтоо ялагдснаар С.Ням-Очир дагах барилдаангүй болов. Эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа урамтай сайхан барилдаан үзүүллээ. Тэрээр эхлээд Казакын Шопланыг дараа нь Солонгосын Ким Кюн Он нарыг ялснаар аваргын төлөө барилдах эрхээ өвөртлөв. Хармсалтай нь М.Бундмаа аваргын төлөөх барилдаанд БНАСАУ-ын бөх Ан Кам Аэд барилдаан эхлээд удаагүй байхад цэвэр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ.
57 кг-ийн жинд мөн гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од барилдав. Гавьяат эхний тойрогтоо гоц мөргөсөн ч хоёрдугаар тойрогтоо Японы Сато Айкод цэвэр ялагдснаар дагах барилдаанд оржээ. Дагах барилдаанд гавьяат Хонконгийн Чан Цз Кванийг цэвэр, Казахын Уралбаевыг оноогоор ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Тэрээр хүрлийн төлөөх барилдаанд мөн БНАСАУ-ын бөхтэй таарсан. Yндсэн цагт Х.Эрдэнэт-Од юүко үнэлгээ авсан ч удалгүй юүко үнэлгээ алдснаар хоёр бөхийн оноо тэнцэж алтан оноогоор барилдааны хувь заяаг шийдэхэд хүрсэн. Энэ үед гавьяат коко үнэлгээ алдснаар медалийн оосроос атгаад алдлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button