Ерөнхийлөгч ОХУ-ын БУРИАД улсад очлоо

Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Улаан-Yд хотын галт тэрэгний буудалд ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгч Л.В.Потапов, гэргий Н.С.Потапова, Буриадын Улсын Их хурлын дарга А.Г.Лубсанов, ОХУ-ын Буриад улс дахь Холбооны ерөнхий байцаагч Б.В.Данилов, Буриадын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга И.М.Егоров зэрэг албаны хүмүүс угтан авлаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр халуун дотноор хүлээн авч, зочилж байгаад талархлаа илэрхийллээ. Тэрээр хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх, хувийн хэвшлийнхний харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих талаар санал солилцлоо. Тухайлбал ОХУ-ын Буриад улс ой модны баялаг нөөцтэй. Энэ баялагийг түшиглэн барилгын салбар, ялангуяа барилгын модон хийц, эдлэлийн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллахаар ярив. Түүнчлэн хүнсний үйлдвэрлэл, Монголоос мах экспортлох чиглэлээр Буриадын талтай харилцан үр ашигтай худалдааны харилцааг өрнүүлэх бүрэн боломж байгааг онцоллоо. Мөн соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын уламжлалт хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд хөгжлийн энэхүү өндөр түвшингээ хадгалан гүнзгийрүүлэх нь чухал байна гэв.
ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгч Л.В.Потапов харилцаа хамтын ажиллагааны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ялангуяа Байгаль нуур орчмын Буриадын аялал жуулчлалын салбарт Монголын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах боломжтойг тэмдэглэлээ.

Монгол оюутнуудтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Буриадын Улсын их сургуульд зочилж энд сурч байгаа монгол оюутнууд, эрдэмтэн багш нартай уулзан халуун дотноор ярилцлаа.
Тус их сургууль 1932 онд байгуулагдсан, 12 факультет, 4 институт, 12 мянган оюутан, 2000 багш ажилтантай юм. Сурган хүмүүжүүлэх ухаан, философи, нийгмийн ухаан, түүх, орос хэл, оросын утга зохиол судлал зэрэг мэргэжлээр монголын олон зуун мэргэжилтэн тус сургуулийг төгссөн. Өдгөө ч энэ уламжлал тасралгүй монголын оюутан залуус сурч боловсрон мэргэжил эзэмшиж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол судлал, Буддын шашин, Түвд судлалын Хүрээлэнд зочлон дорно дахины ном судар, гар бичмэл, Монгол Буриадын эрдэмтдийн бүтээл туурвилтай танилцлаа.

Иволгын дацанд зочлов

Иволгын үзэсгэлэнт талд байрладаг Буриадын бурхны шашны төв Иволгын дацанд Монгол Улсын Ерөнхийлөгч зочлон хүндэтгэл үзүүллээ. 1946 онд тухайн үеийн ЗХУ дахь цорын ганц буддын шашны төв болон нээгдсэн энэ дацанд номын сан, чойрын ном судлах сургууль, буддын урлагийн музей байдаг. Энэ дацан хийдэд XIX-XX зууны Буриадын буддын шашны томоохон төлөөлөгч Итгэлт хувилгаан хамбын занданшуулсан цогцос хадгалагдаж байдгаараа сүсэгтэн олон, судлаач эрдэмтдийн анхаарал, сонирхлыг татсан газар болжээ.

Нисэх онгоцны үйлдвэртэй танилцлаа

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Улаан-Yдийн сөнөөгч нисэх онгоцны үйлдвэртэй танилцав. 1940 оны сүүл үеэс Ла-5, Ла-7 сөнөөгч онгоц үйлдвэрлэж эхэлжээ. Энэ үйлдвэр дайрагч Су-25, Су-39, Ми-171Ш, ачаа тээврийн Ми-171А загварын нисдэг тэрэг үйлдвэрлэж байна.
Улаан-Yдийн нисэх онгоцны үйлдвэр ОХУ-ын батлан хамгаалах салбарын томоохон төв бөгөөд Ази, Африк, Европ, Америк тивийн орнуудад онгоц экспортолдог юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button