Хадгаламж авахгүй гэсэн амлалтаа тэр өдөрт нь биелүүлээгүй гэнэ

Баян-өндөр сан ХЗХ-ны дарга С.Самбалхүндэв, менежер Р.Баярмаа, Хяналтын зөвлөлийн дарга Н.Сүлдчимэг нарт Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Бадраа энэ оны тавдугаар сарын 19-нд хадгаламж авахгүй байх үүрэг өгчээ. Уг албан бичигт ХЗХ-нд шалгалт хийх явцад Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25.1.6-д заасныг үндэслэн 2006 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн шинээр гишүүн элсүүлэх, гишүүдээсээ нэмж хадгаламж татан төвлөрүүлэх, зээл олгохыг түр хугацаагаар зогсоож, гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, Хорооноос хийсэн шалгалтын дүнгийн талаар авч хэлэлцэн хоршооныхоо Хяналтын зөвлөлөөр асуудлыг нягтлан шалгуулах, хэвлэл мэдээллиин хэрэгслээр зар сурталчилгаа явуулахгүй байхыг үүрэг болгосон байна. Хорооноос өгсөн үүргийг биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 25.1.7, 25.1.9 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авч, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах бөгөөд хууль хяналтын байгууллагад хандах болно гэдгийг анхааруулж байна гэж дурдаад Д.Бадраа агсан гарын үсгээ зуржээ.

Гэтэл энэ албан бичгийг хүлээн авсан өдреө тус хоршооны менежер Р.Баярмаа нь Б.Уранчимэг гэгч эмэгтэй рүү гурван удаа утасдан мөнгөө найман сарын хугацаатай хадгалуулахыг ятган нийт 55 сая 500 мянган төгрөгийг нь тавдугаар сарын 20-ны өдөр авчээ. Тэр Б.Уранчимэг нь одоо Сүхбаатарын талбайд хоёр настай хүүхдийнхээ хамт өлсгөлөн зарлаж, шуугиан дэгдээгээд байгаа эмэгтэй юм. Тэр тус ХЗХ-нд өмнө нь мөнгө хадгалуулаад мөн тавдугаар сарын 2-нд гэрээгээ цуцалж байжээ.
Харин тус хоршооны дарга С.Самбалхүндэв, менежер Р.Баярмаа нар нэг гэр бүлийн хоёр бөгөөд тэдний бусармаг үйл ажиллагааг хадгаламжаа дахин өгснийхөө дараахан Б.Уранчимэг мэдсэн аж. Иймд хадгаламж нээлгэснийхээ эхний долоо хоногт хадгаламжаа буцаах тухай хүсэлтээ тавьсан боловч өдөр өдрөөр тав, таван сая төгрөгөөр нь цувуулаад өгөх юм уу эсвэл машинаа зараад өгье, банкнаас зээл аваад өгье, өнжөөд ир гэх мэтээр бултаж эхэлжээ. Бүр энэ тухай С.Самбалхүндэв түүний мөнгийг долоон хоногтоо багтаан олгох тухай алдаа мадаг ихтэй тодорхойлолт хийж өгсөн баримтыг дор нийтэлж байна. Мөн тэр тодорхойлолтыг бичгээр өөрийнхөө албан байранд гаргаж өгсөн хэрнээ тамга тэмдэг маань одоогоор байхгүй байна гэж хэлсэн нь тун хачирхалтай.

Иймд аргагүйд хүрсэн эмэгтэй түүний хурууны хээг тодорхойлолтдоо авч үлдээсэн байгаа юм. Дээр нь баталгаа гаргаж, 2006 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2007 оны нэгдүгээр cap хүртэл Баян-Өндөр группын Баянзүрх худалдааны төвийн барилгыг баталгаа болгон олгов гэснийг мөн нийтэллээ. Хамгийн хачирхалтай нь уг баталгааг хадгаламжийг нь авахаасаа өмнөх өдөр буюу тавдугаар сарын 19-ний өдрөөр урьдчилан гаргасан байгааг та харж байна.
Мөнгөө авч чадахгүйд хүрсэн бүсгүй холбогдох төр захиргааны нийт 13 байгууллагаар явсан боловч хэн ч хайхраагүй харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа туслах талаар ам гарсан юм билээ. Түүний зөвлөснөөр тэр УМБГ-т өнгөрсөн зургадугаар сарын 12-нд тус газрын мөрдөн байцаагч н.Нэргүйд өргөдлөө өгөхөд мөрдөн байцаагч түүнд Энэ бол залилангийн шинж чанартай хэрэг байна. Эрүүгийн хэрэг үүсгэнэ гээд түүний дэргэд Р. Баярмаа руу шууд утсаар залгасан аж. Тэгээд Танай хоршоонд холбогдолтой нэгэн иргэнээс гомдол ирсэн тул 14 цагт ир гээд түүнийг ч мөн ирэхийг даалгажээ. Гэтэл Б.Уранчимэг өргөдлийн буруу бичсэн толгойг засуулахаар явж байтал 30-40 минутын дараа нөгөөх мөрдөн байцаагч нь утасдан Тэр хоршоо чинь дампуураагүй. Хэвийн үйл ажиллагаа явуулдаг гэж УМБГ-ын нэгдүгээр тасгийн ахлах мөрдөн байцаагч, хошууч н.Баярмаа хэлж байна.

Өргөдлийг чинь буцаалаа гэж хэлжээ. Түүнийг яагаад гэж асуухад Энхжаргал чинь тэр Р.Баярмаагийн ээжийнх нь дүү юм байна лээ гэж хариулсан гэнэ. Гэтэл энэ явдлын дараахан Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа бусдын гарт амиа алдсан тухай гунигт мэдээг сонсон дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болжээ.
Мөн санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайхан томилогдон очиход тэр мөн л ханджээ. Д.Баярсайхан дарга С.Самбалхүндэвт 2006 оны долдугаар сарын 26-нд Б.Уранчимэгийн гомдлыг барагдуулан хадгалуулсан мөнгийг олгохыг манай хорооноос удаа дараа шаардсан боловч тус үүргийг биелүүлээгүй тул түүний 55.500.000 төгрөгийг нэн даруй олгож, энэ талаар Хороонд долдугаар сарын 28-ны дотор яаралтай мэдээлэх, биелүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлэх тухай шаардлагыг дахин хүргүүлсэн тухай баримтыг ч дор нийтлэв.

Харин ХЗХ-оод ар араасаа дампуурч эхлэх үед ХЗХ-дыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж эхэлжээ. Тэр хохирогчийн хувьд мөрдөн байцаагч н.Оюунд байцаалт өгч байхад нэгэн эмэгтэй яасан ийсэн гээд ар өврөөр нь юм асуун гүйгээд байжээ. Үүнд хэсэг сатаарсан түүнийг мөрдөн байцаагч нь Урагшаа хараад зүгээр суу гэж хэлэхэд нь гайхан учрыг асуувал тус Баян өндөр сан ХЗХ-ны хэргийн мөрдөн байцаагчаар томилогдоод ажиллаж байгаа тухай сонссон тул мөрдөн байцаагчаараа дамжуулан хүсэлт гаргасны эцэст уг албаас нь өөрчлүүлсэн ийм нэгэн явдал болжээ.
Энэ явдлаас хойш хэрэг явдал үргэлжилеээр тэр Сүхбаатарын талбайд суулт зарлах болсон бөгөөд тэндээсээ эмнэлэгт албадан хүргэгдсэний эцэст одоо Хууль зүйн үндэсний төвийн байранд суулт зарлаад байгаа юм байна. Түүний бие одоо бөөрний дутагдал болон элэгний хатуурлын шинжтэй, ходоод нь шархалсан, тураалын гуравдугаар зэрэгт орсон, цус багадалтай зэрэг олон төрлийн өвчтэй бие нь сул байгаа аж. Харин хэл амны бай болоод байсан хүү нь 24-ийн цэцэрлэгт явж байгаа бөгөөд одоогоор шөнөдөө тэнд очин хоноглодог гэнэ.

Ардын эрх сонин 237 /515/
С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button