Хойд Солонгос дахь газар доорхи дайны цуурай

Хойд болон Өмнөд Солонгос бие биеэсээ хөндийрлийн зурвасаар тусгаарлагджээ. Энэ доогуур дайсны газар нутаг руу нүх ухаж байна. Саяхан энэ бүсэд хоёр хүчтэй дэлбэрэлт болсон нь дэлхий нийтийг түгшээлээ.
Даваа гаригийн үүрээр Солонгосын хойгийн цэрэггүй бүсээс холгүй орших газар хоёр хүчтэй дэлбэрэлт болсон нь дэлхий нийтийн анхааралд өртөөд байна. Магадгүй Пхеньян плутонийн цэнэгт хошуутай пуужин тээгчийг туршсан байж болох юм. ОХУ-ын Алс Дорнодын чичирхийлийн ажиглалтын мэдээллээс үзэхэд газрын доргилт хэтэрхий сул байсан учраас цөмийн туршилт хийсэн гэж хардахад хангалтгүй аж. Гэвч эдгээр дэлбэрэлт нь Өмнөд Солонгосын Засгийн газрын хүрээнийхэнд ноцтой түгшүүр төрүүлээд байна. Түгших нь ч аргагүй. Яагаад гэвэл, цэрэггүй бүсээс Өмнөд Солонгосын нийслэл хүртэл ердөө л 39 км зайтай байдаг билээ.
Хоёр Солонгосын хооронд хил байдаггүй. Yүний оронд заагласан зурвас байдаг. 39 дугаар уртрагийн хил гэж нэрлэх нь бий. Японы тэнгисээс Шар тэнгис хүртэлх 248 км зурваст дөрвөн метр өндөр тор татаж хоёр Солонгосыг тусгаарласан байдаг. Энэ бүс нутгийг автомат зэвсэг, немц овчарктай цэргүүд байнга хамгаалж, эргүүл хийж байдаг. Хэний ч бус бүсийг өргөнөөрөө нэг л машин багтахаар ганцхан замаар хөндлөн гаталж болно. Хоёр талаас үе үе чанга яригчаар суртал ухуулгын шинжтэй радиогийн нэвтрүүлэг явж, нэг нэгнээ доош нь чихдэг ажээ.
Дундын газарт араатан, жигүүртэн л эрх дураараа сэлгүүцнэ. Энд цэргийн болон иргэний, өөрөөр хэлбэл, хүний үйл ажиллагааг бүрэн хоригложээ. Дайны өмнө энэ газарт байсан хоёр тосгоны оршин суугчид, үр хүүхдийг нь нүүлгэн шилжүүлсэн юм. Одоогоор өмнөдийн нэг тосгонд л хүн ам оршин сууж байна. Төмөр торны хойд талд хэн ч амьдардаггүй. Харин хэдэн тариачид ирж уг газрын зарим хэсгийг ашигладаг байна. Талбайн ажилчдыг зөвхөн өдрийн цагаан гэгээнд ажиллахыг шаардана. Харуй бүрий болоход хөл хорио тогтооно. Цэргийн засаг захиргаа талбай руу орж ирж байгаа тариачдыг тод улаан өнгийн бүрх малгай өмсөхийг шаарддаг аж. Ийнхүү тэднийг сайтар ялгаж, бай болгон онилоход бэлэн байдаг. Yнэн хэрэгтээ тэд хайчин галын дунд байнга байдаг хүмүүс юм. Берлиний ханыг нураасны дараа хүйтэн дайны үлдэгдэл болсон цорын ганц газар нь энэ ажээ.
Сөргөлдөгч хоёр талын хоорондохь ямар ч харилцаа холбоо зөвхөн Панмунжом дахь цэргийн хуаранг санагдуулам нэг давхар барилгад болдог. Энэ байшин цорын ганц хаалгатай бөгөөд ширээ нь хилийн цэрэггүй бүсийн шугаман дээр байрласан байдаг ажээ. Гагцхүү жинхэнэ хүсэл эрмэлзэл энэ ширээний цаанаас бус харин үүний харалдаа газар дор 70 метрийн гүнд илэрдэг байж болзошгүй байна.
Солонгосын дайны үеэр хойдууд уул хадыг нүхэлж, газар дор хоргодсоноор америкуудын бөмбөгдөлтөөс аврагдаж байсан юм. Түүнээс хойш хагас зуун өнгөрөхөд өмнөдүүд хилийн цэрэггүй бүсийн доогуур өмнө зүг рүү ухсан 17 хонгилыг илрүүлсэн байна. Жуулчдад үзүүлдэг гурван метрийн диаметртэй хонгилоор нэг цагийн дотор хүнд зэвсэгтэй явган цэргийн дивизийг өрсөлдөгчийнхөө ар талд гарган хаях боломжтой. Өөрөөр хэлбэл, дивиз цэрэг Сөүлээс ердөө л 34 км-ийн зайд гарч ирнэ. Сөргөлдөөний хагас зууны дотор ийм хонгил хэдийг ухсан нь тодорхойгүй. 50-иас доошгүй хонгил бий хэмээн үздэг юм байна. Өмнөдүүд ч хойд зүг рүү нүх ухдаг гэсэн хардлага байдаг.
Хойд Солонгосын тусгай зориулалтын 124 дүгээр элит бригад хорлон сүйтгэх үйл ажиллагаандаа хонгилуудыг нэг бус удаа ашиглаж байжээ. 1962 оны нэгдүгээр сарын 18-нд Хойд Солонгосын 31 хүнтэй отряд Сөүлд нэвтрэн орж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн өргөө байрлаж байсан Цэнхэр ордныг дайран эзэлж, тэнд байгаа бүх хүнийг устгаж, Пак Чон Хигийн толгойг огтолж ирэх даалгавар авчээ. Өмнөдүүд асар их хүнээ золиослон байж эл отрядыг устгажээ. Энд хоёр хорлон сүйтгэгч амьд гарсны нэг нь хойд руугаа зугтан гарч генерал болсон бол, нөгөө нь өмнөдөд гарч санваартан болсон гэдэг.
Цэрэггүй бүс дэх осол, мөргөлдөөн үргэлжилсээр, одоо бол харьцангуй бага эрчимжилттэй явагдах болжээ. 1990-ээд онд зарим дэглэм, хязгаарлалтыг хөнгөвчилсөн. Газрыг нь хураан авч цэргийн газар болгосон орон нутгийн оршин суугчдад нөхөн төлбөр олгож эхлэв. Хээрийн сургууль, цэргийн маневрийн үеэр эд хөрөнгөнд нь хохирол учруулсан хүмүүсийн хохирлыг барагдуулах болов. Мэдээж хэрэг энэ бүгд өмнөдөд болж байгаа.
2004 оны есдүгээр сард сүүлийн 50 жилд анх удаа Солонгосын хойгийн хуваагдсан хоёр хэсгийн хотуудын хооронд автобусны шугам нээгджээ. БНСУ-ын нийслэлээс хилийн цэрэггүй бүсний хойд талд байрлуулсан Өмнөд Солонгосын технопарк хүртэл автобус явдаг боллоо. Өмнөд Солонгосын хэдэн зуун компани БНАСАУ-ын хямд ажиллах хүчээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой болжээ. Гэвч АНУ-ын Засгийн газраас Хойд Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ энэ төслийг зогсоож, улмаар Пхеньяны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи яриа хэлэлцээ мухардалд орлоо.
Хойд Солонгосын талаас хилийн цэрэггүй бүсэд үйлдвэрлэлийн байгууламж гээд байх юм байхгүй. Энэ бол уулархаг газар. Гэвч энд БНАСАУ-ын хагас сая орчим цэрэг байрлаж бэлэн байдалд байдаг билээ. Энд буу зэвсгийн багагүй нөөц, агуулах бий. Гэвч энэ зэр зэвсэг дэлбэрсэн гэдэг юу л бол. Магадгүй хойдууд Өмнөд Солонгосын нууц хонгилыг гэнэт олж илрүүлээд түүнийг нь дэлбэлж нураасан байж магадгүй байна. Мөн өөрсдөө бас нэг хонгил гаргах гэж дэлбэлсэн гэж үзэх хүмүүс ч байна. Даваа гаригийн үүрээр болсон дэлбэрэлтийн шалтгааныг таамаглахаас өөр зүйл алга. Гагцхүү энэ дэлбэрэлт бол энхийн зорилготой биш, харин хоёр Солонгосын газар доорхи дайны илэрхийлэл байж тун болзошгүй ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button