Засаг дарга дипломтой байх ёстой юу, туршлагатай байх нь чухал уу

Засаг дарга нар ажлын хариуцлага алдаж, ажлаа оронцоглосноос төрийн албаны нэр хүндийг навс унагаж буй. Иймээс Засаг даргад нэр дэвшигчдийн шалгуурыг дээшлүүлэх ёстой гэдэг дээр гишүүд бүгд санал нийлэх байсан юм. Харин яг ямар шалгууртай байх талаар санал зөрсөн зүйл олон гарав. Тухайлбал Э.Бат-Yүл гишүүн дэлхийн чадварлаг хүмүүсийн ихэнх нь дөрөвдүгээр анги төгссөн байдаг. Тэгээд ч мэдлэг олж авах биш диплом өвөртлөхийн төлөө сурдаг болсон учир дээд боловсролтой байх шаардлагагүй гэж хэлсэн.
Харин ИТХ-д хоёр удаа сонгогдсон байх гэдэг ч юм уу ажлын туршлагыг харгалзая гэж тэрээр санал болгов. Р.Бадамдамдин гишүүн ч баг, сумын Засаг дарга нар боловсролтой гэхээс илүү хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой гэсэн санал хэлсэн юм. Архи ууж, ажлаа хийдүүлээд байна гэсэн гомдол орон нутагт тасардаггүй учир ёс зүйтэй, архи уудагүй байх нь чухал гэж тэрээр тайлбарлав. Харин Ц.Нямдорж, Д.Одхүү нар дээд боловсролтой байх гэсэн шалгуур заавал байх ёстой гэж үзжээ. Ц.Нямдорж дарга боловсролын шалгуур тавихгүй бол жижиг гарын наймаачин маргааш нь Засаг дарга болж төрийн албыг наймааны хэрэгсэл болгож, завхруулна шүү дээ гэж хэлсэн. Д.Одхүү гишүүн, дээд боловсролтой төр захиргааны албанд гурваас доошгүй жил ажилласан, авилга хээл хахууль, гэмт хэрэгт холбогдоогүй, ёс суртахууны доголдолгүй хүмүүсийг Засаг дарга болгоё гэж байв. Орон нутагт асар их эрх мэдлийг өгч байгаа тул босгыг өндөрсгөх хэрэгтэй гэж тэрээр хэлсэн. Эцэст нь гишүүдийн гаргасан саналуудыг ажлын хэсэг дээр хэлэлцэж, нэгтгээд дараа нь дахин ярилцахаар болсон юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button