АНУ-ын Засгийн газар өөрийнхөө мөнгийг бусдаар мэдүүлдэггүй гэдгийг та гадарлах ёстой

С.Оюун гишүүн ил захидалдаа Миний эсрэг чиглэсэн гүтгэлэг төдийгүй доромжлолыг зарим хэвлэлээр байнга өдөөж байдгийг та хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг билээ. Саяхнаас үүнд та биечлэн оролцох болж байгаа юм байна гэж би ойлголоо. УИХ-ын чуулганы хуралдаан дээр ИЗН-ыг Америкийн нам гэх үл ойлгогдох зүйл ярьснаа та саяхан Сэрүүлэг сонины ¹40-д давтан дэлгэрүүлсэн байна. Таныхаар бол АНУ-аас авилгатай тэмцэх зориулалтаар манай улсад өгч байгаа мөнгөний зохицуулалт, хуваарилалтыг би хийж суудаг юм байна. Ийм ямар ч боломж байхгүй, Америкийн Засгийн газар өөрийнхөө мөнгийг бусдаар мэдүүлдэггүй гэдгийг та эрхбиш гадарлах ёстой хүний нэг. Хэдий тийм ч танд төдийгүй намайг утга учиргүй хардсан дүр үзүүлж байгаад гол нь нэр төр гутаах сонирхолтой зарим хүн, хэвлэлд зориулаад давтан хэлэх ёстой болж байна. Би, миний тэргүүлдэг Зориг сан, удирддаг ИЗН авилгатай тэмцэх чиглэлээр Монголд үзүүлж байгаа АНУ-ын санхүүгийн дэмжлэг туслалцааг авдаггүй, хянадаггүй. Тэр хөрөнгө мөнгө таны хэлж буй шиг бидний юмуу миний гараар дамждаггүй. Хэнд яаж хуваарилах, ямар төсөлд олгох талаар шийдвэр гаргахад бид оролцдоггүй.
Манай Зориг сан нэг л удаа, авилгын эсрэг биш хүний эрхийн чиглэлээр АНУ-ын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлсэн юм. 14 мянган долларын өртөгтэй төслийн дүнд өсвөр үед зориулсан Yндсэн Хуулийн хялбаршуулсан зурагт ном хэвлүүлсэн юм. Манай Сангийн төсөл сайн хэрэгжсэн. Зурагт номыг 8500 хувь хэвлээд Монголын хүүхэд багачуудад мөн номын фондуудад үнэгүй тараасан.
Ер нь эрхэм бөгөөд бусдын хүндэтгэл хүлээхүйц зорилготой түүндээ тууштай үнэнч байж чадвал таныг, удирдаж байгаа байгууллагыг тань дотоод гадаадгүй итгэдэг дэмждэг юм билээ. Харин бусдыг хорлох, гүтгэх, муучлах оролдлого угаасаа явуургүй. Хүмүүс удаан төөрөлдөхгүй. Нэг их удалгүй үнэн дүр төрхийг тань ойлгочихно.
Дээр хэлсэнчлэн хүний сэтгэлийг эрхгүй татам бүхэнд ойлгомжтой ил тод, нийтийн үйлс болсон зорилготой явж танд итгэдэг дотоод, гадаад олон хамтран ажиллагчтай болоорой гэж танд хүсье. Улстөрч та биднийг зорилго маань л бусдын өмнө тодорхойлж, ялгаруулж өгч байдаг юм биш үү гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button