Дорнод аймагт 2007 онд 14.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Ерөнхий сайдыг аймгийн цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж мэндчиллээ.
Ерөнхий сайд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнууд, агентлагийн дарга нартай уулзаж аймгийн ажил байдлын талаар мэдээлэл сонслоо.
Дараа нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн Дорнод бүсийн эрчим хүчний систем ХК-ийн ажил байдалтай танилцав. ДБЭХС компани энэ жил 36 мВт цахилгаан, 300 тонн уур үйлдвэрлэх хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцдаа Германы тусламжаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, үйлдвэрийн удирдлагыг компьютержүүлсэн байна. Ер нь үйл ажиллагаа сайн, өвлийн бэлтгэлээ ч хангалттай базаасан гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Насантогтох Ерөнхий сайдад танилцуулж байлаа.
Мөн Ерөнхий сайд М.Энхболд аймгийн төвийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Хэрлэн сумын иргэд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Гол нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг шат дараатай нэмэх бодлого барьж байгаад талархаж байгаа нь уулзалтад оролцсон хүмүүсийн хэлсэн үгнээс тодорхой харагдаж байлаа. Ерөнхий сайд ч 2007 оны 1 дүгээр сарын нэгнээс цалинг 20 хувь нэмж цалингийн дундаж хэмжээг 150000-д хүргэх, тэтгэврийг 15 хувь нэмэх болсон талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Иргэд Мянганы зам Дорнод аймгийн төвөөр дайрч болох уу, С.Зоригийн хэргийг даруй илрүүлж өгөөч, Хужирбуланд Хятадын үйлдвэрийн химийн бодисын үйлдвэрийг байрлуулж байх хэрэг байна уу, улс орны аюулгүй байдал зөрчигдлөө, малын хулгай ихэслээ, эмнэлгийн үйлчилгээ муудлаа зэрэг гомдлыг Засгийн газрынхаа тэргүүнд тавьж байлаа. Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгасан боловч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар учирлаж байлаа. 10 дугаар багийн иргэн Даваажав Хилээр хаягдал төмөр гаргаж өгөөч гэж хүслээ. Мөн банкны зээлийн хүүг буулгаж өгөөч гэсэн хүсэлтийг зарим хүмүүс хэлж байлаа.
Цэрэнпил гэдэг эмэгтэй Дорнодод 1000-ын гэж нэрлэдсэн хямдхан архинаас болоод аймгийн иргэдийн хувьд архидалт үнэхээр том асуудал болж байгааг Ерөнхий сайддаа дуулгалаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд нутгийн иргэдэд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын бодлогыг тайлбарлаж, 2007 оны улсын төсвийн онцлогийн талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар ирэх жил 37 мянган ажлын байр бий болгож, ажлын байр нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллана гэж Ерөнхий сайд М.Энхболд хэлэв. Энэ жил Дорнод аймагт 900 хүн ажилтай болсныг багагүй амжилт гэж үнэлэв.
Түүнчлэн 2007 онд Дорнод аймгийг хөгжүүлэх талаар олон бүтээлч ажил хийхээр Засгийн газар төлөвлөөд байгаа бөгөөд зөвхөн эрчим хүчний салбарт гэхэд Сэргэлэн-Цагаан-Овоо сумын 35 квт-ын 71 км, Чойбалсан-Сэргэлэн сумын 35 квт-ын 64 км, Булган-Хөлөнбуйр сумын 15 квт-ын 75 км, БНХАУ-ын хилээс Сүмбэр сум хүртэлх 10 квт-ын 10 км цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилгуудыг барихад нийлбэр дүнгээрээ 3 тэрбум 310 сая төгрөгийн ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байгааг мэдээллээ. Мөн Матад суманд нар-салхины хосолсон 120 квт-ын цахилгааны эх үүсвэр байгуулахад 890 сая , Алтан голын 18 м урт төмөр бетон гүүрийн барилга барихад 180 сая , Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам барьж байгуулахад 9 тэрбум төгрөг зарцуулах болсныг мэдэгдлээ.
Түүнчлэн аймгийн Театрын концертын заалын барилгыг эхлүүлж 180 сая төгрөгийн ажил гүйцэтгэхээр, Баяндун сумын соёлын төвийн барилгыг барихад 167 сая төгрөг зарцуулахаар, Баян-Уул сумын 20 ортой хүн эмнэлгийн барилгыг эхлүүлж 130 сая төгрөгийн ажил хийхээр, Хэрлэн суманд ахмадын амралт сувиллын төвийн барилга барихад 100 сая төгрөг, Хавиргын боомтын тохижилтод 80 сая төгрөг, 0132 дугаар ангийн 6 дугаар заставын цэргийн байрны засварт 84 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
2007 онд Дорнод аймагт 35 төрлийн барилга байгууламж барих, өргөтгөх, засварлахад зориулж 14 тэрбум 625 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газар төлөвлөөд байгааг ч Засгийн газрын тэргүүн хэллээ.
Эдгээр бүтээн байгуулалтын ажлын үр дүнд Дорнод аймгийн эдийн засаг илүү хурдацтай хөгжих, хүн ардын амьдрал дээшлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Нэг аймагт 14-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг чанартай бүтээн байгуулалт болж, аймгийн нүүр царайг өөрчилнө. Эдгээр бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр юу хийж чаддагаа та бүхэн харуулаарай гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Дорнод аймагт ажилласны дараа Сүхбаатар аймгийг зорилоо. Монгол дайчдын хөшөөн дээрээс Чойбалсан хотын цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж Засгийн газрын тэргүүнийг үдлээ.
Ерөнхий сайд дагалдан яваа хүмүүсийн хамт Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайрын үйлдвэрт ирж ажил байдалтай нь танилцав.

Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ/
2006.12.05

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button