Миний нөхрийн өгсөн шинэчилсэн мэдүүлгийг анхаарч үзээгүйд харамсч байна

Манай улсад болж байгаа хамгийн дуулиантай үйл явдлын нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын дарга асан Б.Даваажав, УИХ-ын гишүүн Ч.Улааныг Шадар сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүү зэрэг арваад хүний нэр холбогдсон авлигын гэх тодотголтой хэрэг билээ. Энэ хэрэгт яллагдагчаар татагдаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонсоод байгаа Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын дарга асан Б.Даваажавын эхнэр Ө.Батсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Гаалийнхны авилгын хэрэг гэдэг энэ хэрэг явдлын талаар та ер нь ямар бодол саналтай явдаг вэ?

-Ажиглаад, сэтгэлдээ бодож тунгаагаад, хөндлөнгөөс харж байхад зохиомол хэрэг шиг санагддаг. Эд нарыг яллачихвал хэсэг бүлэг хүмүүст ашигтай. Албан тушаал ахихад нь хэрэг болдог ч юм уу. Нам, хүчин биш юм аа гэхэд дунд, дээд тушаалын албан тушаалтнууд ч юм уу, ер нь ямар ч байсан гадны нэг хүчин энэ хэргийг шийдэхэд нөлөөлөөд байх шиг санагддаг.

-Ажиглаад, тунгааж байхад л ингэж санагдсан хэрэг үү. Эсвэл ямар нэг үндэслэл, таамаглал дээр тулгуурлаж ингэж хэлж байна уу?

-Тийм тийм таамаглал, үндэслэл байгаа болохоор ингэж хэлж байгаа юм гээд худлаа, үнэн нь мэдэгдэхгүй юм яриад байлтай ч биш. Их хэцүү юм аа. Хурдхан энэ хэргийн үнэн мөн нь олдоосой, тэр хэцүү газраас хань ижлийгээ эрүүл саруул гаргаж авах юм сан л гэж бодож байна.

-Анхан болон давж заалдах шатны шүүх долоон жилийн хорих ял оноосныг юу гэж бодож байна?

-Хэцүү л санагдаж байна. Маш харамсалтай.

-Магадгүй хяналтын шатны шүүх энэ ялыг хэвээр үлдээж болно. Ийм явдал тохиолдвол яах вэ. Долоон жилийн дараа тэр хүний байр суурь гэж байхгүй болно. Хяналтын шатны шүүх ялыг хэвээр үлдээхгүй байх гэсэн найдлага байна уу?

-Шүүхийн аль нэг шатанд энэ хэргийн учир нь олдож, үнэн мөн нь тогтоогдоно итгэж найдаж явдаг. Арай ч долоон жил хорихгүй байлгүй дээ. Хэрвээ хяналтын шатны шүүх ялыг хэвээр үлдээвэл дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л юм болно байх даа гэж яг энэ мөчид бодож байна.

-Нөхрийнхөө хувьд та хамгийн дотно хүн нь. Түүнийг хахууль аваагүй гэдгийг гэрчилж чадах хүний нэг нь магадгүй та?

-Миний оролцоо, нэмэр тус гэж юу байх вэ. Гэхдээ би үнэн зөвийг олохын тулд явна гэж бодож байгаа. Өнөөдрийн хувьд би ийм л юм яримаар байна.

-Нөхрийгөө хоригдсоноос хойш та хэдэн удаа уулзсан бэ, ямархуу орчин нөхцөлд хоригдож байна?

-Шорон гяндан мэдээж ямар сайхан байх вэ, хэцүү л газар байна лээ. Нэг өрөөнд хориод байдаггүй, өрөө дамжуулаад байдаг юм шиг байсан. Хоригдсоноос нь хойш гурван сарын хугацаанд ерөөсөө уулзуулаагүй байж байгаад одоо хүсэлт гаргавал долоо хоног болгоны эргэлтиин нэг өдөрт уулзуулдаг болсон.

-Уулзахдаа ярьж хөөрч амждаг уу. Тэр давж заалдах шатны шүүх хурал дээр мөрдөн байцаагч их дарамталж, хэрэг хүлээлгэсэн гэж ярьсан. Энэ талаар таньд хэлж байсан уу. Тэр ер нь ямархуу байна вэ?

-Тэр болгоноо хэлээд байдаггүй. Янз бүрийн юм яривал санаа нь зовчихно гэж боддог биз. Гэхдээ эргэлтээр очиход дарамтад байдаг нь мэдрэгддэг. Нэг удаа очиход чихнээс нь, дарамтад байдаг нь мэдрэгдэж байсан. Саяхан зүрх нь өвдөөд нэг хэсэг хорихын эмнэлэгт хэвтсэн. Төв аймагт хоригдож байхад бие нь өвдөхөөр хорихынхон ганцхан мөрдөн байцаагчийнх нь зөвшөөрлөөр биеийг нь үзнэ гэдэг байлаа. Төв аймтийн мөрдөнд хоригдож байхад мөрдөн байцаагч мэдүүлэг авах гэж очихдоо эмчид биеийг нь үзэж болно гэсэн зөвшөөрөл өгөхгүй л бол бие нь өвдөж байсан ч эмч үздэггүй л байсан.

-Ажил хэргийн яриа танай гэр бүлд хэр өрнөдөг байсан бэ. Зарим гэр бүлүүд ажил хэргээ ярьдаг, зөвлөдөг, тодорхой хэмжээгээр нэгнийхээ ажил төрлийг сонирхдог шүү дээ. Таны хувьд?

-Даваа боомтын даргыг ердөө л найман cap хийсэн шүү дээ. Энэ хугацаанд бид тоотойхон уулзсан. Манайх хотод байдаг. Би хоёр хүүхэдтэйгээ хотод амьдарч, нөхөр маань боомт, хот хоёрын дунд ирж очин байсан. Тэгээд ч Давааг даргаар нь ажилласан найман сарын хугацаанд тэр боомт хоёр, гурван удаа л нээгдсэн байх. Нээгдэх үед нь тэр боомтод очоод, ирдэг бай¬сан. Богино хугацаанд ажилласан бас, байнга хамт байгаагүй болохоор ч тэр үү нөхөр маань ажил хэргээ надад тэр бүр яриад, манай гэр бүлд нөхрийн маань ажлын талаарх яриа өрнөөд байгаагүй ээ.

-Нөхөр тань гаальд яаж орсон юм бол. Ер нь амьдралын гараагаа юунаас, ямар ажлаар эхэлсэн хүн бэ?

-Зохих ёсны шалгалт шүүлгийг нь өгөөд л гаальд ажилд орж байсан. Бид гэр бүлээрээ Орост амьдарч, оросоос монгол руу юу оруулж наймаа хийх боломжтой байна, тэр болгоныг нийлүүлж бизнес хийн амьдралын гараагаа эхэлсэн хүмүүс. Найман жил Орост амьдраад 2000 оноос нутагтаа ирж, хувийн компани байгуулаад хоёр гурван жил болсон. Энэ ажил үйлс маань маш бүтэмжтэй, нэлээд ашигтай байсан. Энэ үедээ алийн болгон наймаа хийх вэ гэж ярилцаад нөхөр мааньтөрийн албанд ном журмаар нь орсон. Манай хүн чинь эдийн засгийн дээд боловсролтой удирдлагын академи төгссөн шүү дээ. Бидэнд гаальд ажилд орж, тэгээд бусдаас хахууль авч баяжих ямар ч шаардлага байгаагүй. Гаальд орохоосоо өмнө орон сууцтай, машинтай ер нь л амьдралын бүх хэрэгцээгээ шийдчихсэн байсан гэдгийг хахууль авч баяжсан гэж харддаг хүмүүст хэлмээр байна. Бизнесийн хүрээнийхэн мэдэх нь мэдэх л байх.

-Хахууль авч олсон мөнгөөрөө байшин бариулсан, хувьдаа завшсан гээд л ярьдаг шүү дээ. Ер нь ингэхэд нөхрийг тань гаальд ажилд орсноос хойш танайд ямар эд хөрөнгө нэмэгдэв?

-Хорогдсон уу л гэхээс нэмэгдсан ганц ч юм байхгүй. Давааг гаальд ороход байсан байрандаа л бид амьдарч байна. Түүний гаальд ажилласан найман cap миний хувьд онц чухал явдал биш байсан.

-Хилээр төмөр гаргахын тулд Б.Даваажавт 20 мянган ам.долларын хахууль өгсөн гэж Отгон, Батхуяг гэдэг хоёр хүн анхан шатны шүүхэд мэдүүлсэн. Тэднийг энэ мэдүүлгээс нь буцаалга гэж танай нөхөр Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Түвшинжаргалыг дарамталсан, түүнд шоронгоос ийм үгтэй захидал бичсэн гэдэг яриа гараад байна?

-Б.Түвшинжаргал сонинд ийм ярилцлага өгснийг би гайхсан. Тэр Б.Даваажав гэдэг хүний дарга нь байсны хувьд ажил хэргийн холбоотой гэсэн байна лээ. Тэгвэл би Б.Түвшинжаргалыг манайхаар орж гарч явсныг мэднэ. Б.Түвшинжаргалын тухайд би энэ цаг хугацаанд үүнээс өөр юм яримааргүй байна.

-Нөхөр тань давж заалдах шатны шүүхэд шинэчилсэн мэдүүлэг өгөхдөө Би 20 мянган ам.доллар аваагүй. Тэр мөнгийг Б. Түвшинжаргал авсан гэж хэлснээс үүдээд энэ яриа гарсан шүү дээ. Харин Б.Түвшинжаргал сонинд өгсөн ярилцлагадаа үүнийг үгүйсгэсэн?

-Ер нь ямар ч доод албан тушаалтан удирдлага руугаа яриад Хөее чи тэр намайг гүтгээд байгаа хоёр хүнийг мэдүүлгээс нь буцаа, дуугүй болго гэж хэлэх үү. Тэр тусмаа зүгээр байгаа хүнд учир зүггүй захиа бичнэ гэж бүр байхгүй биз дээ. Ямар ч харилцаа холбоогүй хүмүүс захиа занаа бичилцэхгүй нь магад. Хэрвээ бичсэн нь үнэн бол цаана нь нэг асуултын тэмдэг байна аа гэсэн үг.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн миний нөхрийн өгсөн шинэчилсэн мэдүүлгийг анхаарч үзээгүйд харамсалтай байгаа.

-Энэ талаар мөрдөн байцаагч таниас мэдүүлэг авсан уу?

-Мөрдөн байцаагч надаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй.

-Нөхрийн тань аав, ээж, ах дүү нар нь ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ. Магадгүй тэр гэр бүлээ тэжээх гэж хахууль авах шаардлагагүй байж болох ч ах дүү нартаа туслах гэж мөнгө авдаг байсан байж болно гэсэн утгаар л ийм асуулт тавьж байгаа хэрэг л дээ?

-Даваагийн ах дүү нар нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компанитай. Сүүлийн хэдэн жил дараалан ургацын аварга болсон компани. Даваагаас мөнгө төгрөг хараад байхаар хүмүүс огтхон ч биш. Бүгд байртай, унаатай. Даваад энэ минь, тэр минь яаж байгаа бол гээд гэрийнхэндээ санаа зовоод мөнгө төгрөг илүүчлээд байх шаардлага байдаггүй.

-Хүүхдүүд тань хэдэн настай вэ, нөхрийгөө хоригдсоноос хойш яажшуухан аж төрж байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе?

-Бид хоёр 17 жил ханилж, нэг хүн шиг л болсон. Бид хоёр хүүхэдтэй. Том нь аавыгаа хоригдож байгааг мэдсэн. Түүнд хэзээ нэгэн цагт учир нь олдоно гэж хэлж ойлгуулдаг. Харин бага охин минь зургаахан настай болохоор юу ч мэдэхгүй. Зурагтаар шүүх хурлын мэдээ сурвалжлага гарахаар охиноо гадуур авч гараад үзүүлэхгүй аргалаад өнгөрүүлдэг. Тэр аавыгаа ажилдаа явчихсан, ямар удаж ирдэг юм л гэж бодож байгаа. Бид гуравт нөхрийн маань ах дүү, найз нөхөд тус дэм болж, дэмжлэг үзүүлж байгаа. Хүнд хэцүү үед бидэнд тусалж, дэмжиж байгаа найз нөхөддөө баярлаж байгаагаа бас хэлмээр байна. Ийм үед л хүний мөн чанар, хүн чанар танигддаг юм байна аа. Энэ үгийг би Б.Түвшинжаргалын тухайд хэлж байгаа хэрэг.

Ардын эрх сонин 237 /515/
Ц.Эрдэнэцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button