Арбитр шүүх мөн үү?

Арбитрын шүүхээр иргэний эрх зүйн маргааныг шийдээд зогсохгүй, мөн нийтийн эрх зүй болон олон улсын нийтийн эрх зүйд хэрэглэдэг. Эдгээрт хувийн арбитрын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэдэг тул андуурах аюул байдаг учраас ялгааг нь мэдэх шаардлагатай юм. Эдийн засгийн эрх зүйд гарсан маргааныг шийдэх арбитрыг арилжааны арбитр буюу Commercial Arbitration гэж нэрлэж заншсан байна. Арилжааны арбитрыг үндэсний ба олон улсын гэж ангилдаг бөгөөд олон улсын арилжааны арбитр гэсэн ойлголт дэлхийн 1-р дайны дараа гарч ирсэн ба түүнийг Юнситралын / НҮБ-ын олон улсын худалдааны эрхийн комисс/ Model Law буюу загвар хуулийн 1-р зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлж өгсөн байна Үүнд арбитр нь дараахь нөхцөлд олон улсын болно
1.Арбитрын хэлэлцээрийн талууд гэрээ байгуулах үедээ өөр өөр улсад байсан бол
2.Талуудын харьяа байгууллагын орших улсаас өөр дараахь газарт талуудын харьяа байгууллага байгаа бол Үүнд
А/худалдааны харилцаанаас үүсэх үүргийн ихэнх хэсэг нь биелэгдэх ёстой газар, эсвэл маргааны зүйлтэй салшгүй холбоотой газар байгаа бол
Б/ талууд арбитрын хэлэлцээрийн зүйл нэгээс илүү улстай холбоотой болохыг шууд тохиролцсон бол Арбитрыг үндэсний болон олон улсын гэж ялгах нь олон талын ач холбогдолтой.
1.Үндэсний арбитрын хувьд талууд нэг улсад харьяалагдах тул ердийн шүүхийг сонгон маргаанаа таслуулах боломжтой байдаг бол талууд нь өөр өөр улсын субъектууд байдаг олон улсын арбитрын хувьд арбитрын тухай тусгай тохиролцоонд хүрч байж төвийг сахисан шуух бий болгоно.
2.Үндэсний арбитрт тухайн улсын шүүхийн процессын хэм хэмжээг дагаж мөрддөг харин олон улсын арбитр нь янз бурийн эрх зүйн соёл бухий улсуудад ирсэн талуудад бүгдэд нь тохирсон процессын эрх зүйтэй байх ёстой. Иймээс зарим улсууд үндэсний ба олон улсын арбитрын процессын өөр өөр зохицуулалттай хууль батлан гаргасан байдаг. Жишээ нь Франц, Швейцарь. Гэвч үндэсний ба олон улсын арбитрыг нэгдсэн байдлаар зохицуулах чиг хандлага олои улсын хэмжээнд эргэж тогтсон байна. Учир нь Юнситралын загвар хууль олон улсын арбитрын процесст зориулагдан гарсан боловч үндэсний арбитрт мөн сайтар тохирдог нь практикаар батлагдсан. Гэвч үндэсний ба олон улсын арбитрт процессын ялгаа байсаар байх болно гэж мэргэжилтнүүд үздэг. Учир нь зарим улсууд өөрийн орны процессын эрх зүйн зохицуулалтыг өөрчлөхгүйн тулд загвар хуулиас гажих тохиолдол гарсаар байна. Арбитр гэдэгт талуудын хүсэл зоригийн үндсэн дээр иргэний хэргийг төрийн шүүхийн оронд шийдэх эрх хэмжээ олгогдсон 1 буюу хэд хэдэн арбитрчаас бүрдсэн иргэний шүүх ийг ойлгодог. Энэхүү тодорхойлолт үндэсний ба олон улсын арбитрт аль алинд хамааралтай. Тодорхойлолтоос үзэхэд арбитр нь дараахь шинж чанартай байна.
1.Эрх зүйн маргааныг шийдвэрлэх үүрэгтэй
2.Гэрээний үндсэн дээр байгуулагдсан иргэний шүүх юм.
Арбитр шүүх эрх мэдэл бүхий байгууллага болж хөгжихөд дараахь алхмууд хийгдэж байсан байна.
1.Арбитрыг шүүхийн хувьд хүлээн зөвшөөрсөн тохиролцоо гэрээнээс үл шалтгаалан бие даасан байдаг тухай үзэл онол бий болсон. Арбитрын шүүгчид тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шийдэх эрх хэмжээтэй байдаг бөгөөд энэхүү онолыг олон улсын арбитрын эрх зүйд doctrine of separability (or autonomy) of the arbitration clause2 гэж нэрлэдэг. Энэ онол нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байна.
2.Арбитр өөрөө арбитрын шүүхийн тухай тохиролцоо байгаа үгүйг, өөрөөр хэлбэл, өөрийн шийдэх эрх хэмжээ байгаа эсэхийг шалгах асуудал гарч ирсэн. Ердийн шүүхээр арбитрын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг шийдэх хүртэл арбитр хэргийг хянаж байх эрх хэмжээтэй гэдгийг олон улсын хэмжээнд улам бүр хүлээн зөвшөөрсөөр байсан болно.
З.Арбитрын шүүхийн шийдвэрийг төрийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцдэг бөгөөд. Энэ нь арбитрын шүүхийн шийдвэрийг төрийн анхан шатны шүүхийн шийдвэртэй адилтган үзэж буй явдал ба нөлөө бүхий эрх зүйн хяналтын ач холбогдолтой юм. Швейцар улсад энэ байдлыг маш эрт таньж ийнхүү зохицуулсан байхад ХБНГУ-д урьдын адил анхан шатны шүүхэд ханддаг хэвээр байна. Юнситралын загвар хуулийн 34-р зүйлд Уг хуулийг хүлээн авч хэрэгжүүлж буй улсуудын дээд шатны шүүхэд арбитрын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргана гэж заасан байдаг.
4.Дээрх байдлаас үндэслээд арбитрчид хэргийг шийдэхдээ өөрийн үзэмжээр бус,
материаллаг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэх / талууд өөрөөр тохиролцоогүй бол/ шаардлага гарч ирсэн. Энэхүү шаардлагыг нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд. Загвар хуулийн 28-р зүйлд ч энэ талаар тусгасан байдаг.
5.Сүүлийн үед арбитрын шүүхээр шийдүүлэх чадварыг / arbitrability/-r олон улсын арбитрын процесст авч хэрэглэх, түүгээр ч барахгүй өрсөлдөөн, хахууль, коррупцийн салбарт авч хэрэглэх чиг хандлагатай болсон.
б.Зарим улс үндэстэн арбитрын процессын зохицуулалтаа олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж байна Жишээ нь Англи болон Уэльсэд хуучин арбитрчид зөвхөн хэргийн нөхцөл байдлыг тодруулж шийдвэрийг бэлэн болгоод төрийн шүүхэд эцсийн шийдвэр гаргуулахаар өгдөг байсан хуулиа 1979 онд хүчингүй болгосон. Арбитр жинхэнэ шүүх байгууллагын хувиар ажиллах эрх хэмжээ нь эцэслэн төгс болоогүй боловч арбитр эрх зүйн маргааныг шийддэг шүүхийн байгууллага гэдэг дээр санал нэгтэй байдаг. Олон улсын аж ахуйн холбооны өргөн хөгжилт, түүний дотор улс орнуудын үйлдвэрлэл, шинжлэх ухаан, техникийн салбар дахь байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь маргааныг арбитрын журмаар шийдэх асуудлыг улам чухал болгож байна. Арбитрт хандахаас өмнө талууд хоорондоо эвлэрсэн нь дээр, эвлэрснээс маргааныг урьдчилан сэргийлэх нь илүү дээр боловч амьдрал дээр талуудын хооронд үүсч болох зөрчлийг хэлэлцээрийн журмаар арилгах боломж тэр бүр байдаггүй. Ялангуяа урт хугацааны үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, хорших, шинжлэх ухааны судалгаа, төсөл, барилгын талаарх маргааныг шийдэх арбитрын харьяаллыг зайлшгүй тогтоож өгөх хэрэгтэй. Маргааныг түргэн шуурхай, шударга шийдвэрлэснээр улс хоорондын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлнэ. Арбитр төрийн шүүхээс ялгаатай нь түүнийг талууд харилцан тохиролцож сонгодог. Худалдаа болон бусад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, фирмийн хувьд маргааныг арбитраар шийдүүлэх нь шүүхийн журамтай харьцуулахад зарчмын хувьд давуу талтай. Үүнд
1.Маргааныг хянах хугацаа бага, учир нь арбитрын шийдвэрийг давж заалддаггүй,
2.Зардал харьцангуй хямд. Барууны орнуудад процесс явуулах болон өмгөөлөгчийн зардал маш өндөр байдгийг бодолцох юм бол зардал хямд байна гэдэг чухал үзүүлэлт.
3.Арбитрыг тухайн салбарын мэргэжилтнүүдээс сонгодог.
4.Арбитрын шүүхийн хуралдааныг ихэвчлэн хаалттай (confidentiality) явуулдаг. Манай арбитрын тухай хуулинд энэ талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй боловч 32-р зүйл, Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн 38.1-д Арбитрын бүрэлдэхүүн болон зохиогчид арбитрын ажиллагааны явцад тодорхой болсон төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах үүрэгтэй гэсэн нь арбитрын хуралдааныг хаалттай явуулна гэсэн үг биш юм. Ерөнхийдөө гадаадын байгууллага, фирмтэй холбогдож гарсан маргааныг тусгайлан шийдэх зориулалттай хөндлөнгийн шүүхийг олон улсын худалдааны арбитр гэсэн ойлголтоор нэрлэдэг.

Арбитрч Д.Янжинхорол
Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button