Хэзээ бид бизнесийг дэмжсэн тунгалаг төр, засаглалд хүрэх вэ?

Манайхан электрон засаглал гэдгийг там тум гадарлахаас биш электрон ардчилал гэж юуг хэлэх талаар тэр бүр мэдэхгүй, танил биш. Тиймээс юуны өмнө электрон засаглалын талаар хэдэн үг хэлье. Электрон засаглалын үед төр, засаг тодорхой үйлчилгээг интернэтээр дамжуулж хийдэг. Өнөөдөр Өмнөд Солонгос улс интернэтээр 200 гаруй зөвшөөрөл, лиценз олгож байна. Бидний сайн мэдэх, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, одоо бие даасан улс болж Европын холбоонд элсэж гишүүн орон нь болоод байгаа Эстони зэрэг Балтийн улс орнуудад электрон зсаглал буюу цаасгүй төр, засагт нэгэнтээ шилжээд байна. Энэ талын үйлчилгээг олон нийт ихэд хүсэн хүлээдэг. Учир нь татварын ачаалал, төрийн дарамт, шахалтаас ангижрах гэжтэр. Төр, засаг ч үүнийг хийхээс өөр аргагүй болдог. Цаг үе, нөхцөл байдал, хөгжил дэвшил үүнийг шаардаж байдаг. Жишээ нь, электрон засаглалд шилжсэнээр вэб хуудасны ачаар татвар шууд төлөгдөнө. Тэгэхээр энэ нь яаж ч бодсон төрийн оролцоог багасгаж буй арга, аль болох төрийн оролцоогүйгээр асуудлаа шийдэх гэсэн зам. Энэ утгаар электрон засаглалд шилжсэнээр олон нийтэд хүртээмжтэй, ач холбогдолтой, олон талын ашигтай. Одоо электрон ардчилал гэж юу хэлэх вэ тухайд шилжье. Электрон ардчилал электрон засаглалаас хамаагүй өргөн хүрээтэй. Электрон ардчиллын үед иргэн та нийгэм, эдийн засгийн асуудлаас гадна улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцож иргэн хүн нийгэмд хэрхэн нөлөөлж болох вэ гэсэн асуудалтай байнга тулгарна. Тухайлбал, электрон засаглалын үед иргэн та татвараа интернэтээр шууд төлдөг бол электрон ардчиллын үед төлсөн татварыг төр, засаг хэрхэн яаж зарцуулж байгаад иргэн та хяналт тавих, үүнд шууд оролцох арга замаа сонгох гээд олон эрх, үүрэг хүлээх болно. Үүнийг л электрон ардчилал гээд байгаа юм. Цаашлаад иргэд нэгэнтээ электрон ардчиллын буянаар татварыг нь төр, засаг юунд хэрхэн зарцуулж байгааг мэдэж, түүнийг хянахаас гадна энэ талын хэлэлцүүлэг, маргаан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж явуулах арга зам чухам электрон ардчиллын нөлөөгөөр хийгддэг. Энэ нь юуны өмнө вэб хуудас, имэйл зэрэг интернэтийн арга хэлбэрээр, электрон ардчиллын замаар хийгддэг. Эцсийн үр дүнд электрон ардчиллын ач холбогдол нь засаглал, түүнд оролцох олон нийтийн харилцааг илүү нээлттэй, энэ утгаар илүү хариуцлагатай болгож байна гэсэн үг. Энэ л үр дүн өнөөдөр манай оронд дутагдаж, үгүйлэгдээд байгаа билээ. Нэг жишээг хэлэхэд өнөөдөр манайд УИХ-ын чуулганы хуралдааныг иргэд хааяа нэг баяр ёслол, чуулганы нээлтийн үеэр болон цаг үеийн шаардлагаар шууд дамжуулдаг, түүнийг нь иргэд алдаг оног үздэг бол вэб сайтаар дамжуулан шаардлагатай болон дуртай, хүссэн үедээ үздэг, хүлээн авдаг болох ёстой юм. Үүнд аль болох хурдан шилжих тусам бидэнд сайн бөгөөд тэр үед л одоогийн манай улс төрчдийн улиг болтлоо ярьдаг тэр тунгалаг төр, ардчилсан засаглалын тухай яриа сая нэг биелэгдэх учиртай юм.

Б.Болд
Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button