Ц. Нанзаддорж Нэг минут хоцорлоо гээд журмаа зөрчих эрх байхгүй

Их мөнгөний үнэр шингэсэн уурхайг өөрийн болгох гэсэн санаархлыг олон хүн дотроо хадгалж, сэмхэн хөдөлж байсан ч зарим нэг нь тендерийн саналаас болж уржигдар орой арай л ухаан алдаж унаагүй юм байх. Даваа гарагиин 18.10 цагийн орчим Засгийн газрын IҮ байр, Төрийн өмчийн хорооны үүдэнд бухимдеан, уурласан хүмүүс хөлхөлдөж байсан. Тэдгээр хүмүүс тендерт оролцох саналаа өгөх гэж иртэл аль хэдийнэ 18.01 цаг болсон учир хууль ёсоор төрийн өмчийн хороо хаалгаа барьчихсан байж. Харин өөрсдийгөө 17.59 минутад амжиж ирсэн гэх Монгол Италийн хамтарсан Мон-Ит Кашмер консерциумын нөхөд ийнхүү бухимдаж байсан аж. Миний зөв. Та нар муусайн юмнууд биднийг тендерт оруулахгүй гэж зохион байгуулалттайгаар ингэж байгаа юм хэмээн Мон Ит Кашмер консерцумынхан бухимдаж байсан бол ямар ч арга байхгүй. Тендерийн хууль ёсоор 18.00 цаг гэхэд бид хаалгаа барьсан. Харин та нөхөд 18.01цагт ирсэн болохоор хуулийн дагуу шийдвэрлэхээс өөр арга байсангүй хэмээх хариултыг Төрийн өмчийн хорооноос өгч байгаа аж.
Ингээд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлагын хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддоржтой уулзаж уг асуудлын талаар ярилцсан юм.

-Энэ сарын 4-ний даваа гарагиин 18 цагаас өмнө оролцогч гурван хуулийн этгээд тендерийн саналаа ирүүлэх ёстой байсан. 17.30 цагийн орчим Тошисоокен Инвест компани Бридж группийн тендерт оролцох саналууд ирсэн. 18 цаг болоход оролцогч хоёр компаниуд бидэнд материал хүлээн авах үйл ажиллагаагаа зогсоо. 18 цаг боллоо хэмээн шаардлага тавьсан. Энэ саналын дагуу бид тендерт орол¬цох бусад компаниудын саналыг хүлээн авахаа албан ёсоор зогсоосон. Яг энэ үед Засгийн газрын IҮ байрны хаалгаар Монгол Италийн хамтарсан Мон-Ит Кашмер консерциумын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тендерт оролцох материалын саналаа аваад орж ирсэн. Мон-Ит Кашмер консерциумын итгэмжлэгдсэн төлөөлөгчид яг 18.01 цагт орж ирсэн болохоор хууль ёсоор материалыг нь хүлээж авах ямар ч боломж байгаагүй. Ингээд л хэл ам эхэлсэн. Ийм л юм болсон.

-Тендерт оролцох хоёр л оролцогчийн материал хүлээж авсан гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Хоёр л оролцогчийг хүлээж аваад байна. Ер нь бол Засгийн газрын байруудын дотоод журам гэж байдаг. Энэ журамд 17.30 цагаас хойш гадны хүн оруулахыг хориглодог. Бид нар тусгай хамгаалалтын газартай тохирч энэ өдөр тендерийн материал хүлээж авна. Тийм болохоор 18 цаг хүртэл гадны хүнд чөлөөтэй орох боломж олгох зөвшөөрлийг авсан. Ингээд гадна хаалга дээр хүн суулгасан. Мөн материал ирэхэд бэлэн байлгах зорилгоор материалыг нь бүртгэж авах цаасаа хүртэл бэлтгэсэн байсан. Тэгээд яг 18 цаг болоод хаалгаа хаа гэдэг команд өгөөд жижүүрийн работын дэвтэр дээр тэмдэглээ үйлдээд дээшээ гарч ир гэдэг даалгаврыг өгсний дараа Мон-Ит Кашмер консерциумын итгэмжлэгдсэн төлөөлөгчид орж ирсэн байсан. Гээд яах билээ. Бид 18.00 цаг хүртэл нь тендерийн санал хүлээн авахаар журамд заасан. Энэ журмаа хатуу барихаас өөр арга байгаагүй.

-Одоо ямар нэг гомдол хүсэлт гаргаж байна уу?

-Компанийн нь зүгээс хүлээж авахыг шаардаж Засгийн газрын IҮ байрны үүдэнд нэлээд удаан байсан. Бид хүлээж аваагүй. Аливаа гомдол байх юм бол Төрийн өмчийн хороонд асуудлаа танилцуулах хэрэгтэй гэсэн. Сая сураг сонсоход хэвлэлийн хурал хийлгэж байна гэсэн. Тэнд юу гэж ярьсныг мэдэхгүй байна. Ер нь 18 цагаас хойш ирсэн бүх баримт нь байгаа. Одоогийн байдлаар ийм л байна. Харин гомдлоо гаргах юм бол бид хэлэлцэж үзнэ. Нэг минутын асуудал байгаа юм шүү дээ. Асуудлын нөгөө тал юунд байна гэхээр нэгэнт өмч хувьчлалыи журмаар 18.00 цагаас таслах болсон. Үүнийгээ л зөрчсөн юм шүү дээ Мон-Ит Кашмер консерциумынхан. Харин нөгөө хоёр тал өөр гомдол гаргаж болно шүү дээ. Түүнийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.

-Тендерийн задлах хугацаа хэзээ вэ?

-Энэ сарын 5,6-ны хоёр өдөр байгаа. Харин энэ сарын 7-ны 10 цагт санхүүгийн саналыг нээх ёстой. Энэ нь Говийг худалдаж авах хамгийн дээд үнэ тавьсан ялагчийг тодруулна гэсэн үг. Харин түүнээс өмнө 5,6-нд дэг төлөвлөгөөнд нь үнэлгээ өгөх ёстой.

-Өнөөдөр хувьчлалтай холбоотой ямар ажил хийж байгаа вэ?

-Хувьчлалтай холбоотой ажил гэхээр ерөнхийдөө тендерт комисс томилох ажил явагдана. Үүний дараа комисс ажилдаа орох ёстой.

-Таны ярианд Мон-Ит Кашмер консерциумынхан ямар нэг гомдол гаргавал асуудлыг эргэн хэлэлцэж болно. Ингэснээр нааштай хариу гарч болох юм гэж ойлгож болох уу?

-Хэрвээ тэд гомдлоо бидэнд ярих юм бол бид ярихад бэлэн байна. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэнэ. Хэрхэн шийдэгдэхийг Төрийн өмчийн хороо л мэднэ шүү дээ.

-Миний мэдэхээр Говь компанийн хувьчлал хэд хэдэн удаа буцаж байсан?

-Тиймээ. Говь компанийг хувьчлах тендер энэ удаагийнхтай нийлээд гурав дахь удаагаа явагдах гэж байна. Анх 2001 онд зарлагдаад амжилтгүй болсон. Дараа нь 2003 онд зарлагдсан. Одоогийн байдлаар гурав дахь удаагаа 2006 онд зарлагдаад байна. Хувьчлалын өмнө ийм асуудал үүсч байгаад харамсч байна. Мон-Ит Кашмер консерциумынхан нэгхэн минутаар хоцорсон юм шүү дээ. Үнэхээр харамсалтай байна.

-Өмнөх хувьчлалд иймэрхүү тохиолдол гарч байсан уу?

-Хадгаламжийн банк дээр 18.05 цагт зургаан санал ирсэн. Америкийн консерциум байсан. Тухайн үед бид мөн л журмаа бариад оруулах боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Харин өнөөдөр Монгол Италийн хамтарсан энэ консерциум 18.01 цагт ирсэн. Өөрсдөө болохоор бид 17.59 цагт ирсэн гээд байгаа. Гэхдээ энэ том компанийн хувьчлалд оролцох гэж байж ийм хариуцлагагүй хандсанд маш харамсалтай байна.

-Танай зүгээс энэхүү журмаа оролцогч байгууллагуудад өмнө нь танилцуулж байсан уу. Магадгүй тэд танай журмыг мэдэхгүй байж болох юм?

-Тийм биш. Бид тендерт оролцогчдод зориулсан сургалт зохион байгуулсан. Сургалтаар тэдэнд техникийн алдаа гаргаж болохгүй. Хамгийн гол нь одоо ийм, ийм материал үлдээд байна. Энд нь гарын үсэг зурах ёстой. Тендер цагтаа эхлэх ёстой. Цагаас нэг, хоёр минут хоцрох гэсэн ойлголт байхгүй. Маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй гээд олон зүйлийг анхааруулсан. Тэр бүү хэл өмнө нь та нар 17.53 цагт ирж байсан. Одоо ингэж цагийг нь тулгаж болохгүй гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарласан юм шүү дээ. Ингэж хэлж, сануулаад байхад тэд хоцорсон. Тухайн үед тендерийн журмыг зөвшөөрлөө гээд гарын үсэг зурж байсан атлаа цаг нь болохоор хоцорч ирээд хэл ам хийгээд байх явдалгүй л баймаар.

Өнөөдрийн монгол сонин 234 /404/
Х. Ганаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button