Шатахууны үнэ буурлаа, харин талх маань яах вэ?

Шатахууны үнэ нэмэгдлээ. Зах дээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өсөв. Шатахууны үнэ буурлаа. Харин захын үнэ дагаад буурсангүй. Харин ч 100-200 төгрөгөөр нэмэгджээ. Яагаад тэр юм бол. Уг нь шударга ёс гэж байдаг бол үнээ нэмж болсон юм чинь буулгаж болно оо доо. Гэтэл тэгсэнгүй. Ямар шалтгаантайг хүн бүр л өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Нийслэлийн хэрэглэгчдийн дийлэнх хувь нь үйлчлүүлдэг Хүчит Шонхор захад лав л махны үнэ тогтворгүй байна. Цаашдаа ч энэ үнэ өснө үү гэхээс буурахгүй гэж ченжүүд ярьж байна. Харин хаа очиж гурил урьдынхаараа хэвээр байсан. Алтан тариа-н I гурил 400, дээд нь 500 төгрөгийн ханштай байна билээ. Тэгвэл элсэн чихэр, цагаан будааны үнэ шатахууны үнэ буурснаас хойш даруй 50-100 төгрөгөөр өсчээ. Түүгээр зогсохгүй сүү, сүүн бүтээгдэхүүн 100 төгрөгөөр нэмэгдчихэж. Хүнсний ногооны үнэ 50 төгрөгөөр өсөв. Хэдийгээр шатахууны үнэ буурсан ч гэсэн такси, микро автобус үнээ буулгасангүй. Жолооч нар түлш, шатахууны ханш цаашид тогтвортой байж чадахгүй байх гэж бодож байгаагаа хэлж байсан. Тэднийхээр хэсэг хугацаанд, тодруулбал, он гартал шатахууны үнэ одоогийнхоос нэмж өсөхгүй байвал үйлчилгээний хөлсөө буулгаж болно гэж байсан. Үнэн хэрэгтээ шатахууны үнэ 40-80 төгрөгөөр буурсан байгаа. Шинэ жил, цагаан cap гээд баярын өдрүүд дөхөж байгаа нь өнөөх мэдрэмтгий шатахууны үнэд хамаагүй байж болох л юм. Гэсэн ч үнэн байдал ямар байгааг Та аль ойрын зах уруугаа орж байж мэдрээрэй. Манай сурвалжлах алба хэдэн хэсэг болж сурвалжилсан юм. Нэг нь Бөмбөгөр худалдааны төвөөр оржээ. Тэнд үхэр, хонь, адуу, ямааны мах бусад худалдааны төвүүдээс 200-300 төгрөгийн нэмэгдэлтэй байна. Харин будаа, гурил бусад захын ханшаар буюу кг нь 500-650 төгрөг байсан. Элсэн чихэр кг нь 800 төгрөгийн үнэтэй байлаа. Төмс 250-500, лууван 400-600, байцаа 350-450, сонгино 500, өргөст хэмх 1000, улаан лооль 1000 төгрөгийн үнэтэй байсан. Харин Барс худалдааны төв бөөний үнээр худалдаа эрхэлдэг. Энд бусад худалдааны төвүүдээс 300-500 төгрөгийн татуу юм билээ. Миний зах, Номин холдинг, Бишрэлт худалдаа-ны сүлжээ дэлгүүрийнхэнд шатахууны үнэ буурсан эсэх хамаагүй бололтой. Үнэ нь буурсан ч үгүй, өссөн ч үгүй. Харин хөдөө орон нутгийн тээврийн хөлсийг сонирхоход, нисэх онгоцоор нэг зорчигч 87000-110000, газраар явах унаагаар 40000-50000 төгрөг төлж байна. Энэ нь хуучин зорчдог байсан үнээс хоёр дахин нэмэгдсэн аж. Энэ бүгдэд холбогдох албан байгууллагууд ямар байр суурьтай байгааг сонирхов.Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажлын албаны дарга С.Тоовгой,
-Иргэдийн хэрэглээ их болсон энэ үед хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нь чухал байна. Аж ахуйн нэгжүүд шатахууны үнэ нэмэгдэх сургаар л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээ нэмдэг. Дахин үнэ бууруулдаггүй. Энэ бүгдэд аж ахуйн нэгжүүд өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй гэв. Харин Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэстний холбооны Хуулийн зөвлөх, ахлах мэргэжилтэн Г.Оюунтуяа,
-Америкт шатахууны үнэ өслөө гэсэн сургаар манайхан барааныхаа үнээ хөөрөгддөг. Нэмэгдсэн үнэ нь хэзээ ч буурч байгаагүй. Энэ бүгдэд манай холбоо биш Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар хяналт тавьж ажиллах ёстой. Тэдний үндсэн ажил байгаа юм. Гэтэл ажлаа хийж чадахгүй байна. Хийлээ ч удаан хойрго ханддаг. Манайхан хүртэл хэдэн шаардлага хүргүүлж байсан. Үүний цаана хэрэглэгчдийн эрх ашиг ихээр хохирч байна. Тиймээс би тэдэнд албан ёсоор хэлье, ажлаа хийгээч ээ, гэж анхааруулъя гэсэн юм.
Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын Хуулийн хэлтсийн дарга А.Ариунболд,
-Манай газар шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авсан. Учир нь хэдэн компани нэгдэн нэг зэрэг зохион байгуулалттай үнэ нэмсэн байсан. Энэ бол шударга бус зүйл юм. Харин шатахуун үнэ дагаад нэмэгдэж байгаа үнэ ханшид бид хяналт тавьдаггүй. Энэ бүгдэд манай хууль болон эрхзүйн орчин байхгүй. Энэ тохиролцооны үндсэнд нэмэгдээгүй болохоор бидэнд хамаарахгүй гэв.

2006.12.6 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button