Ойн медалиа мартаж мордсон гэнэ үү?

Бүтэн долоо хоног үргэлжилсэн айлчлал үр дүнтэй болжээ. Харин айлчлалын үеийн сонин хачнаас айлчлалын бүрэлдэхүүнд явсан хүмүүс саарал ордонд бусдадаа сонирхуулж байна. Ерөнхий сайд М.Энхболд Вэнь Зябаод Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан батламж болон медаль гардуулж өгөх байжээ. Гэтэл айлчлалд бэлтгэсэн ажилтнууд нь үнэтэй бэлгээ ор тас мартжээ. Тэд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн батламжаа авч явсан боловч медалийг нь эх орондоо орхисноо Бээжинд очоод санасан байна. Медаль гардуулах талаараа дуулгасан бол нүүр хийх газаргүй болох байсан аж. Харин азаар энэ бэлгээ гэнэтийн болгож, төлөвлөсөн байсан нь Ерөнхий сайдыг эвгүй байдлаас аварсан гэнэ. Энэ талаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Д.Даваасүрэнгээс тодруулахад Огт ийм зүйл болоогүй. Ташаа мэдээлэл байна гэсэн юм. Харин айлчлалын бүрэлдэхүүнд явсан хүмүүс дээрх мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд бүр Ийм явдал анх удаа гарч байгаа биш дээ гэсэн хачирхалтай хариултыг өгөв. Өмнө нь бас 1994 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Вьетнам улсад айлчлахаар явахдаа Ерөнхийлөгчид нь бэлэглэх гэж байсан уран зургаа Лаосын онгоцны буудалд мартаж байсан ажээ.

2006.12.6 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button