Гарьд Б.Гантогтох Богд Дүнжингарав-ыг дуулж, үзэгчдийг байлдан дагуулав

Бөхчүүд урлагийн алтан тайзнаа зодоглолоо. Энэ даваа гаригт UB-Palace-ийн концертын их танхимд болсон бөхчүүдийн цэнгүүнд улсын цолтой 15 бөх дуу хуураараа үзэгч түмнээ баясгаж чадсан юм. Мэргэжлийн дуучнаас ялгагдахааргүй дуулсан тэднийг урлагийн тайз өөртөө урвуулж ч магадгүй байна хэмээн хөтлөгч нь хошигноод авсан. Улсын начин Өсөхбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын заан Б.Рагчаа, улсын гарьд Б.Гантогтох, улсын начин Ганбат, улсын начин Эрхэмбаяр, Өсөх идэр начин Цогтжаргал, улсын харцага Г.Батбаяр, аймгийн заан Багахүү, улсын начин Ёндонсамбуу, харцага Х.Нармандах гээд олон хүчтэнүүд тайзнаа авъяасаа уралдуулав.Түүнчлэн улсын заан Одгэрэл циркийн тун ч хүнд үзүүлбэрүүдийг сонирхуулсан бол цэргийн арслан Д.Цэсэнхүү шавь нарынхаа хамтаар уран нугаралтын үзүүлбэрийг толилуулсан. Харин улсын заан Цэнд-Аюуш бөхчүүдийн талаарх элэглэлийг уншаад амжлаа. Зар зухаас нь сонирхуулбал тэрээр Улсын начин Оргилболдын талаар
Хүн төрөлхтөний аварга биетэн
Хүүхэд мэт цайлган сэтгэлтэн
Хүннүгийн үеийн амьд үзмэр хэмээн хошигнож, үзэгчдийг нирхийлгэж байсан. Харин Улсын гарьд Б.Гантогтох ятгын цөөхүүлтэй Богд Дүнжингарав, Аав ээж хоёр минь зэрэг дуугаар ая эгшгийн мялаалга өргөж, үзэгчдийн талархлыг ихэд хүлээсэн юм. Үзэгч түмэн ч гарьдыг дахиулснаар тэрээр Малчин заяа дууг дуулсан. Түүнчлэн улсын начин Ёндонсамбуу, Эрхэмбаяр, аймгийн заан Багахүү нарыг дахиулаад зогссонгүй, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн Улсын баяр наадмаараа заан цолыг хүртээд буй Рагчаа заан ч тун сайхан дуулдгаараа үзэгчдэд гайхагдаж байлаа. Эцэст нь бүх дуучин бөхчүүд хамтарч Халуун элгэн нутаг дууг дуулцгаав. Харин цэнгүүний төгсгөлд дархан аварга Баянмөнх, дархан аварга Мөнхбат, аварга Өсөхбаярын аав Гэлэгжамц гуай нар тайзнаа гарч, урлагийн авъяастай хүчтэнүүд тус бүрт нь алд цэнхэр хадгийг цагаан сүүний хамт өргөн барьсан юм. Дашрамд дурдахад Гэлэгжамц гуайн хүү аварга Өсөхбаярын дүү Батбаяр их сайхан хоолойтой болохоо ард түмэндээ мэдрүүлсэн. МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат улсын арслан Д.Азжаргал, улсын заан Б.Рагчаа, улсын харцага Г.Батбаяр нарт МАСЗХ-ны нэрэмжит Алтан од медалийг ёслол төгөлдөр гардуулан өгсөн.

2006.12.6 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button