УИХ-ын А.Бакей УИХ-д олигархи бүлэглэл байгааг үгүйсгэхгүй

-Э.Бат-Үүл гишүүн дуулиант 250 сая төгрөгтэй холбогдуулан АН-ын гишүүдийг намынхаа шийдвэрийг дагалгүй том толгой гаргалаа гэж мэдэгдэж байсан. Тэр үед танай нам гишүүдтэйгээ өргөтгөсөн хурал үнэхээр хийсэн юм байгаа биз дээ, Яагаад та нар таг байсан юм бэ?
-Хэдийгээр 250 сая нь эхлээд гишүүдийн нэрээр гараад нийгэмд буруу ойлголт өгсөн ч гэсэн яг нарийн дээрээ бол шууд буруу гээд хэлэхэд хүндрэлтэй асуудал. Төсөв гэдэг бол өөрөө хууль. Хуулийг батлахад гухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн тэр тойргийнхоо иргэдийн хүсэл зорилгыг тусгах гол үүрэгтэй. Өнгөрсөн жил зөвхөн шадар сайдын багцад л бөөгнөрүүлээд гишүүдийн оролцоогүйгээр тендер зарлаад л зарцуулсан. Ирэх жилийн хувьд тухайн асуудал аль сайдын багцад хамрагдах вэ, тэр багцад нь хамруулж өгсөнөөр тухайн сайд болоод орон нутгийн засаг захиргаа хариуцан зарцуулж үүнд хяналт тавина. УИХ-ын гишүүн энд зөвхөн гишүүний саналаа оруулж өгсөнөөрөө л үүргээ гүйцэтгэж байгаа болохоос өөр ямарч асуудалд оролцохгүй. Тендерийг тендерийн хуулийн дагуу орон нутаг, яам тамгын газар өөрснөө зарлан, дүгнэж гүйцэтгэгчийг нь шалгаруулна. Анхны 10 сая төгрөгтэй 100 сая, 250 саяыг их хольж хутгасан ойлголт нийгэмд байна. Эдгээр нь зарчмын ялгаатай. 10 сая төгрөгийг шууд гар дээр нь гишүүдэд өгсөн. Гишүүд түүгээр нь магнитофон, эсвэл видео аппарат худалдаж аваад би үүнийг бэлэглэлээ гэдэг байсан. Энэ удаад тэгж бэлэглэж байгаа юм биш, өөрөө мөнгөө тоолж авч байгаа юм биш. Тэр үед нэг нам засгийн эрх барьж байсан учраас тийм асуудал байсан. Одоо бол олон нам бие биенийгээ хянаж байгаа учраас ямарч асуудал байхгүй. Ганц ч төгрөгт УИХ-ын гишүүн оролцохгүй шүү гэдгийг баталгаатай хэлмээр байна. Тодорхой асуудлаар намын удирдах байгууллага, намын зугээс УИХ дахь зөвлөлд санал оруулдаг. Гэхдээ УИХ-ын гишүүн хүн УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлаар намынхаа дээд байгууллагын шийдвэрийг шууд биелүүлэх хариуцлага хүлээхгүй. УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуулиар тийм асуудал байхгүй. Зүгээр харгалзаж үзнэ. Гэхдээ 250 саяын тухайд манай намын зүгээс эхлээд буруу ойлгосон байсан. Сүүлдээ Ц.Элбэгдорж дарга УИХ-ын дарга Ц.Нямдоржид асуулга тавьж ерөнхийдөө хуулийн дагуу явж байгаа гэдэг учир начрыг нь ойлгосон. Иймээс УИХ-ын гишүүд намынхаа шийдвэрийн эсрэг зогссон зүйл байхгүй.

-Ц.Элбэгдорж дарга УИХ-ын гишүүд ямар ч байсан ийм шийдвэр гаргалаа. Гэхдээ сайн муу ажилласныг нь хянадаг жагсаалт манай намд байдаг юм. Эдгээр хүмүүсээс ахиад манай намаас сонгуульд нэр дэвшихээр буцаад ирэх хүмүүс ч байгаа гэсэн утгатай үг амнаасаа унагасан?
-Би ч гэсэн наадахын чинь нарийн утгыг ойлгоогүй байна. Гэхдээ Ц.Элбэгдорж дарга гишүүд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд оролцож байгааг эсэргүүцэн буруушаасан нь бол зөв. Дараа нь Ц.Элбэгдорж дарга ойлгоод холбогдох хууль дүрмээрээ батлан ард түмэнд төрүүлсэн буруу ойлголтыг залруулах талаасаа ажил хийгээч ээ гэж Ц.Нямдорж даргад хандсан.

-Өнгөрсөн жилийн 100 сая төгрөгөө хэрхэн зарцуулсан талаар гишүүд ер нь тайлан гаргасан юм уу?
-Шадар сайдын ажлын алба өнгөрсөн жилийн 100 саяын зарцуулалтыг тойрог бүрээр нь нэгтгээд төсвийн зарлагын дэд хороон дээр танилцуулсан. Төсвийн зарлагын дэд хороон дээр танилцаж байхад хотоос бусад хөдөө аймгууд дахь 100 сая төгрөгийн зарцуулалт маш үр дүнтэй болсон гэсэн дүгнэлт хийгдсэн. Хотод болохоор олон гишүүд ямар асуудалд нэгтгэж зарцуулах дээрээ санал нийлээгүйгээс алдсан тал байсан.

-Сая төсвийн хуулийн төсөл хэлэлцэж байх үед өглөө нь гишүүдэд тараагдсан материал орой нь өөрчлөлт орчихоод байсан гэж зарим гишүүд дуугараад байх юм. Үнэхээр байдал ямар байсан бэ?
-Төсөв хэлэлцэж байхад цаг хугацаанд баригдан гишүүдээс гаргасан саналуудын жагсаалтыг гаргах гэхчилэн ажил их байсан. Албан ёсны баримт бичиг болгож Төсвийн байнгын хороо, УИХ-ын чуулганд оруулсан болохоор зарим талаар алдсан. Нөгөө талаасаа ажлын хэсэг ажиллах явцдаа техникийн алдаа гаргаж зарим тоонууд тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байсан. Үүнийг тухайн үед УИХ-ын зарим гишүүд соргогоор олж харж залруулсан л даа.

-Ер нь улсын төсвийн талаар таны болон АН-ын зүгээс үүнд хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?
-Энэ төсөв нь өмнөх жилүүдийг бодвол хэд хэдэн онцлогтой төсөв боллоо гэж би бодож байна. Төсвийн орлого нь 1.3 триллион, зарлага нь 1.4 триллионоор батлагдсан нь өмнөх жилээсээ 40-өөд хувиар нэмэгдсэн дүн гарч байгаа. Олон жил яригдсан ч шийдэгдэж чадахгүй байсан томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдсан улсын хэмжээний хөгжлийн асуудалд хөрөнгө оруулалтыг оруулахаар боллоо. 339 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулахаар болж улсын төсвөөс болон Монгол улсыг хөгжүүлэх сангаас гаргана. 55 сумын эрчим хүчний асуудлыг 2007 онд бүрэн шийдэхээр болсон. Намуудын улс төрийн сонгуульд оролцоод амласан амлалтыг биелүүлэх талаар тодорхой зөвшилцөлд хүрч төсөвт тусгаснаараа нийгмийн шинжтэй томоохон асуудалд багагүй хэмжээний төсөв зарцуулагдахаар болсон. Нийгмийн баялгийг ингэж хүүхдээр дамжуулан шударгаар хувиарлан байгааг иргэд баяртай хүлээн авч байгаа. Нөгөө талаасаа нийгмийн шинжтэй арга хэмжээ нь хэмээс хэтэрлээ гэсэн шүүмжлэлүүд байгаа. Энд хавтгайрах хандлага газар авч байгаа нь үнээн. Гэхдээ хүүхдийн мөнгөнөөсөө гадна шинээр төрсөн хүүхэд бүрт өгөх 100 мянган төгрөг, шинэ гэр бүлд олгох 500 мянган төгрөг, алдарт эхийн нэг, хоёрдугаар одон, жирэмсний ба төрсний дараах тэтгэмж гээд энэ бүгдийг тооцоод байвал бараг халамжинд хамрагдахгүй хүн маш цөөхөн үлдэх шинжтэй болчихоод байгаа юм. Тиймээс энэ нь цаашдаа нэмэгдээд байхгүй байх. Харин нийгмийн халамжийн тогтолцоог улам боловсронгуй болгох бодлогыг төр барих ёстой. УИХ-ын гишүүд маань ч энэ зарчмыг баримталж сүүлийн үед саналаа илэрхийлж байгаа.

-Төсөв яг эцэслэн батлагдах өдөр АН-ын зөвлөл хуралдааныг нэлээд олон цагаар хойш нь татаж завсарлага авсан. Зөвлөлийн дэд дарга тань үүнийгээ эдийн засгийн онц, ноцтой асуудлуудаар бид зөвшилцөл хийсэн гэж тайлбарласан. Одоо тэдгээр асуудлууд нээлттэй болох болов уу?
-Тэгэхэд төсөвтэй холбоотой болон холбоогүй олон тулгамдсан асуудал ярьсан. Мэдээж хүүхдийн мөнгийг ирэх нэг сарын нэгнээс 3000 болон 100 мянган төгрөгийг шууд өгч эхлэх асуудал байсан. МАХН-ын санал болгож байгаачилан жилд нэг удаа өгнө гэвэл олон талын сөрөг үр дагаварт хүргэнэ. Улсын хэмжээнд байгаа бүх хүүхдэд нэг удаа бөөн өглөө гэхэд богино цаг хугацаанд асар их хэмжээний мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх гээд байгаа юм. Богино хугацаанд мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээс болоод тухайн үед бараа таваар, бензин шатахууны үнэ өсөж, инфляцыг хөөрөгдөх сөрөг талтай. Нөгөө талаасаа ийм их хэмжээний бэлэн мөнгөний нийлүүлэлтийг гаргах нь ч гэсэн эдийн засгийн тогтвортой байдалд хор уршигтай. Тиймээс хоёр тал хэлэлцээд cap бүрд нь зөв голдирлоор өгөх ёстой гэж үзэж байгаа юм л даа.

-МАХН яг энэ асуудал дээр урсгал зардал болон хөрөнгө оруулалт маягаар хийгдэж байгаа. Мөн эх үүсвэр нь хоёр өөр учраас хэзээ ч нэгдэж хувиарлагдах боломжгүй гэсэн тайлбар хийж байгаа?
-Энэ хоёр мөнгө бол хөрөнгө оруулалт биш, харин адилхан урсгал зардал. Нийгмийн баялгийг тэгш хувааж байгаа учраас үүнийг хадгалж байгаад зарцуулбал буруу л даа. Мөнгө гэдэг өөрөө үнэ цэнэтэй. Яг өнөөдөр байсан 100 мянган төгрөг ирэх жилийн 100 мянган төгрөгтэй үнэ цэнийн хувьд адилхан биш. Энэ хооронд мөнгөний инфляци буурна, юмны үнэ өөрчлөгдөнө. Мөнгийг дэмий хадгалах тусмаа л түүний үнэ цэнэ буурдаг Мөнгө бол байнга эргэлтэнд орж байж тодорхой эдийн засгийн зорилтыг шийдэж байх тусмаа л үнэ цэнэ нь өсдөг. Өнөөдөр байсан 100 мянган төгрөг магадгүй инфляцын өсөлтөөр 80-70 мянган төгрөгийн ханштай болчихож болно. Иймээс бусад улс төрийн намууд зөвөөр ойлгох ёстой, улс төр хийж болохгүй ээ. Эдийн засгийн гарц нь байж болно.

-Хэрвээ 250 саяд Монгол улсын ерөнхийлөгч хориг тавибал байдал яаж өөрчлөгдөх бол?
-Ер нь Ерөнхийлөгч хууль зөрчсөн гэж үзвэл ямарч хуульд хориг тавих эрх нь нээлттэй байгаа. Гэхдээ яг одоо 250 саяын асуудлаар Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих шаардлага байхгүй. Хууль зөрчсөн үйлдэл ямар ч хэлбэрээр байхгүй. Хэрвээ зөрчсөн гэж үзвэл цаг хугацаандаа болохгүй зүйл байхгүй. УИХ-аар үүнийг албан ёсоор ярина л даа.

-УИХ нам гэхээсээ илүү ашиг сонирхлын олигархи бүлэглүүдэд хуваагдсан гэдгийг ил тод зарлаад байдаг болсон байна?
-УИХ-д бизнес эрхэлдэг гишүүд олон байгаа. Дээрээс нь бизнесийн болоод улс төрийн бүлэглэлүүд ямар нэгэн хэмжээгээр бий болсон. Энд хууль зөрчих байдлаар бүлэглэлүүд буруу ажиллаж байгаа бол албан ёсны нотлох баримтаар гарган тавьж хууль хяналтын байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй. Түүнээс биш ерөнхий байдлаар хардах, cэрдэх сэтгэлгээгээр хандаж болохгүй юм аа. Ер нь олигархи бүлэглэлийг бол үгүйсгэхгүй байж болох талтай.

-АН-ын гишүүд голдуу нэгдсэн хуралдаан болгон дээр УИХ-ын даргыг албан тушаалаа урвуулан ашиглалаа гэж гомдоллоод байдаг. Үнэхээр Ц.Нямдорж дарга асуудал шийдвэрлэх гэхээр хэт өөрийн үзлээ шингээгээд байдаг юм уу?
-Олон намын төлөөлөлтэй, ерөнхий харьцаа нь ойролцоо байгаа учраас одоогийн УИХ-ыг удирдах нь бас амар ажил биш. Ийм үед Ц.Нямдорж дарга их шударга талдаа сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Гэхдээ зарим үедээ гишүүдийн хэлсэн үг, гаргасан санал дээр өөрийн зүгээс хэтэрхий их тайлбар хийх, өөрийнхөө санааг тулгах гэсэн байдлаар оролцож байгаа нь зохисгүй байгаа. Аливаа зүйлд хэмжээ, хязгаар харьцаа гэж байх ёстой. Иймээс хэтрүүлэх тал дээрээ цаашдаа анхаарахгүй бол үүнийг манай намын ч биш МАХН-ын гишүүд ч заримдаа шүүмжилдэг.

-Танай намын өргөтгөсөн хуралдаанаар дотоод асуудлаа ярилцсан гэсэн. Хуралдааныхаа сониноос бидэнтэй хуваалцахгүй юу?
-УИХ болоод орон нутгийн хуралд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, дэвшүүлэх журам, мөн намын сонгуулийн хорооны ажиллах журмыг баталсан. Хамгийн гол нь АН-ын анхан шатны байгууллагыг шинэчлэн бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Мөн УИХ дахь АН-ын зөвлөлийн ажиллах дүрэм журмыг хэлэлцсэн. Гэхдээ энэ бүхнийг ҮЗХ-гоор эцэслэн шийдвэрлэнэ. Он гараад анхан шатны байгууллагын шинэчлэлт эрчимтэй хийгдэн, гишүүнчлэлийнхээ тоог шинээр гаргахаар болоод байгаа.

2006.12.6 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button