УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Засаг дарга болох хүн заавал дээд боловсролтой байх албагүй

Хуулийн төслийн зарим заалтыг өөрчлөх тухай төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд тэд зарим нэгэн заалтан дээр өөрчлөлт оруулсанаа гишүүдээс санал хураалгая гэсэн.
Хүн ам ихтэй нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид цөөхөн байхад, бага хүн амтай сум дүүргийн хувьд иргэдийн төлөөлөлөгчид нь нэмэгдэж харьцангуй тоо гараад байгааг анхаарч аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгохдоо тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоонд нь харьцуулах хэрэгтэйг хэлж байсныг гишүүд дэмжсэн. Харин Засаг даргыг ямар хүнээр томилох нь зүйтэй вэ гэдэг дээр гишүүд анхаарлаа ихээхэн хандуулсан бөгөөд ажлын хэсгийн зүгээс Засаг даргад нэр дэвшигч нь тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсролтой, дадлага туршлага эзэмшсэн, ял шийтгэлгүй, зээлгүй, өргүй байх шаардлагатай гэсэн саналыг оруулж ирсэн. Гэвч үүнийг тодорхой зааж өгөөгүй, бүрхэгдүүлсэн гэж үзэн нэлээд санал зөрөлдсөн юм. Учир нь сүүлийн үед хөдөө, орон нутгийн иргэдийн ирэх гомдол саналын дийлэнх хувь нь туршлага муутай, боловсрол нимгэн, архичин хүнийг Засаг даргаар томилсноос үүдэн ажил цалгардах явдал гардаг тул үүнийг одоо бодож үзэж Засаг даргыг томилохдоо шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэйг сануулж байсан. Гэвч Э.Бат-Үүл гишүүн үүнээс эсрэг байр суурьтай байсан төдийгүй тэрээр мэдлэг боловсрол гэж яг юуг нь хэлээд байгааг гайхаж байна. Өнөөдөр дээд сургууль төгсөгчдийн дийлэнх хувь нь мэдлэг эзэмшихээсээ өмнө диплом яаж авахаа л боддог нь нууц биш. Ганцхан дээд гэсэн ангилал үүсгээд, диплом гээд шаардаад байна. Дэлхийн олон гарамгай удирдагч нарыг харахад тэдний ихэнх нь дөрөвдүгээр ангийн боловсролтой байдаг. Тиймээс амьдрал дээр сайн малчин мөртөө удирдах чадвартай хүн Засаг дарга хийгээд явахыг үгүйсгэхгүй. Тиймээс мэдлэг боловсрол гэсэн ангилалыг нь харгалзахгүйгээр иргэдийн төлөөлөгчдийн хуралд хоёроос доошгүй удаа дараалан сонгогдсон хүнийг Засаг даргаар томилох саналтай байна гэдгээ хэлсэн. Энэ асуудалд УИХ-ын дарга ажлын хэсгийнхэнд хандаж та нар асуудлаа ерөнхийд нь оруулж ирсэн байна. Үүнийг дотор нь задлаад Аймгийн засаг дарга, сум, дүүрэг, багийн засаг дарга нарыг сонгохдоо тус бүрт нь шалгуур тавьж өгөх хэрэгтэйг анхааруулсан. Тэгэхгүй бол засаг даргад хэн дуртай нь шурган орж байна. Тэр хүн төрийн албаны ямар ч ойлголтгүй болохоор ажлаа хийж чаддаггүй. Зөвхөн энэ албан тушаалыг өөрт ашигтайгаар эргүүлэн, хувьдаа яаж юм олж долоох вэ гэдэг сонирхол нь давамгайлаад байдаг болжээ хэмээн нэлээд санал зөрөлдөөд авсан. Эцэст нь УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн оруулж ирсэн дээд боловсролтой, төрийн албанд олон жил ажилласан, ёс зүйтэй, авилгын хэрэгт холбогдож байгаагүй, зээл, өргүй хүнийг засаг даргад томилох хэрэгтэй гэсэн санал дэмжигдсэн. Гэхдээ энэхүү саналыг эргэн хараад дараагийн хэлэлцүүлэгт оруулахаар болсон юм.

2006.12.6 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button