Хилийн цэргийн анхны харуул занги-ууд

Тус цолоор Дорноговь аймаг дахь Сулинхээрийн хилийн отряд 0168 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ё.Хадхүү, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн 0146 дугаар ангийн …дугаар заставын …дугаар харуулын дарга, ахлах ахлагч Б.Учралт, Увс аймгийн Баруунтурууны отрядын Тэсийн заставын ахлах дэслэгч Г.Баярхүү нарыг шагнажээ.
Харуул занги цолыг өргөмжлөл, 300 мянган төгрөг дагалджээ. Тус өргөмжлөлд Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар нэр төртэйгээр биелүүлж, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган ажиллаж байгааг чинь үнэлж Монгол Улсын хууль зүйн алба байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан оны тэргүүний хилчингээр шалгаруулж өргөмжлөл Харуул занги цол, цолыг дагалдах малгай хантааз, мөнгөн шагналаар шагнав гэжээ.
Ингээд анхны Харуул занги цолтнуудтай уулзсан юм. Дорноговь аймаг дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ё.Хадхүү

-Таныг энэхүү хүндтэй шагнал авсанд баяр хүргэе. Хил хамгаалах албанд хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Хил хамгаалах байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа. Харин Сулинхээрийн отрядод зургаа дахь жилдээ ажиллаж байна даа. Анх Хил хамгаалалтын тасгийн даргаар томилогдон очсоноос ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга хүртлээ ажилласан. Энэ хугацаанд ангийн хил хамгаалалт, сургалт цэргийн албаны зохион байгуулалт, бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, ар талын хангалтын асуудлыг ерөнхийд нь хариуцаж ажиллаж байна.
Манай ангийн хувьд албаны зохион байгуулалт, цэргийн сахилга бат, бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлага ажлын идэвхээр маш сайн байгаа. Ялангуяа сүүлийн хоёр жилийн тухайд ажлын үр дүн нэлээд сайн гарсан. Үүний нэг нь Хууль зүй дотоод хэргийн яамнаас Харуул занги гэсэн шагналыг шинээр олгодог болж байгаа юм байна. Ингээд энэхүү хүндтэй шагналын гарааг хагалж энэ шагналыг авлаа. Удирдлага, бие бүрэлдэхүүн, анги хамт олон маань болон намайг дэмжиж ажилладаг бүх хүмүүст баярлаж байна.

-Харуул занги цолыг шаталсан шалгаруулалтаар зохион байгуулсан гэж сонссон?

-Ерөнхийдөө гурван үе шаттайгаар шалгаруулсан юм билээ, Үүнд, штабын тэргүүний офицер, заставын тэргүүний офицер, тэргүүний харуулын дарга гэсэн ;номинациар шалгаруулсан гэсэн. Миний хувьд штабын тэргүүний офицер номинацид шалгарсан. Энэ жиликг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар Харуулын даргын жил болгон зарласан. Манай ангийн тухайд 2005, 2006 онд гурван ч харуулын байрыг шинээр барьж өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан. Мөн хоёр айлын орон сууцыг өөрсдийн бололцоог ашиглан барьсан гэх мэтчилэнгээр багагүй ажил хийсэн байгаа.

-Хил дээр зөрчил гарах шалтгаан юу байдаг юм бол. Зарим хүмүүс хугацаат цэргийн албан хаагчдын боловсролтой холбон тайлбарладаг?

-Ер нь бол сахилгын зөрчил гардаг байсан. Харин сүүлийн хоёр жилийн хувьд энэ талын асуудал нэлээд багассан. Энэ нь бол бие хүний сахилга хариуцлага дээшилсэн. Бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шиидвэрлэхэд нэлээд ахицтай арга хэмжээг авсан заставын тэргүүний офицер номинацаар уг шагналыг авсан зэргээс бие бүрэлдэхүүний сахилгын зөрчил багассан гэж хэлж болно. Цэргийн албан хаагчдын боловсролын асуудал хүндрэлтэй байгаа. Хугацаат цэргийн албан хаагчаар ирж байгаа залуус ихэвчлэн бага дунд боловсролтой байдаг. Харин энэ байдал сүүлийн үед арай гайгүй болсон гэж болно байх. Саяын цэрэг татлагаар ирсэн залуус дотор 11 дүгээр анги, дээд сургууль төгссөн, коллежид суралцаж байсан хүүхдүүд ирсэн байсан. Эндээс харахад цэргийн боловсрол харьцангуй сайжирч байгаа гэж хэлж болно байх аа. Харин цэргийн албан хаагчийг цэргийн албанд сургах гэдэг том сургууль байдаг юм шүү дээ.

Увс аймгийн Баруунтурууны отрядын Тэсийн заставын ахлах дэслэгч Г.Баярхүү

– Харуул занги гэсэн хүндтэй шагнал авсанд баяр хүргэе. Энэ шагналыг ямар шалгуураар авав даа?

-Баярлалаа. Миний хувьд заставын тэргүүний офицер номинацаар уг шагналыг авсан.

-Хил хамгаалах байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна?

-1993 онд хугацаат цэргийн алба хаасан. 1997 онд Хилийн цэргийн дээд сургуульд орж 2001 онд төгсөөд ажилласан гэхээр чинь бараг 10 гаруй жилийн амьдрал маань хилийн цэрэгтэй холбоотой болж байна уу даа.

-Танай заставын хувьд бусад хилийн заставуудаас ялгарах онцлог юм юу вэ?

-Хамгийн их хилийн зөрчилтэй, хилчид нь маш их ачаалалтай ажилладаг нь л онцлог юм даа.

-Гарч байгаа зөрчил нь юу байх вэ?

-Хоёр талын малын хулгай, конторбандын буюу хууль бус хилийн наймаа байдаг. Үүнд хилээр хууль бусаар орж ирэн мал, махны наймааг ихээр хийдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Мөн малын хулгай маш их. Дээрээс нь хариулагагүй малыг бэлчээрээс нь хөөж хил давуулахыг завдах малын хулгайчид мундахгүй.

-Гэхдээ сүүлийн үед хил дээрх малын хулгай багасч байна гээд яриад байгаа шүү дээ?

-Тэгж хэлж болох л байх. Гэхдээ манай улсын малын хулгайчид цөөрөөгүй. Харин оросын талаас орж ирдэг малын хулгайчид сүүлийн жилүүдэд эрс багассан.
Ташрамд дурдахад ахлах дэслэгч Г.Баярхүү яриандаа нэг зүйлийг ихэд онцолсон. Энэ нь хилчид бидний ажилд хамгийн ихээр тусалдаг хүмүүс нутгийн иргэд байдаг. Тэдэнгүйгээр бидний ажил урагшаа явахад хэцүү. Тус нутгийн сайхан сэтгэлтэй ард түмэндээ ирж буй шинэ оноо амжилт бүтээл арвинтай угтахыг ерөөж байна гэсэн билээ.

Өнөөдрийн монгол сонин 234 /404/
Х. Ганаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button