Монгол урлагийн тухай

Монгол үндэсний дарханы урлаг түүхэн эртний элбэг баян өв уламжилалтай үндэсний сонгомол төрөл зүйл бөгөөд ялангуяа хэлбэр дүрс, хээ чимэг, өнгө үзэмжээрээ чөлөөтэй наадах ур ухааны цогц болсон юм. Монгол дарханы урлаг нь үндэсний өвөрмөц хэлбэр дүрсийг урлан бүтээхдээ хээ угалзны утга учир, бэлэгдэл, бүтэц, зохиомж, хөгжлийн зүй тогтлыг онцгой анхаарч ирсэн нь нутаг нутгийн ур хийц, донж маяг, эдлэл хэрэглээ нь өөр өөр байдгаараа онцлогтой.

Тухайлбал Дарьганга, Ноён сэврэй хийцүүд аяганд, Батноров, Боржигон хийцүүд эмээлэнд, Далай чойнхорын хийц ган сийлбэр, хэт хутга, толгойн хэрэглэлд илүү тодорсон давтагдашгүй хийц найруулга бүхий сонгомол урлагаараа алдаршсан билээ. Yндэсний хэлбэр гэдэг нь гадна талын харагдах өвөрмөц хэлбэр төдийгүй хэлбэрийн дотоод агуулгын утга санаа нь Монгол ахуй, зан заншил, бэлэгдэл, шашин шүтлэг, түүнчлэн нүүдэлчин ард түмний хэрэглээтэйтэй холбоотойгоор гарч ирсэн хийц, ур ухаан цогцолбор ойлголт юм.

Монголын уламжлалт дарханы урлагийн хөгжилд орчин үеийн техник технологийн дэвшил нэмэгдснээр бизнес талруугаа нилээд эрчимтэй хөгжих боллоо. Тухайлбал 1999 оноос хойш гоёл чимэглэлийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 250 шахам аж ахуйн нэгж байгуулагдснаас өнөөдөр 100 гаруй нь тогтвортой үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаагийн зэрэгцээ бүрэн бус тооцоогоор Монголд 2000 гаруй дархан энэ урлагийг хөгжүүлэхэд хүчин зүтгэж байна.

Дарханы урлагийн материал түүхий эдийн дийлэнх хэсгийг үнэт металл эзэлдэг бөгөөд орчин үед үнэт металл эдлэлийг сорьцын баталгаатай, үйлдвэрлэгчийн барааны тэмдэгтэй болгосон нь хөгжлийн бас нэгэн дэвшил болж байна. Дархан хүнд ухааны ур, нүдний ур, гарын ур гэсэн 3 ур байдаг бөгөөд хамгийн эрхэмлэвэл зохих ур нь ухааны ур юм. Иймээс ч Дархан хүн бурхан ухаантай гэж Монголчууд хүндэтгэн нэрлэсэн нь учиртай.

Байгаль бол сүм хийд бус дарханы газар, хүмүүн нь түүний бүтээлч ажилчин юм гэж мэргэдийн үгэнд буй.
b
МӨНГӨН АЯГА

Монголчууд Хүннүгийн үеэс мөнгөн аяга хэрэглэж байсан түүхэн домог байдаг ажээ. Мөнгө гэдэг химийн элемент аливаа өвчин үүсгэгч вирусыг устгаж, ариутгах чанартай гэдгийг Монголчууд эртнээс мэдэж байсан учраас түүнийг байнга хэрэглэх зорилгоор хамгийн өргөн хэрэглээний зүйл болох аягаа мөнгөлөх болсон нь ойлгомжтой. Аяга нь байнгын хэрэглээний шинж чанараа хадгалахын зэрэгцээ ур хийц нь хөгжиж бүтээлийн шинжийг агуулах болсон төдийгүй Монголд зөвхөн аягыг мөнгөөр чимэглэх талаар Дарьганга, Ноён сэврэй гэсэн орон нутгаараа ялгарсан алдартай хийцүүд төлөвшин тогтжээ.

Дарьганга хийцийн онцлог нь цалин цагаан мөнгөөр хөөх, товойлгох, сүлжих аргаар үндсэн эхийг урлах ба хээ чимэг, хаж хажлага ихтэй тэдгээрийг давтамжит хэмнэлтэйгээр цоолборлон хийдэг төдийгүй хээ чимэг, амьтан ургамалын дүрсийг хөдөлгөөнд оруулан урлах өвөрмөц арга ухааныг бий болгожээ.

Ноён сэврэй хийцийн гол онцлог нь мөнгөн аяганы дотор, ёроол хэсгийгих орцтой мөнгөөр хийх бөгөөд бүдүүн мөнгөн утсаар давхарлан хаж тавьсан, битүү бад хээгээр чимэглэн урласан байдаг.

ЭМЭЭЛ

Морьтон монголчуудын нэг гайхамшиг нь морины эдлэл хэрэглэлийн гоёл чимэглэлийг урлагийн бүтээл болгосон явдал юм. Морины эмээл, хазаар, хударга, ташуур зэргийг мөнгөөр тоноглон чимэглэж цаг хугацаа, ажил төрлийн байдлаас шалтгаалан янз бүрийн хийц загвараар тоноглон хэрэглэж байгаа нь хэрэглээний соёлын өндөр түвшинг харуулж буй хэлбэр юм. Өдөр тутмын ердийн хэрэглээний зүйлээс эхлээд урлагийн бүтээл болсон эмээл, хазаар, хударганы чимгийг мөнгөөр урлахдаа унасан морио их хүч чадалтай эрэмгий байхыг бэлэгдэн эмээл хазаарын товруу, оломны толгойд жигүүртэний дүрсийг хээлэн чимдэг байсан байна. Эмээлийн хийцээр Батноров, Боржигон хийцүүд алдартай.

Батноров хийц цутгах аргаар үндсэн эхийг хийх ба хээний сүлжээний ялгаралыг тод гаргаж, ихэвчлэн эвэр угалзаар даруулж, хээний хоорондын зайг жигд цоолборлон урладаг, ерөнхийдөө орц ихтэй.

Боржигон хийц Зузаан мөнгийг товойлгон хөөж, хээний дэвсгэрийг шигтгэх, суулгах аргаар засаж хайчилдаг, дөрөөний ган төмрийг жийжүүдэх, цувцаадах аргаараа ялгаатай.

БYС

Монголчууд эр хүний сүлд хийморь нь бүсэндээ байдаг гэж үздэг бөгөөд малгай бүсээ ямагт дээш нь залж тавьдаг уламжлалтай төдийгүй нэн эртнээс суран бүсээ мөнгөөр чимэглэж ирсэн түүхтэй. Бүсний тоноглол чимэглэл байнга хөгжиж ирснээс гадна эзнийхээ сүр хүч, хийморь лундааг дээдэлсэн, бэлэгдлийн шинжийг агуулсан чимэглэл давамгайлах болжээ. Тухайлбал нацагдорж, дөрвөн хүчтэн гэсэн чимэглэлүүд эзнийхээ сүр сүлдийг бадраасан, омог бардам, зориг тэвчээр, хүч чадлыг, түмэннасан, өлзий, хээнүүд нь урт удаан наслах, эрүүл энхийг бэлэгдэж байдаг ажээ. Түүнчлэн бүсний агсарга нь хэт хутгаа зүүж явахад зориулагдсан байна.

Мөнгөн мод XI-XII зууны Монгол туургатны нийслэл Хар хорум хотын төвд дөрвөн талдаа арслангаар хамгаалуулан, дөрвөн зүгтээ лууны амнаас тансаг идээ гоожиж байхын бэлэгдэл бүхий, дээрээ бүрээ үлээн зогсож байгаа эмэгтэй хүнтэй 10 гаруй метр өндөр мөнгөн модыг Монголын шилдэг уран дархчууд хүч хөдөлмөр, ур ухаанаа шингээн, алт, мөнгөөр чимэглэн урлан босгожээ. Гэвч түүхий хатуу ширүүн нугачаанд тэрхүү сүрлэг сайхан мод устаж алга болсон ч өнөөгийн Монголын уран дархчууд тэрхүү алдарт бүтээлийг жижгээр боловч сэргэн босгож ард түмний хүртээл болгож байна. Энэхүү үзмэрийг та үзэсгэлэн худалдааны танхимаас харж болоно.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button