Цэргийн булхайг би илрүүлсэн дээ

-Та 1970-аад оны сүүлчээр Дэглэгчид Дэг хэрэгтэй хэмээх эрэн сурвалжилсан нийтлэл бичиж тухайн үедээ шуугиан тарьсан гэж сонссон. Энэ талаар эргэн дурсахгүй юу?
-1978 онд энэ нийтлэл Б.Базаррагчаа, А.Даваасамбуу гэдэг хоёр нэрээр гарсан. Гэтэл Базаррагчаа гуай энэ нийтлэлд огт оролцоогүй. Учир нь, Нам засгийн ажлын хэлтсийн хүн байсан. Тэр үед цэрэг армийн талаар юу ч бичиж болдоггүй байлаа. Намын Их хуралд хүртэл арми социалист эх орны өмнө уүргээ биелүүлж байна гэдэг ганц өгүүлбэр байдаг байсан шүү дээ. Би гурав дөрвөн cap явж материалаа цуглуулсан, материал цуглуулахад маш их төвөгтэй байсан. Цэргийн ангиуд дээр очихоор оруулдаггүй мэдээлэл өгөх хүн байдаггүй. Тэгсэн хэрнээ хүний сайхан хүүхдүүд армид очоод л мэдрэл муутай болоод ирдэг. Тэр ч байтугай алуулдаг. Жишээ нь, Увс аймгийн Түргэн сумын Ембүү гээд Биеийн тамирын багшийн тамирчин хүү алуулсан юм. Ембүү гуай Үнэн сонин дээр ирээд энэ тухайгаа хэлжээ. Тэр үед яагаад ч юм бэ манай сонины эрхлэгч надад энэ сэдвийг оролдоод үз гээд өгсөн. Энэ бол аюултай сэдэв гэдгийг хэлсэн. Ингээд л би цэргийн эмнэлэг дээр очоод мэдрэлийн эмч Сарантуяа, цэргийн шүүхийн дарга Лосол хоёроос мэдээлэл авах гэсэн боловч татгалздаг юм байна. Харин онц хүнд яаралтай мэс заслын тасгийн эрхлэгч дэд хурандаа Бямбаа цэргийн эрхтнүүдийн буруугаас хүн алдаг, зоддог, тахир дутуу болгодогоо нуугаад яахав гээд зузаан хавтастай материал өгсөн. Шүүх эмнэлгийн дараа Анагаах ухааны доктор Тамжидмаа гээд эмэгтэй нэлээд архивийн материал өгсөн..
Энэ бүгдээс гадна гадуур, дотуур дэгэлдэг гэх зүйлийг магадлаад уг нийтлэлээ бичсэн юм. Хэвлэх гэтэл хянах газраас нэг өвгөн уншаад Ах нь тэтгэвэртээ гарах дөхөж байгаа хоолноосоо салмааргүй байна. Би үүнийг зөвшөөрөхгүй гэхдээ яахав би мэдээгүй больё та нар гаргавал гарга гэлээ. Дараа нь утга зохиолын нарийн бичгийн дарга Моломжигжид үзэл суртлын дарга Түмэндэлгэр гуайгаар уншуулсан ч зөвшөөрсөн нэг ч дарга гараагүй. Учир нь цэрэг армийн асуудал бол нэгдүгээр хүний ажлыг шүүмжилсэн мэт болдог байсан. Харин Гэндэнгийн Бямбажал гуай хариуцлагатай нарийн бичгийн дарга байхдаа өөрийнхөө хариуцсан дугаарт Дэглэгчид дэг хэрэгтэй гэдэг нийтлэлийг минь хэвлүүлсэн юм.
Ингээд Л.Түдэв гуай намайг эрт ирээд сууж бай гэлээ. Би ч эрт ирээд сууж байтал Даваасамбуу гэдэг хүнтэй ярья гэдэг юм байна. Би байна гэвэл Батлан хамгаалах яамнаас ярьж байна. Өөрийн чинь гавьяаг хэнд хэлэх вэ? гэж асуулаа, би ч манай даргад л хэл дээ гэлээ. Дараа нь НАХЯ-наас ярьж баяр хүргэлээ. Үдээс хойш эхний захидал ирсэн.
Уг нийтлэлд хэлэлцүүлэг биш байтал 200 гаруй захидал ирсэн бөгөөд Монголын хэвлэлийн түүхэнд нэг нийтлэлд ийм олон захидал ирсэн тохиолдол өдий хүртэл гараагүй. Энэ үеэс л эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлүүд монголын хэвлэлд гарч эхэлсэн Энэ нь нэг талаар Л.Түдэв гэдэг их хүний ухаан юм.
-Өнөөдрийн чөлөөт хэвлэлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-1990-ээд оноос өмнө манайд хэвлэл мэдээллийн талаархи хууль тогтоомж байгаагүй. Харин 90-ээд он гарч улстөрчид, сэтгүүлчид нэлээд хүчин зүтгэл гаргасны үр дүнд хуультай болсон. Энэ нь дэвшил юм. Анхны хууль тодорхой хэмжээгээр цааш цаашдаа сэтгүүл зүй хөгжих таатай нөхцөл бүрдэх боломжийг хангах дээр учир дутагдалтай байна. Ер нь өнөөдөр монголын сэтгүүлчид хамгаалалт муутай эрхзүйн орчин сайн бүрдээгүй байна.
-Өдөр тутмын сонины талаар юу хэлэх вэ?
-Манайх өдөр тутмын долоогоос найман сонинтой болчихлоо. Бусад сонинтой харьцуулахад эдгээр сонинууд илүү нуруутай мэдээллийг уншигчдад өгдөг. Сэтгүүлчдийн хувьд ч чадварлаг болох нь ажиглагддаг.
-Монголын хэвлэл мэдээлэл дөрвөн дэх засаглалын үүргээ хэр гүйцэтгэж байна вэ?
-Хэвлэл мэдээлэл ямар нэг нам хүчин тодорхой эрхтэн дархтнаас хараат байгаа тохиолдолд энэ нь маш маргаантай асуудал юм. Харин харьцангуй бие даасан Өнөөдрийн Монгол, Өнөөдөр, Өдрийн сонин гэх зэрэг сонинууд дөрөв дэх засаглал гэдэг нэр томъёонд нэлээд дөхөж очиж байна. Энэ эрх зүйн орчинтой тодорхой хэмжээгээр холбоотой юм.
-Манайд сэтгүүлч бэлтгэх их дээд сургууль олширчээ. Төгсөгчдийн чанар чансаа хэр байгаа бол?
-Сайн сэтгүүлч гэдэг маань өөрөө төрдөг. Юу вэ гэвэл сэтгүүлч өөрөө ямар чадвартай хэр мэдлэгтэй байх нь тухайн хүнээс хамаарна. Олон сургуульд Сэтгүүл зүйн анги байна. Багш нарын мэргэжлийн түвшин ч харилцан адилгүй байна. Тухайлбал, МУИС, БоИС, ХИС-ийг төгсөгчид харьцангуй өндөр түвшинтэй байгаа нь харагддаг.
-Боловсролын түвшин ямар байна гэж боддог вэ?
-Ер нь муу талдаа. Социалист нийгмийн үед харьцангуй жигд сайн байсан. Өнөөдөр бичиг үсэггүй залуучуудад цэрэгт бичиг үсэг зааж байна. Боловсрол багатай хүн гэдэг маань муу уншигч. Муу уншигчдад ямар мэдээлэл хэрэгтэй вэ гэвэл нийгмийң хар бараан хэрэгт уруу татсан хов жив агуулсан мэдээ л хэрэгтэй. Үүн дээр нь дөрөөлөөд зарим нэг сонин сэтгүүл бизнес хийж байна. Мэдээж сонин сэтгүүл бизнесийн ертөнцөд байдаг объект учраас тийм мэдээлэл тавихгүй бол сонин борлодоггүй тал байдаг байх л даа.
-2008 оны сонгуулийн талаар ямар бодолтой байна вэ?
-Би өөрөө мөрөөдөж байна л даа. Ард түмэн маань их зөв сонголт хийгээсэй. Өөрөөр хэлбэл нам дагасан сонголт бус хуучин сайн гээд бодсон зүйлээ сайжрахгүй байхад нь сайн хэмээх бодол нь толгойноос нь арчигдаж өгдөггүй ийм сонголт хийх юм бол 2004 оноос огт ялгарахгүй. Өнөөдөр AH, MAXH гээд улс төрийн хоёр том нам байгаа. Гаднаас нь харахад сөрөг хүчин мэт боловч гэмт хэрэг эрүүгийн ертөнцөд нэг субьект болох нь ажиглагдаж байна. Энэ бол маш бохир зүйл юм. Эрх мэдэл албан тушаалыг худалдан авч байна. Энэ бүгдийг цэгцлэх зөв сонголт хэрэгтэй. Наанадаж мэдлэг боловеролтой хүчтэй залуусыг нам, нас харгалзахгүйгээр гаргаж ирэх.
-Тэгэхээр улс төрийг эрүүлжүүлэхэд ард түмний сонголт хөдөлгөх хүч болох нээ?
-Яг тийм. Ард тумэн ходоодоороо сонголт хийлээ гээд зарим хүн ярьдаг. Авах сэтгэлгээнээс бус нийгмээ эрүүлжүүлэх сэтгэлгээнээсээ сонголт хийх юм бол сайн улс төрийн бүтэц бий болно. Үүнийгээ дагаад зөв бодлого явагдаж амьдралын тувшин дээшилнэ. Өнөөдрийн атга гурил биш маргаашийн шуудайтай гурил чухал.
Өнөөдрийн монгол 234/ 404/