Ундны усны хангамжийг сайжруулж, хатуулгийг бууруулахад Чех Улс 27,44 сая чех.кроны тусламж үзүүлнэ

Уулзалтанд ноён Элчин сайд одоо хэрэгжиж байгаа, хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөж байгаа төслүүдийг Чех Улсын Засгийн газрын хөгжлийн тусламжид хамруулсан тухай тус улсын Үйлдвэр, худалдааны сайд Мартин Эйрманы батламж бичгийг БХБ-ын сайд Ж.Наранцацралтад гардуулав. Уг батламжид, сумын төвүүдийн ундны усны хангамжийг сайжруулж, хатуулгийг бууруулах төслийг хэрэгжүүлэхэд Чехийн талаас 27,44 сая чех.кроны тусламж үзүүлж, Хөтөлийн Цементийн үйлдвэрийн утааны тоосонцорыг цэвэршүүлэх төслийг хөгжлийн тусламжид хамруулсныг мэдэгдсэн байна.

Мөн түүнчлэн Чехийн Байгаль орчны яамнаас Улаанбаатар хотын шинээр баригдах захын хорооллын ундны цэвэр усны хэмжээг нэмэгдүүлэх төслийг 2007-2008 онд хэрэгжүүлэх, хөрөнгийг тухайн онд шийдвэрлэх болсон тухай Элчин сайд мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан хөгжлийн тусламжийн хүрээнд нийлүүлэгдэх төхөөрөмж, материалыг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх зарчим хэвээр мөрдөгдөнө гэж найдаж байгаагаа Элчин сайд уулзалтын үеэр мэдэгдэв.
Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Чех Улсаас үзүүлж буй хөгжлийн тусламжийн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, манай улсын өмнө тавигдаж буй гол шийдвэрлэх чиглэл, тухайлбал ундны усны хангамж, цементийн үйлдвэрлэлд чиглэгдэж байгаад бид талархаж байдаг.

Ялангуяа хөдөө орон нутаг, сумын төвүүдийн усан хангамжийг сайжруулах, ундны усыг цэвэршүүлж, хүн амын эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд дээрх төсөл тун чухал ач холбогдолтой. Иймд Монголын талаас энэ чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгийг жил жилийн төсөвт тусган, хоёр талын хяналтанд амжилттай хэрэгжүүлэх гол хөшүүрэг болно хэмээн ярив.

Татварын хөнгөлөлтийн хувьд СЯ-тай ярьж шийдвэрлэх хэрэгтэй, 2007 оноос татварын шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй уялдан хуучин мөрдөж ирсэн зарчим өөрчлөгдөж болно хэмээн уулзалтын үеэр БХБ-ын сайд мэдэгдсэн.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button