Монгол оронд ажиглагдсан байгалийн зарим гамшигт ба сонин үзэгдлүүд

* * *
1979 оны 7 дугаар сарын сүүлчээр нэг өдөр Богд уулан дахь Бугын сангийн аж ахуй,(Түргэний голын эх) орчим гэнэт тэнгэр бүрхэж ширүүн мөндөр орсон бөгөөд тэр мөндөр загас, шувуу зэрэг төрөл бүрийн амьтны мэт дүрстэй байснаас гадна дундаа нүхтэй, бөөрөнхий, хавтгай зэрэг янз бүрийн хэлбэртэй, 30-40 граммын жинтэй байжээ.
* * *
1986 оны 4 дүгээр сард Өвөрхангайн Хужирт, Дорнодын Матадад хүчтэй салхи дөнгөж 18-30 минут үргэлжилсэн байхад Дорноговийн Чойр, Баянхонгорын Баянбулаг, Эхийн гол, Шинэжинст, Дорнодын Халхгол, Дашбалбарт 18 цагаас дээш хугацаагаар шороон шуурга шуурснаас Шинэжинстэд 2 удаа 24 цаг, Дашбалбарт нэг удаа 23 цаг, Эхийн голд нэг удаа 22 цаг тасралтгүй шороон шуурга шуурчээ. Энэ үед салхины хамгийн их хурд Халхголд 40м/с хүрчээ.
* * *
1988 оны 5 дугаар сарын эхээр Булган аймгийн Баян – Агт сумын Мойлтын өвөр гэдэг газар салхи ширүүсч, үүл хурснаа гэнэт цахилгаан цахилан тэнгэр дуугарч хүчтэй аянга буужээ. Аянганаас ой мод шатаж түймэр дүрэлзтэл асч байхад төдөлгүй нойтон цас орж унтраасан байна. Нутгийнхан аянгатай бороо үзсэнээс бус аянгатай цас орохыг үзээгүй, дуулаагүй хэмээн ярьжээ.
* * *
1989 оны 12 дугаар сарын 2 – нд Говь – Алтай, Хөвсгөл, Архангай, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн нутгаар +7-оос +11, Ховд, Өвөрхангай, Булган аймгийн нутгаар +11-ээс +18 градус хүрч дулаарсан нь 1936 оноос хойших 50 гаруй жилийн дотор өвлийн максимум температурын аварга амжилт болсон билээ. Энэ үеэр Улаанбаатар хотод +7 градус болсон нь 1955 оны 12 дугаар сард ажиглагдсан үнэмлэхүй температураас 5,7 градусаар дулаан байлаа. Мөн Ховд станцад +14 градус хүрсэн нь 1979 оны 2 дугаар сард хүрсэн дулаанаас 0,8 градусаар илүү байсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button