Монгол орны Загас хамгаалах улсын зөвлөлгөөн-өөс гаргасан зөвлөмж

төр, олон нийтийн байгууллагын ажлын уялдаа холбоог дээшлүүлж, ард иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх сэдвээр хийгдсэн улсын зөвлөлгөөнд оролцогчид биднээс гаргасан дараахь зөвлөмжийг хууль эрхзүйн хувьд баталгаажуулж хэрэгжүүлэхийг төр, захиргаа, олон нийтийн байгууллагууд, ард иргэдэд уриалж байна. Үүнд
1. Ан агнуурын тухай хуулийн зарим заалтанд нэмэлт өөрчлөлт оруулах тухайлбал, Хөвүүрийн загасчлал буюу загас бариад тавих гэдгийг тодотгож, загасыг сэртэнгүй нэг салаа дэгээ хэрэглэн гэмтээлгүй бариад усанд буцааж тавихыг хэлнэ гэдгийг зааж оруулах. Ахуйн зориулалтаар хоёр хүртэл тул загас барьж болохыг өөрчилж, бүрмөсөн хориглох.
2. Загас түрсээ шахдаг агнуурын болон үржлийн ач холбогдол бүхий Шишгэд, Шарга, Тэнгис, Эг-Үүр, Тарвагатай, Идэр, Чулуут, Завханы Улаагчны хар зэрэг газруудыг улсын болон орон нутгийн хамгаалалтад авах
3. Тул, хилим зэрэг ховордож буй загасны амьдрах орчин болсон зарим гол, нуурууд тухайлбал, Дархадын хотгор, Идэр, Чулуут, Эг-үүр, Тарвагатай, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон, Балжийн гол, Хөвсгөл, Хар нуур, Хар ус нуур, Улаагчны хар нуур, Хагын хар нуур, Буйр нуурын сав газарт олгосон ашигт малтмалын хайгуулын лизенцүүдийг эргэн харж шаардлагатай бол хүчингүй болгох.
4. Нийслэл, аймаг, хотуудын хүнсний зах, солонгос, хятад хоолны газрууд, томоохон зоогийн газруудад их хэмжээгээр худалдаалагдаж буй загасны гарал үүслийн тодорхойлолтонд тавих хяналтыг тогтмолжуулж, шийдвэртэй арга хэмжээ авч нийтэд мэдээлж сурталчлах
5. Загасны тор, тэсэрч дэлбэлэх бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр улсын хилээр оруулах, худалдан борлуулахыг хуулиар хориглох
6. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн аялал жуулчлал, загас үржүүлгийн цөөрөм, усан сан, загасчлалын спорт клуб байгуулах санал санаачлагыг төрөөс дэмжиж урамшуулах, төслийн хүрээнд хамруулах, загасны нөөцийг хамгаалах иргэд, хүүхэд багачуудын нөхөрлөл байгуулах олон нийтийн болон иргэний хөдөлгөөнүүдтэй гэрээ байгуулж ажиллах
7. Загас хамгаалах, өсгөж үржүүлэх чиглэлээр сургалт сурталчилгааг өргөжүүлж бүсийн семинар зөвлөлгөөн үзүүлэх сургуулиудыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран явуулж, төр олон нийтийн хамтын ажиллагаа уялдаа холбоог бэхжүүлж , идэвхитэн байгаль хамгаалагчдын эгнээг өргөжүүлэх
8. Гол, ус, булаг шандны ундрагыг хамгаалж, усны нөөцийг нэмэгдүүлэх зохистой ашиглах талаар сургалт семинар зохион байгуулж нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гол мөрнүүдийн сав газрын зөвлөлийг байгуулах ажлыг зохион байгуулж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэх
9. Монгол улсын засгийн газар, БОЯ-наас Загас хөтөлбөр гарган хэрэгжүүлэх
10. Их дээд сургуульд загас судлаач, загас хамгаалагч, загас тур аялалын менежер мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр тусгай ангийг энэ хичээлийн жилээс эхлэн нээх асуудлыг төрийн бодлогоор зохион байгуулах
11. Хилим төсөл хэрэгжүүлэх, санхүүгийн эх үүсвэр бий болгох
12. Орон нутгийн байгаль хамгаалагчдын техник хэрэгсэл харилцаа холбооны багаж төхөөрөмжөөр хангаж, тэдний хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлж, ажиллах нөхцөл боломжийг нь сайжруулж өгөх
13. Үйлдвэрлэлийн зориулалтаар загас агнах, экспортлохыг гурван жил хүртэл хугацаагаар хориглох
14. БОЯ-ны чиглэлээр хэрэгжиж буй олон улсын хөтөлбөр, төслүүдийн үр ашиг өгөөжийг дээшлүүлж, олон нийтэд нээлттэй болгох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button