Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын үйл ажиллагаатай танилцав

Новосибирск хотын ойролцоо Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын шинжлэх ухааны хотхон байрладаг. Энэ хотхонд Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо. Ерөнхийлөгч эхлээд Сибирийн салбарын эрдэмтдийн байгалийн шинжлэлийн ухааны салбарт хийсэн судалгаа, шинжилгээний ололт, цаашид төлөвлөж байгаа ажлыг харуулсан үзэсгэлэнг үзэж сонирхов.
Дараа нь Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын эрдэмтдийн ордонд зочилж эрдэмтэдтэй уулзлаа. Ерөнхийлөгч хэлэхдээ, би Монголын баруун бүсийн иргэд, бизнес эрхлэгчидтэй олонтаа уулзахад тэд бүгд аль нэг талаараа Новосибирсктэй холбоотой ажилладаг нь тодорхой харагддаг юм. Нөгөө талаар шинжлэх ухааны салбарын харилцааны багахан хэсгээс жишээ татахад Монголын Баян-Өлгий аймгийн нутгаас манай эрдэмтдийн хамтран нээсэн мөсний хүн олдвортой өнгөрсөн зун танилцсан. Энэ бүхэн нь монголчууд Новосибирсктэй ямар түвшинд харилцаатайг тодорхой харуулж байна гэлээ.
Аливаа хөгжилд тооноос илүүтэй чанар чухал нь тодорхой. Тэгвэл үүнд шинжлэх ухаан, өндөр технологи голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ салбарт харилцаагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа Ерөнхийлөгч Н.Энхбаяр илэрхийлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын ШУА ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын хамтын ажиллагааны хамтран ажиллах төслүүдийн санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ уулзалтын үеэр ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга А.П.Дерьевянког Алтан гадас одонгоор, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын эрхлэгч В.И.Молодинг Найрамдал медалиар шагнасныг гардуулан өглөө.

/Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button