Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзлаа

Сэтгүүлчид Монгол улс болон Новосибирск мужийн хоорондын харилцаа, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, Новосибирск хотноо зочилсон сэтгэгдэл, үр дүнгийн талаар асуулт тавьж дэлгэрэнгүй хариулт авлаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, манай улс тус мужтай эртнээс уламжлалт, найрсаг харилцаатай явж ирсэн. Өнөөдөр энэхүү харилцааны уламжлал дээрээ тулгуурлан нийгэм, эдийн засгийн аль ч салбар, чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлов. Новосибирск хот ОХУ-ын Сибирийн бүс нутгийн гол төв. Мөн газар зүйн хувьд ч Улаанбаатар Москвагийн дунд хэсэгт оршдог. Новосибирск муж технологи, тоног төхөөрөмж, машин механизмын үйлдвэрлэл өндөр түвшинд хүрсэн нь тодорхой харагдаж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бүрэн бий бөгөөд тодорхой алхамууд хийх хэрэгтэй байгааг Ерөнхийлөгч онцлов.
Инженер, технологийн чиглэлийн мэргэжилтэн Монгол Улсын хөгжилд чухал байгаа, иймээс дээрх салбарын мэргэжилтэн, ажилтнуудыг тус мужид бэлтгэх, давтан сургах талаар хамтран ажиллах сонирхолтой байна гэв.
Новосибирск мужийн Амбан захирагч ноён В.А.Толокинский хоёр талын харилцааны асуудлаарх Ерөнхийлөгч Н.Энхбаярын ярьсан асуудлыг дэмжиж байгаагаа яриад, бид хоорондоо харилцааны асуудлуудаа судлан ярьж тохиролцох хэрэгтэй. Ингэвэл дараагийн шатанд тохиролцсон асуудлуудаа хугацаа алдахгүй баталгаажуулах боломж нээгдэх болно. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Новосибирск мужид хийсэн айлчлалд онцгой ач холбогдол өгч тодорхой асуудлаар санал солилцож ярилцлаа гэлээ.

/Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button